Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25


Би гунихгүй

Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурхны тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?

 

Хөгшид

Хаврын наранд нуруугаа ээж,
Харваас жаргалыг ханатал эдэлж,
Хөх тэнгэрийн доор ярилцаж суугаа
Хөгшчүүл, үзэж өнгөрүүлсэн хорвоодоо жаргалтай!

Мөнгийг мэднэ, мөнх бус хорвоо үнэгүйг ч мэднэ
Мөс чанарыг худалдаж авч болохгүйг ч мэднэ
Алив юм бүхэн учирч, арилж байдгийг мэднэ
Ариун сэтгэл, тэнгэрт ганцхан нар шиг үлддэгийг мэднэ

Алдар нэрийг мэднэ, агшин зуурын холбоог мэднэ
Алга болсон хойно бүх юм өөрт хамаагүйг мэднэ
Арилж гандсаны төлөө харамсаж гунихгүйг ч мэднэ
Амьдын жаргалыг хорвоод юугаар ч солихгүйг мэднэ

Нэр төрийг мэднэ, нинжин сэтгэлийг мэднэ
Нэгийнхээ төлөө үхэж болох агшныг мэднэ
Хэрэгтэй цагт худал хэлэхийг ч мэднэ
Хэрэггүй цагт дуугүй тэвчихийг ч мэднэ

Аяа, хөгшид амьтны хорвоог үзэж, бүхнийг туулсандаа
Амьд хойчийнхоо төлөө, эгэл биеэ золихыг юуханд ч эс санана.
Гэгээн цэнхэр өдөр тэд, тэнгэрийн доор
Гэрэлт нарны бүлээн илчийг биедээ шингээнэ.

Алив юманд тэгээд халуун илчит сэтгэлээр хандаж
Алга болохын цагтаа наран дулаанаа бидэнд үлдээнэ.
Аяа, хөгшид хүүхэд мэт ариухан, гэнэн тунгалаг бололтой ч
Амьдралыг нүцгэнээр нь харж, хатуу ширүүнээр шүүнэ.

Аж төрөхийн үнэнийг цаг цагт нь тооцно
Амьдын жаргалыг бусдад үйлдсэн сайн үйлээр цэгнэнэ
Өдөр хоногийн эрхин хэлхээг дэмий нэг тоололгүй
Өндөр насны тэнгэрээс дуугүй хайраа зөн совинд шингээнэ!

 

Очирбатын Дашбалбар

1955 онд Сүхбаатар аймгийн Наран суманд төржээ. 1984 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. Түүний уран бүтээлийг үнэлж 1988 онд МЗЭ-ийн шагнал, 1996 онд төрийн шагнал хүртсэн. “Оддын аялгуу”, “Жаахан шарга”, “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бие биеэ хайрла, хүмүүс ээ” зэрэг 10 гаруй ном хэвлүүлжээ. Түүний “Талын хөх чоно”, “Дарьганга аялгуу”, “Тэнгэр шиг бай”, “Янжинлхамыг баясгах дуулал” зэрэг шүлгүүд нь олны дунд тархаж, талархал хүртсэн шилдэг бүтээлүүд юм. Монголын авьяаслаг, гал цогтой, үнэнч шударга үгтэй энэ найрагчийн долоо хоног эхэллээ. Наран ургах дорнын цэнхэр хязгаараас төрсөн эрхэм шүлэгчийн найргийн дээжээс хүртэнэ үү! 

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top