Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд Эдуард Муржицкийг хүлээн авч уулзав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын чехийн хэсгийн дарга, тус улсын Үйлдвэр, худалдааны дэд сайд Эдуард Муржицкийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Чех Улсын Үйлдвэр, худалдааны дэд сайд Эдуард Муржицкий хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны түвшинд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо бүрэн байгааг тэмдэглэв. Тэрбээр Монгол-Чехийн бизнес форумд оролцох Чехийн төлөөлөгчдийг ахалж ирсэн бөгөөд уг форум 10 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Бизнес форумд Чехийн бохир ус цэвэршүүлэх, машин тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн жижиг оврын техник, банк, тээвэр, тээвэр зуучлал зэрэг чиглэлийн 10 орчим аж ахуйн нэгжийн 20 гаруй төлөөлөгч оролцохоор ирээд байна.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол-Чехийн бизнес форумыг 2012 оноос жил бүр зохион байгуулж буйд талархал илэрхийлээд хоёр орны бизнес эрхлэгчдийн түншлэлд чухал хувь нэмэр оруулах форумын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top