Одоогийн Засгийн Газар үнэхээр “сайн” юм аа. Мөнгөөр “бөөлжиж” байна. Авъя гэсэн компаниудад мөнгийг ёстой цацах шиг боллоо. Бонд нэртэй баахан мөнгө урсгаж гарав. Сүүлдээ “Би төлбөрийн чадваргүй шүү” гэж хэлээд байхад нь ч өгөөд л байх юм. Монголын хөрөнгийн бирж хэмээх “чимээгүй хот” байлаа. Ойрноос Лондонгийн хөрөнгийн биржийн ивээлд орж овоо нэг муу дуугарах шинжтэй болж байгаа. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг Лондончууд дэлхийн жишигт хүргэнэ гэж амласан. Ингэхдээ харин энэ үйл ажллагааны зардлыг нь манай тал даахаар болсон. Тэгээд саяхан арилжааны зургаан банкнаас 14,2 сая ам.долларын зээлийг Хөрөнгийн биржд өгөхөөр болжээ. Засгийн газар үүнд баталгаа гаргав. Гурван жилийн хугацаатай баталгаа өгсөн юм байна. Жилийн 6,5 хувийн хүүтэй зээл дээр баталгаа өгчээ. Уг нь ийм зээлийг өгөхгүйгээр улсын төсөвт тодотгол хийхдээ суулгаад өгчихөж болж байж. Сангийн сайд С.Баярцогт нь энэ үүргийг аваад биелүүлээгүй юм гэнэ. Юу хийж хоол хороож суугааг нь бүү мэд. Ерөнхий сайдынхаа үүргийг биелүүлдэггүй Сангийн сайд байгаад байхаар улс орон хөгжих тухай ярих нь утгагүй биз дээ. Тэгтэл Монголын хөрөнгийн биржийнхэн бас тэрхүү 14,2 сая ам.долларын зээлийг нь төлж чадахгүй гэжээ. Аргаа барсан Ерөнхий сайд Сү.Батболд эцэст нь хүчээр шахуу ийм лут том зээлийг олгуулахаар болов. Ёстой гайхалтай. Энэ их мөнгө ингээд усанд хаясан чулуу шиг алга болов оо.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )