Малын гаралтай бүтээгдэхүүн Азербайжанд импортлох талаар ярилцав

2018 оны 10 сарын 17

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч сарын сүүлээр Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийхдээ Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзаж,  хоёр орны бизнесийн төлөөллийг уулзуулж, эдийн засаг, бизнесийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлахаар зөвшилцсөн. Тэгэв  үүний мөрөөр тус улсын Эдийн засгийн яамны дэд сайдаар ахлуулсан 30 гаруй томоохон ААН, бизнес эрхлэгчдийн төлөөлөл бүхий судалгааны баг манай улсад хоёр өдөр ажиллав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын бизнес форум  ГХЯ-нд болж хоёр талын 40 гаруй компанийн 60 гаруй бизнес эрхлэгч оролцож мэдээлэл солилцсон юм. Энэ  анх удаагийн арга хэмжээг ГХЯ, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгууллаа.

Азербайжан улс нь газрын тосны боловсруулалт болон хивсний үйлдвэрлэлээрээ олон улсад алдартай бөгөөд уламжлалт хэлбэрийг хадгалсан орчин үеийн технологиор хивс үйлдвэрлэхдээ гол түүхий эд болох ноосыг 100 хувь гадаадаас импортлодог байна. Тиймээс энэ чиглэлээр Монголтой хамтран ажиллах сонирхолтой аж. Мөн дарс үйлдвэрлэлээр алдартай Европын орнуудтай өрсөлдөхүйц хэмжээний вино, дарсны бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Үүнийгээ Монгол Улсад экспортлох сонирхлоо илэрхийллээ. Түүнчлэн уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломж буйг уулзалтын үеэр танилцууллаа.

Монгол Улсаас мах болон арьс шир, ноос ноолуур гэх мэт малын гаралтай бүтээгдэхүүнийг Азербайжанд импортлох, Монгол Улсад 300 орчим хүнийг ажлын байраар хангахуйц ноос ноолуур боловсруулах болон хивсний үйлдвэр байгуулахад зориулж хөрөнгө оруулалт хийх, технологийн шийдлийг Азербайжан улсаас авах асуудлыг нухацтай судлахаар болоод байгаа. Хоёр орны хувьд хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарын мэдээлэл багатай гэдгээ харилцан хүлээн зөвшөөрч, худалдаа бизнесийн орчинг судлах нь энэ удаагийн уулзалтын гол зорилго байлаа хэмээн Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг онцоллоо.

Одоогоор манай хоёр орны иргэд хооронд жимс жимсгэнэ, ноос ноолуурын багахан бизнес байдгаас өөрөөр томоохон бизнесийн хамтын ажиллагаа өрнөөгүй байгаа. Бизнес уулзалтын бодит үр дүн ойрын хугацаанд гарч эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа  Азербайжаны тал илэрхийллээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top