Таван жилийн турш хаалгаа барьсан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн энэ жилээс бүрэн хэмжээгээр засвар шинэчлэлээ хийж дуусаагүй ч сар гаруйн өмнөөс хаалгаа нээгээд байгаа. Хүүхдийн парк хөл ихтэй байна. Баяр хаяанд ирсэн болохоор хүүхдүүдээ баярлуулах гэсэн эцэг эхчүүд зургадугаар сарын нэгэнд дугаарлаж зогсохоос төвөгшөөн наана нь амжиж тоглуулах сонирхолтой байгаа нь ойлгомжтой. Тус паркийн талбай дээр “Алсыг харагч”, “Гинжит”, “Галзуу хулгана”, “Дээрэмчний онгоц”, “Завь”, “Сансрын хөлөг”, “Мэлхий үсрэлт” зэрэг үндсэн 13 тоглоом, 50 автомат, ур чадварын 20 гаруй тоглоом ашиглаж байгаа аж. Гадаах талбайн тоглоомын үнэ 4000-5000 төгрөгийн үнэтэй байна. Өглөө 10 цагаас оройн 21 хүртэл ажиллах паркийн үнийн тарифыг сонирхуулъя. Харин баярын өдрүүдэд 10-23 цаг хүртэл ажиллах гэнэ.
Агаарын дугуй- 4000 төгрөг
Мөргөлддөг машин-4000 төгрөг
Морин тойруулга-4000 төгрөг
Галзуу хулгана-4000 төгрөг
Гинжит-4000 төгрөг
Алсыг харагч-4000 төгрөг
Динозавр-4000 төгрөг
Мэлхий үсрэлт-4000 төгрөг
Эргэдэг дельфин-4000 төгрөг
Далайн дээрэмчний онгоц-4000 төгрөг
Саран савлуур-4000 төгрөг
Завь-5000 төгрөг
Сансрын хөлөг-5000 төгрөг
Баярын үеэр үе шаттайгаар хямдруулна гэсэн ч одоогоор яг хэдний өдөр хэдэн хувь хямдрах нь тодорхойгүй байна. Үнэ өндөр байна гэсэн үг бараг амтай болгоноос гарах болов. Хүүхдүүд л болсон хойно амттан, хоол, ундаа, мөхөөлдөс гээд л харсан бүхнээ авахыг хүснэ. Дунджаар нэг айл хоёр хүүхэдтэй гэж бодоход гол гол тоглоомууд дээр тоглоод, хөнгөн хооллоод гарахад хоёр цаг орчим болоход л хангалттай. Гэхдээ хоёрхон цагийн дотор 2 хүүхэд эрхлүүлэхэд 100 мянган төгрөг наад зах нь хэрэгтэй аж. Хоёроос олон хүүхэдтэй бол бүтэн сарын цалингаа нэг өдөр зарцуулах бололтой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400 төгрөг байгаа өнөөгийн нийгэмд ганц өдөр сарын цалингаа хүүхэддээ зарцуулах чадалтай хүн хэд байгаа юм бэ? 2-хон минут тоглоход 5000 төгрөг арай дэндүү биш гэж үү. Хүүхдийн тоглоом үнэтэй байна ш дээ дарга нар аа!
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )