ЦУВРАЛ I: Гаднаас хамааралтай “ГАЗРЫН ТОС”-ны ирээдүй...

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Роснефть орж ирнэ. С.Баярын Засгийн газрын үеэс сураг нь яриа “дүрмийн дагуу” энэ удаад ч дахин дэгдлээ. Шатахууны үнэ нэмэгдэх бүрт энэ мэдээлэл гарч байсан гэдгийг сануулах нь илүүц биз. ОХУ-ын талаас Монгол Улсын Засгийн газартай хөнгөлөлттэй нөхцөлөөр газрын тосны бүтээгдэхүүн импортлох талаар хэлэлцээ хийж буй. Манай улсын хувьд ОХУ-ын Засгийн газарт газрын тосны бүтээгдэхүүний татварыг тэглэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр авах тухай хэлэлцэж хамгийн сүүлд одоогоос гурван жилийн өмнө худалдан авах үнээ буулгажээ.

Ирэх сард шатахууны үнэ дахин савлах анхааруулгыг салбарын сайд өгөөд буй. Гадаад зах зээл тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгч Иранд хориг тавих шийдвэр гаргасны дараа шатахууны үнэ нэмэгдэх нь гарцаагүй болоод байна. Энэ байдлыг харгалзан яамны зүгээс шаардлагатай арга хэмжээг авах болсноо дуулгасан юм.

“АНУ Иран улсад хоёр дахь шатны хориг арга хэмжээ авна. Тэгэхээр газрын тосны үнэ савлах төлөвтэй байгаа. Бодлогын төвшинд хийх арга замаа боловсруулахаар бид ажиллаж байна” УУХҮЯ-ын Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат ярьсан юм.

Засгийн газар 2027 он хүртэл Төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлогыг батлаад дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. Монгол Улс энэ хугацаанд газрын тосны салбарт ажиллах гадаадын боловсон хүчний тоог бууруулж, ажилчдын чадварыг сайжруулах талаар тусгасан байна. Хамгийн гол нь гадагш чиглэсэн хөрөнгийн урсгалыг багасган, хөрөнгө оруулалтыг нэмж, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн тоог нэмэгдүүлэхээр заажээ.

Монгол Улсад газрын тосны хайгуулын 275 талбайд 21 компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Хайгуулын гурван талбайд 333 сая тонн баталгаат нөөц байгаа нь газрын тосны нөөцөөрөө дэлхийд 33 дугаарт бичигдэж байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тайланд дурджээ.

Өмнөх нийгмийн үед ч ардчиллын энэ эринд ч бид ОХУ-аас шатахуун импортолж байгаа. Шатахууныхаа 90 гаруй хувийг ОХУ тэр дундаа Роснефть компаниас нийлүүлж буй. Тиймээс шатахууны үнийн хэлбэлзэлд амархан өртөж, чухамдаа их гүрнүүдийн тоглоомын дүрмээр бид энэ салбарт “тоглож” ирсэн. Цаашдаа ч тоглоно. 2011 онд ОХУ-ын дотоодын зах зээлд газрын тосны хямрал болоход Монголд хүнд тусан өөр бусад есөн компаниас шатахуунаа нийлүүлж байсныг уншигч та санах биз. Мэдээж албан ёсоор гэрээ байгуулсан компани биш учраас нийлүүлэх нэгж үнэ өндөр, үүнийгээ дагаад шатахууны үнэд өөрчлөлт орж байв. Бүтээгч, үйлдвэрлэгч улс биш учраас гадна зах зээлд нэг чулуу хөдлөхөд л энд шатахууны үнэ өссөөр ирсэн. Цаашдаа ч өснө.

-РОСНЕФТЬ-ТЭЙ ХАМТАРЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ УУ-

Роснефть компани 2000 он гарснаас хойш Монгол Улсад жижиглэн худалдааны цэг байгуулж, 200 гаруй ШТС байгуулах талаар цухуйлгаж байлаа. Төрийн тэргүүн нарын уулзалт, гурван улсын уулзалтын үеэр ч энэ асуудлаа илэрхийлж ирсэн.  2008 оны эхээр Роснефть компани 100 колонк барих санал дэвшүүлж, С.Баярын Засгийн газарт санал хүргүүлж байсан удаатай. Монгол Улс холбогдох бусад хууль тогтоомжоороо энэ саналаас байнга татгалзсаар ирсэн билээ. Хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сард боловсруулах үйлдвэр байгуулах тухай саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ирэх жилүүдэд ОХУ-тай хамтран боловсруулах үйлдвэрийн салбарт хамтран ажиллах бодлого баримталж буй аж.

“Бидэнд энэ салбарт ОХУ-тай хамтран ажиллах нээлттэй гэж би хувьдаа харж байгаа. Алсдаа бид нефтийн үнийг бууруулахын төлөө энэ ажлыг явуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярьжээ.

Чухам үүнээс л шалтгаалан Монгол-ЗХУ-ын мэргэжилтнүүд 1949 онд Дорноговь аймгийн Зүүнбаян суманд газрын тосны хайгуулын ажлын хаалтыг хийж шаваа тавьж, 1951 онд нээгдсэн 20 хүрэхгүй жилийн дараа хаагдаж байлаа. Тухайн үед ЗХУ  Ангарск, Сибирь орчимд илэрсэн томоохон ордуудаас шалтгаалан 120-250 мянган тонн хэрэглээтэй байсан Монгол Улсын хэрэглээг хөнгөлөлттэй үнээр хангах шахалт тавьснаар хаагдаж байсан удаатай. Үүнээс хойш гурван ч удаа санал тавихад ЗХУ татгалзаж ардчилсан нийгэмтэй золгов.

Шинэ нийгэмд шилжсэний дараа газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зургаан удаагийн шийдвэр, хоёр удаагийн тогтоолын дараа Дорноговь аймгийн Алтанширээ суманд боловсруулах үйлдвэрийг барьж эхэллээ. Дэд бүтцийн ажил нь 45 хувьтай байгаа энэ ажил 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаж дуусна гэсэн хүлээлттэй байна.

Эцэст нь, “Манайх нефтийн үйлдвэртэй болчихвол гаднын хамаарал багасна л даа. Валютын мөнгөн урсгал дотооддоо шингэнэ, бодлогын зохицуулалт хийдэг болно” гэж хэлсэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Багмидын хэлснийг сануулъя...

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen (202.179.26.73) 2018 оны 10 сарын 20

Manaihan ehelsen ajlaa duusgah heregtei. Neft deer orost itgej hereggui.

0  |  0
zochin(150.129.141.119) 2018 оны 10 сарын 18

orj irj magadgui baih

0  |  0
Top