Хятадын ЭСЯ-ны гадна иргэд маргаан үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

 БНХАУ-ын Элчин сайдын яамнаас  виз авахаар дугаарлах иргэдийн цуваа тасрахгүй байна. Тус Элчин сайдын яам долоо хоногийн гурван өдөр буюу даваа, лхагва, баасан гарагуудад виз олгох хүмүүсийнхээ нэрсийг авдаг. Бүртгүүлэхийн тулд иргэд хонож дугаарлах тохиолдол ч гардаг аж.  

Өнөөдөр /2018.10.10/ БНХАУ-ын ЭСЯ-ны баруун хаалганы гадна дугаарласан хүмүүс дунд үл ойлголцол гарч, багахан хэмжээний үймээн болов. 

Элчин сайдын яаманд онлайнаар бүртгүүлсэн гэх хэсэг залуус дугаарласан хүмүүсийн урдуур дайрч, бухимдсан иргэдийн дунд маргаан үүссэн юм. Хүүхдүүдээ өмнөд хөршид суралцуулахаар явуулах эцэг, эхчүүдээс эхлээд олон хүн тэнд байжээ. Зарим нь урд шөнө ирсэн гэдгээ ярилаа.

Иргэн Г.Эрдэнэчимэг “Хятадын Элчин сайдын яаманд онлайнаар бүртгүүлсэн. Ингэж бүртгүүлсэн олон хүн виз нь бүтээд явсан. Гэтэл өнөөдөр цагдаа нар оруулахгүй, бүртгүүлэхгүй гэж иргэдийг бухимдуулж байна" гэсэн бол иргэн Ц.Бат-Очир “Би наймдугаар сарын 15-наас хойш хөөцөлдөж байна. Онлайнаар бүртгүүлээд удлаа. Гэтэл өнөөдөр ирээд уулзах гэхээр оруулахгүй байна. Цагдаа нар сайн зохицуулалт хийж чадахгүй байна” гэлээ.

Дугаарласан иргэдийн хувьд онлайнаар бүртгүүлсэн хүмүүсийг ч дугаарлаж орохыг шаардаж байв. Иргэд үл ойлголцож, цагдаагийн ажилтанд зарга мэдүүлж, нэг рүүгээ савтай ус шидэх зэргээр бухимдаж байлаа. БНХАУ-ын Элчин сайдын яам долоо хоногийн гурван өдөр бүр дунджаар 80-100 хүний визний материалыг хүлээн авч, бүртгэдэг тухай эх сурвалж ярилаа.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top