Болгарын Ванга гэдэг хараагүй эмгэний тухай дэлхий даяар их бичжээ. Ванга хүний өнгөрсөн ба ирээдүйг урьдчилан мэдэж хэлдэг гэлцдэг. Энэ нь ч ортой байсан, баримтаар нотлогдсон зүйл ч бий. Тэгэхээр дэлхийн 2-р дайн гарах гэж байна гэдгийг урьдчилан онож хэлсэн. Мөн АНУ-д нэг эмэгтэй ерөнхийлөгч Джон Кеннеди алагдах гэж байгааг урьдчилан хэлсэн нь бас л таарсан гэдэг. Дээрхээс гадна үздэг хардаг, мэдэрдэг хүмүүсийн талаар яриа зөндөө байдаг шүү дээ. Арьсаараа юм ялгаж таньж "хардаг" Таня Быковская, байшингийн хана, төмөр шүүгээ нэвт хардаг Нина Петрова, гар хуруугаа бага зэрэг ойртуулж бариад цүнхэнд далд байгаа юмсыг тоочдог Унгарын Густаф Арван, газрын доорх баялгийг олж "хардаг" Африк бяцхан охин Кози зэрэг хүмүүсийн тухай өнгөрсөн зууны сүүл хавиас бишгүй бичсэнийг санаж байна. АНУ-ын Ч.Хэнзел, Оросын Л.Васильев зэрэг эрдэмтэд хүний мэдрэхүй, сэтгэл бодлын ер бусын чадвар, нууцыг нэлээд судалжээ. Туршилт, судалгааны лабораториуд ч бий. Энэхүү далдыг мэдрэхүйг дөрвөн том бүлэг болгодог юм байна.
1. Мэдрэх эрхтний оролцоогүйгээр юмс үзэгдлийг мэдэх, харах чадвар. Тэмтэрч үзээд өнгө ялгах, юмыг хол, ойроос харах, хана туурга, авдар савыг нэвт харах
2. Бусдын бодол санааг мэдрэх эрхтэнгүйгээр хүлээж авах. Үүнийг совин татах, тархины радио гэдэг аж. Телепатия ч гэдэг.
3. Бодол санааны хүчээр механик үйлдэл, хөдөлгөөн хийх, эд юмсыг байрнаас нь хөдөлгөх, хувиргах.
4. Бусдын ирээдүйд болох үйл явдлыг урьдчилан мэдэх буюу одоо нэгэнт болоогүй юмыг тааж мэдэх, эдгээр болой. Ийм янз бүрийн чадвартангууд дэлхийд тийм цөөн биш гэдгийг хэвлэл мэдээллээр бишгүйдээ цацагдсаар. Бусдын өвчин эмгэгийг тун зөв оношилдог, бас хүний гэдэс дотрыг нэвт хардаг Юлья Боробьева авгайн тухай ойрмогхон бичсэн билээ. "Шинжлэх ухаан амьдрал" сэтгүүлийн 1967 оны нэг дугаарт "Икс тархитай хүн" гэсэн мэдээ нийтлэгдэж билээ. Голландын иргэн Жергар Круазе гэртээ сууж байгаад 110 км хүртэлх хол зайд байгаа юмыг хардаг тухай түүнд бичжээ. Өнгөрсөн зууны 40-50-иад оны үед Хэнтий аймгийн Ламаадан хүүгийн тухай яриа их дэлгэрсэн. Түүнийг бараг хувилгаан гэлцсэн. Радио хүлээн авагч, телевизор нь шууд холбоо барих утасгүй атал авиа, долгион, юмны дүрсийг тэр хэвээр нь үнэн зөв хүлээн авдгийг хүмүүс мэддэг болжээ. Үүний гол багаж нь цахилгаан ба соронзон долгион, олон тооны лампа гэдэг. Хүний уураг тархи нь олон сая "ламптай" юм. Тэр нь мэдрэлийн эсүүд /нейрон/,15-16 тэрбум ширхэг бий. Иймээс ч алсыг харах ба сонсох хүч чадал хүний уураг тархинд байна гэсэн онгоц байгаа юмаа. Галт уул дэлбэрэх, үер болох, газар хөдлөх зэрэг үзэгдлийг мал адгуус, ан амьтан, өт хорхой урьдчилан мэддэг нь эртнээс нотлогдсон зүйл. МЭӨ 328 онд Грекэд газар хөдлөхийн өмнө алтан хараацай, сохор номин үүрнээсээ зайлчихсан байжээ. 1805 онд Италийн нэг дүүрэгт газар хөдлөхийг мэдсэн нэг нохой унтаж байсан эзнээ сэрээгээд хувцаснаас нь татсаар өөр газар аваачиж амийг нь аварсан гэдэг. Монголд ийм явдал гарсан уу гэвэл гарчээ. Жишээ авъя. 1966 оны нэгдүгээр сард Булган аймгийн Могод суманд газар хөдлөхийг сумын төвд байсан жингэр мэдэж гөлгөө өөр өндөрлөг газар зөөж, ууланд байсан хоёр бух нам доор газар ирж хэвтсэн удаатай. Хүн төрөлхтөнд үл мэдэгддэг инфра авиаг адгуус амьтад амархан мэдэрдэг. Ультра авиаг шавьж сайн мэдэрдэг нь нотлогджээ. Ийм мэдрэмж зарим хүнд байж болох юм. Бидний ярианы гол учир үүнд байх бололтой. Байгалиас заяасан илүү мэдрэмжийн нууц учрыг бүрэн тайлахад шинжлэх ухааны хүчийг чиглүүлэх нь зүйтэй юм. Мэрэгч төлөгч гэх үү, үзмэр ч гэх үү худал хуурмаг хүмүүс мэр сэр гарч ирж үймүүлэн, элдэв башир аргаар аяглан олз омгийн төлөө, нэр алдрын төлөө элдвийг хийж байгааг бид гадарладаг болжээ. Дашцэрэнгийн "үзмэр", Өнөрмаагийн "гал" гэх зэрэг өрөөлийг төөрөлдүүлсэн "хачин" явдал мэр сэр гарсныг мартаж болохгүй. Марз уулын онгоцны сүйрлийг хэн ч онож буудаагүй шүү дээ. Ер бишийн мэдрэхүйтэй хүмүүс байдгийг үгүйсгэж болохгүй нь мэдээж. Тэд эхэндээ өөртөө үл итгэдэг, гайхдаг, бас шаналж зовдог байна. Энэ ч бас л нэгэн нууц юм даа.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )