Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы нээлтэд оролцлоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас хоёр жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган энэ жил 10 дахь удаагаа Швейцарын холбооны улсын Женев хотноо өчигдөр албан ёсоор эхлэв.

Энэ удаагийн чуулганд төр, засгийн тэргүүнүүд, сайдууд, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид, тэр дундаа гүйцэтгэх захирлууд, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Энэхүү чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, зарим улсын төр засгийн тэргүүний илтгэлийг сонсож, ярилцав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны Ядуурлыг тогтвортой бууруулах хөрөнгө оруулалтыг дэмжих шагналыг “Лесото” үндэсний хөрөнгө оруулалтын агентлагт гардуулж, чуулганы төлөөлөгчид дурсгалын зураг татуулснаар нээлтийн ёслол өндөрлөлөө.


Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы улс орнуудыг сурталчилах павильонуудаар явж, Монголыг сурталчилж буй павильонын урд саатан албаны хүмүүстэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы хуралдаанд оролцож, үг хэлнэ.

Эх сурвалж: President.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top