”Роснефть” компаниас нийлүүлдэг хилийн үнийн хэлбэлзэл ШАТАХУУНЫ ҮНЭД нөлөөлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

Өнгөрсөн амралтын өдөр /2018.10.06-07/ шатахууны үнэ литр тутамдаа 50-250 төгрөгөөр нэмэгдээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2018.10.09/ Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд тус газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр нар оролцлоо. Тэрбээр "Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай. Иймээс дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын "Роснефть" компаниас нийлүүлж байгаа хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж байна. Түүнчлэн ам.долларын ханшийн өсөлт шатахуны үнэд ч нөлөөлж байна" гэх тайлбарыг өглөө.

Түүнчлэн "Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрчээ. Энэ өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компани энэ оны аравдугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмэв. Ингэснээр Аи92 бензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй болжээ. Өөрөөр хэлбэл энэ үнээр манай улсад шатахуун нийлүүлэгдэж буй гэсэн үг. Дээр нь ам.долларын үнийн өсөлтөөс үүдэж, өдөр тутмын хэрэглээ болсон шатахууны үнэ нэмэгдсэн" хэмээн ярилаа.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top