Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг
Танд баяр хvргэе, таалал тєгсч байгаад чинь
Тамын хорвоогоос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ.
Yхлийн ялгуусан инээмсэглэлийг тосон угтагтун
Yнэндээ уруул нь цэв хvйтэн ч таныг амраана.
Танд баяр хvргэе, нүгэл буянаа шүүлгэж буйд чинь
Тачаал, шуналаас хагацаж, хоосон чанарт алгуурхан
Тааваараа уусан шингэж, огторгуйн биет болон
Таалал тєгсєх гэж буйд чинь баяр хvргэе.
Yзэгдэхгүй, харагдахгүй болж байгаад чинь баяр хүргэе
Yхэл-мєнхийн анд чинь тосон авч буйд баяр хүргэе.
Олон арван жилийн ял-амьдралыг эдэлж дуусаад
Орон гяндангаас гарах шиг биеэ орхисонд баяр хvргэе.
Одоо таныг хэн ч, хэзээ ч хуурахгүй
Одоо та хэнд ч хэзээ ч гомдохгүй
Одоо та хэнийг ч, хэзээ ч хуурахгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч гомдоохгүй
Одоо та хэзээ ч, хаана ч євдєхгүй
Одоо та хэзээ ч, хаана ч євгєрєхгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч євтгєхгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч євгєрvvлэхгүй
Одоо та євдєх биегүй, харах нүдгүй, сонсох чихгүй
Одоо та үнэрлэх хамаргүй, явах хєлгүй, хєдлєх гаргүй
Одоо та хоосон чанарыг олж, хоосныг хэн ч устгахгүй
Одоо та цуурай, зэрэглээ, зүүд, дурсамж болжухуй.
Одоо та сүүлчийн удаа үхэж, эцсийн биеэ гээж байна.
Орчлон дээр олон үхэхээр хэзээ ч, хаана ч тєрєхгүй
Одоо та хэзээ ч, хаана ч шаналах зовлон амсахгүй
Одоо та хэзээ ч, хаана ч шатрын нүүдэлд єртєхгүй
Одоо танд дээл хувцас хэзээ ч, хаана ч хэрэггүй
Одоо танд хоол унд хэзээ ч, хаана ч хэрэггүй
Одоо танд унаа хvлэг хэзээ ч, хаана ч хэрэггүй
Одоо танд эд хогшил хэзээ ч, хаана ч хэрэггүй
Одоо танд аав, ээж чинь үхэхийн зовлонгvй
Одоо танд алдар нэр чинь сэвтэхийн зовлонгүй
Одоо танд амраглах, янаглах, хардахын зовлонгүй
Одоо танд алуулах, хорлогдох, айхын зовлонгүй
Одоо танд мєнгє тєгрєг хэзээ ч, хаана ч хэрэггүй
Одоо танд үхлийг баясгалан тєгєлдєр инээмсэглэн тосч
Орчлонг сүүлчийн удаа харах агшин чинь ирлээ
Танд одоо юу ч хэрэггүй болох цаг яг иржээ
Таавар оньсого мэт үхэлтэй тэврэлдэх мєч ирлээ
Танд одоо баяр хvргэе, үхэл бол ялалт мєн
Танд одоо баяр хvргэе, амьдрал-намгийг туулсанд!
Танд одоо юу ч хэрэггүй болох цаг яг ирлээ
Энэ бол гайхамшиг юм.
Орчлонд заавал нэг юм хэрэгтэй байдаг
Олохын тулд зовдог
Танд одоо хэн ч хэрэггүй болох цаг ирлээ
Энэ бол гайхамшиг юм.
Хорвоод заавал хvн нэг хvнд хэрэг болдог
Холдож чадахгvй дасаад єєрєє зовдог
Одоо та энэ хорвоо дээр хэзээ ч, хаана ч уйлахгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч уйлуулж чадахгүй
Одоо та хаана ч, хэзээ ч, хэнд ч баярлахгүй
Одоо та хуурамч цэнгэлийн зовлонг хэзээ ч эдлэхгүй
Урт замыг туулж уулын орой дээр гарчээ.
Уулзах анд-Yхэл чинь таныг угтан авах гэж хүлээж буй.
Усыг зэрэглээ гэж эндүүрэн гүйсэн бага насаа гээжээ, та
Угтаа амьдрал-зүүднээсээ сэрэх цаг чинь иржээ.
Найранд ирсэн гийчин үдэш оройхон буцахын адил
Нартын цуглаанаас гэрийн зүг-нєгєє ертєнц рүү одогтун!
Мартагдлын хар сүүдэр нємрєн авахаас бүү айгтун!
Манан замхарч, уулс тодрох адил үхлийг тосогтун!
Хэзээ нэгэн цагт бүх юм танд хэрэгтэй байсан бол
Хэн ч, юу ч хэрэггvй болжээ, энэ бол эрх чєлєє!
Хэзээ нэгэн цагт энэ хорвоод хүлээстэй байсан бол
Хэрчин тасалжээ, хүлээсийг чинь. Энэ бол эрх чєлєє!
Хэрэгцээ гэдэг шулам таныг дэлхий дээр торлож
Хэдэн арван жил амьдрахдаа эрхшээлд нь чи явсан.
Хэрэгцээ одоо танд хэзээ ч, хаана ч хэрэггүй
Хэлэх үг, явах зам, хийх ажил чинь дууслаа, баяр хvргэе!
Амьд явах хоногийн чинь тоо дууслаа, найз минь
Амсаж үзэх, унд идээний чинь хэмжээ дууслаа
Амьдралд бvх юм чинь дууслаа, найз минь, баяр хvргэе!
Амьсгалын чинь тоо цєєрч байна найз минь, баяр хvргэе!
Жаран жилийн ємнє та хаана байсан тийшээ одох болно
Жаргал зовлонгоос хагацаж цэвэр хоосонд шилжих боллоо.
Танд баяр хvргэе, таалал тєгсєж буйд чинь
Танд баяр хvргэе, тамын зовлонгоос хагацсанд чинь
Одоо та євлийн хүйтнээс айх аюулгvй болжээ
Одоо та галын халуунаас айх аюулгvй болжээ
Одоо танд орох оронгүйн аюул үгүй болжээ.
Орчлон ертєнц єнєєдрєєс таны гэр болно.
Одоо танд ганцаардлын зовлон хэзээ ч үгүй
Одоо танд үхлийн зовлон хэзээ ч, хаана ч үгүй
Олон тэрбум үхэгсдийн араас одох цаг болжээ, та
Олон тэрбум үхэгсдийн зовлонг гэтлэн туулжээ, та
Танд одоо баяр хvргэе, үхлийн давааны оройд гарсанд чинь
Танд одоо баяр хvргэе, амьдрахуйн далайг гаталж чадсанд чинь
Yлдсэн бүх хүн єєрийн чинь араас тэрбум, тэрбумаараа гэлдэрнэ
Yvрд баяртай, диваажингийн хаалган дээр сүүлд уулзъя
Очирбатын Дашбалбар
1955 онд Сүхбаатар аймгийн Наран суманд төржээ. 1984 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. Түүний уран бүтээлийг үнэлж 1988 онд МЗЭ-ийн шагнал, 1996 онд төрийн шагнал хүртсэн. “Оддын аялгуу”, “Жаахан шарга”, “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бие биеэ хайрла, хүмүүс ээ” зэрэг 10 гаруй ном хэвлүүлжээ. Түүний “Талын хөх чоно”, “Дарьганга аялгуу”, “Тэнгэр шиг бай”, “Янжинлхамыг баясгах дуулал” зэрэг шүлгүүд нь олны дунд тархаж, талархал хүртсэн шилдэг бүтээлүүд юм. Монголын авьяаслаг, гал цогтой, үнэнч шударга үгтэй энэ найрагчийн долоо хоног эхэллээ. Наран ургах дорнын цэнхэр хязгаараас төрсөн эрхэм шүлэгчийн найргийн дээжээс хүртэнэ үү!
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )