ҮСХ: Татварын орлого 5.8 их наяд төгрөг болж өслөө

2018 оны 10 сарын 12

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал энэ  оны эхний 9 сарын байдлаар ямар үзүүлэлтүүдтэй гарсныг өнөөдөр /2018.10.12/ танилцууллаа.

ТӨСӨВ: Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 241.7 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа


Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний 9 сард 6.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 241.7 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Тодотгоход, улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ болон улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн зөрүүгээр тодорхойлдог.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 2 их наяд төгрөгөөр өсөхөд орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 20.7 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.

Татварын нийт орлого 5.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөг буюу 31.8  хувиар өсөхөд:

  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 380.1 тэрбум төгрөг
  • Орлогын албан татвар 328.6 тэрбум төгрөг
  • Нийгмийн даатгалын орлого 213.9 тэрбум төгрөг
  • Онцгой албан татвар 190.4 тэрбум төгрөг
  • Гадаад үйл ажиллагааны орлого 137.4 тэрбум төгрөг
  • Бусад татвар төлбөр хураамжийн орлого 131.1 тэрбум төгрөгөөр голлон өссөн нь нөлөөлжээ.

ГАДААД ХУДАЛДАА:  Нийт бараа эргэлт 9.6 тэрбум ам.доллар


Манай улс энэ оны эхний 9 сард 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.6 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5.3 тэрбум ам.доллар, импорт 4.4 тэрбум ам.долларт хүрлээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны эхний 9 сард 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан бол энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 526.5 сая ам.доллараар буурч, 931.7 сая ам.долларт хүрчээ.

Экспорт оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 699.9 сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 888.6 ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 69.1 сая ам.доллараар өссөн нь нөлөөлжээ.

Импорт өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 238.4 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 90.7 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги, 301 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 233 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 174.1 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

ИНФЛЯЦИ: Өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өсчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ оны эхний 9 сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.1 хувиар буурч, өмнөх оны эцсээс 4.6 хувь, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өссөн байна. Өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны  бүлгийн үнэ,согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ, тээвэр, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ өссөн нь нөлөөлжээ.

Эдийн засаг, нийгмийн бусад үзүүлэлтүүдтэй танилцана уу.


Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top