Сонгуулийн будлианаас болж дахиад хүний амь үрэгдэх үү

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Сонгуулийн шинэ хуулийн тухай яриа хурдан морьдоо сонжин хүүрнэлдэж суудаг монголчуудын наадмын өмнөх өдрүүдийг санагдуулах ажээ. Заримдаа ч дайн байлдаантай киноны хэсгүүд  нүдний өмнүүр жирэлзэнэ. Ер нь ихээхэн сонирхол татсан сэдэв болоод байна. 2008 оны долдугаар сарын 1 дахиад давтагдах уу хэмээн асуух хүн бас тааралдана.  Сонгуулийн тухай хууль урьдын адил айдас, хардлага дагуулаад байх шиг ээ. Саяхан энэ талаар Монголдоо тэргүүлэх хэмжээнд мэргэшиж яваа “Сонгогчдын боловсрол төв”-ийн тэргүүн Р.Бурмаа “Зууны мэдээ” сонинд маш таагүй зүйл ярьжээ. УИХ дээр одоогийн хэлэлцэж эхлээд байгаа сонгуулийн тухай хуулийн төслийг тэр дахиад л сонгогчдыг луйвардах хэрэгсэл болох нь гэж байна. Хоёр ажлын хэсгээс нэгтгэсэн сонгуулийн хуулийн төсөлд нөгөө будлиан хийдэг бүх зүйл нь хэвээрээ байгаа юм байна. Сонгогчдын нэрсийн жагсаалт хийхдээ хүмүүсийг хасч нэмдэг байдал хэвээрээ үргэлжлэх бололтой. Мөн будлиан гаргасан тохиолдолд асуудлыг  шүүхээр авч хэлэлцэх боломжгүй байгаа гэнэ. Өнгөрсөн сонгуулиуд ийм л замаар явж иржээ. Сүүлийн 20-иод жилд сонгууль будлиантуулсан хүмүүсээс ганцхан хүн захиргааны хариуцлага хүлээснээс өөр хэн ч, ямар ч хариуцлага хүлээгээгүй юм байна. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга асан Б.Баттулгын сонгууль будлиантуулсан нь Дээд шүүх дээр  нэгэнт нотлогдсон боловч зөв зүгээр өнгөрөөжээ. Түүгээр зогсохгүй түүнийг Эрдэнэт үйлдвэрт цалин өндөртэй ажилд томилон урамшуулсан байв. Энэ удаагийн шинэчилсэн хууль нь ч  иймэрхүү цоорхойтой болох шинжтэй ажээ. Тиймээс Р.Бурмаа “Ийм хуулиар сонгуульд орох  юм бол ирэх сонгууль 7 дугаар сарын 1-ний хэргээс  долоон дор юм болно” гэв. Магадгүй шүү. Бухимдсан иргэд дахиад нэг байшин шатааж, хэдэн хүн амиа алдах ч юм билүү. Түүний хэлсэн энэ үг нэг удаа эрх баригчдыг айлгаад өнгөрөх гэсэн хэрэг биш болов уу.   

Сэтгүүлч Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top