БОАЖЯ: Уул уурхайн Засгийн газар хоорондын форумд оролцлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Энэ сарын 16-19-нд Швейцарийн Женев хотноо болсон Уул уурхайн Засгийн газар хоорондын форумын 14 дэх удаагийн уулзалтанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа оролцлоо. Тус хуралд 75 орны 500 орчим төлөөлөгч оролцогч салбарт тулгарч буй бэрхшээл, уул уурхайн бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, дэвшилтэт технологи, байгаль хамгаалал, хүний эрхийн зөрчлийн нөхцөл байдал зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Түүнчлэн энэ өдрүүдэд “Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төслийн 2018 оны тайлан, төлөвлөлтийн хурал Женев хотноо болсон байна. Тус төслийг Шведийн Байгаль орчны агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн тайлангийн хурлын үеэр Монгол, Мозамбик, Кени, Колумб зэрэг тус төсөлд хамаарагдаж буй орнуудын байгаль орчны засаглалд тулгамдсан асуудлууд, хэрхэн шийдвэрлэж буй арга туршлагууд, олон нийтийн оролцоотой хяналтын туршлагын талаар ярилцлаа. Олон нийтийн хяналт нь байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн түвшинд зөрчил, үл ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэхээс гадна талуудын хооронд итгэлцэл, харилцан ойлголцол бий болгодог байна. Мөн хүний эрх, жендэр, уур амьсгалын өөрчлөлт, хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэл зэрэг асуудлыг уул уурхайн салбарын засаглалд нэгтгэн авч үзэх талаар үр дүнтэй хэлэлцүүлэг зохион байгуулагджээ. Төслийн хурлын төгсгөлд 2019-2024 онд төслийн үйл ажиллагааг өргөжүүлж, тодорхой үр дүнд хүргэх хэрэгцээ шаардлага байгаа талаар хэлэлцсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top