Дундаж тэтгэвэр 342 мянган төгрөг байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нарын санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр (2018.10.08) Төрийн ордонд боллоо.

БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. Энэ хуулийн 11 дүгээр зүйлд эхчүүдийн насны тэтгэвэр тогтоолгох эрхийн тухай заасан байдаг.

Үүнд “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв болон түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заажээ.

Уг хуулийн заалт нь эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь тэтгэвэрт гаргаж, хөдөлмөр хийж олох байсан орлогоо алдсанаас ар гэрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, хүүхэд төрүүлсэн нөхцөлд хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр бага тогтоогдох, нийгмийн баталгаа нь алдагдах зэрэг сөрөг тал их байгааг гишүүд болон хэлэлцүүлэгт оролцсон эхчүүд онцолсон юм.

Энэ оны байдлаар улсын дундаж тэтгэвэр 342.8 мянган төгрөг байна. 1991 онд 32,8 мянган эх насны тэтгэвэрээ тогтоолгосон бөгөөд эдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгааг судалгаагаар тогтоожээ.

Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөл буюу энэ оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь шударга ёсны зарчимд нийцэх тул энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулснаа УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар танилцуулсан юм.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.46) 2018 оны 10 сарын 08

Тэтгэвэрийн хүмүүсийг энэ засгын газар тоож байгаа шинж алга доо. Энэ дээрхи сүржин яриа шал худлаа эр эмээр нь хэлэлцэж хэрэлдүүлж цаг алдах л гэсэн Засгын газрын бас нэг оролдлого. Хэлэх ч юм алга даа ийм хүмүүсийг дахин бүү сонгоосой. Тэр буруу байгаа төрийн тогтолцоогоо л эртхэн хэлэлцэж өөрчлөх юмсан.

0  |  0
Top