ТОЙМ: Эдийн засгийн таатай үеийн ТӨГСГӨЛ ирж буйг санууллаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

Дэлхийн худалдааны байдал хурцдаж буй өнөө үед Азийн эдийн засгийн өсөлтийн талаар олон улсын эдийн засагчид сэтгэл түгшээсэн прогноз гаргаж байна. 

Леман шок гэх тодотголтой хямралын дараах 10 жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг сэргэж, оргилдоо хүрсэн хэдий ч дэлхийн худалдаанд үүссэн хурцадмал байдал, улам бүр хумигдаж буй санхүүгийн боломжууд, улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь дэлхийн эдийн засгийг шинэ хямрал руу түлхэж байна гэж Парист төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/ анхаарууллаа.

Эгнээндээ 36 улсыг нэгтгэсэн тус байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлт энэ жил болон ирэх жилд 3.7 хувьтай гарна гэж тооцоолж байна. Үүнийг худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, цалин бараг нэмэгдээгүйн дээр ажилгүйдлийн түвшин өсч буйтай холбон тайлбарлажээ.

Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ энэ жил 2.9 хувьтай байх бол ирэх жил 2.7 хувь болж буурах төлөвтэй байна. Европын ДНБ энэ жил хоёр хувьтай гарах бол ирэх жил дөнгөж 1.9 хувьтай байх гэнэ. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын хувьд мөн адил дүр зураг гарчээ. Тус улсын ДНБ ирэх жил 6.4 хувь хүртэл буурч, санхүүжилт, дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалт мөн буурна гэжээ. Япон, Өмнөд Солонгост эдийн засгийн ижил төлөв байдал ажиглагдах бол Австралид эсрэгээрээ хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдсэнээр тус улсын ДНБ өсч, 5.3 хувьд хүрэх прогноз гарчээ.

Хэдийгээр эдийн засаг буурч, өсөх нь хэвийн үзэгдэл ч худалдааны хурцадмал байдал ажлын байр, амьдралын түвшинд сөрөг нөлөөтэй бөгөөд ялангуяа бага орлоготой иргэдэд хүндээр тусах аж.

Худалдааны эргэлт багасч, төлөв байдал улам бүр тодорхойгүй болсоор байна. Тиймээс улс орнууд эдийн засгийн протекционист бодлогоос татгалзаж, олон улсын худалдааны системийг бэхжүүлэх, энэ чиглэлийн олон улсын яриа хэлэлцээг идэвхжүүлж, бизнест хөрөнгө оруулах итгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж ЭЗХАХБ сануулж байна.

Санхүүгийн боломж хумигдаж буй нь Турк, Аргентин зэрэг хөгжиж буй эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлж байгаа тул тогтвортой, хатуу бодлого шаардлагатай байгаа аж. Түүнчлэн, тус байгууллага бодлого боловсруулагчдыг илүү уян хатан алхам хийж, бүтээмж, оролцоог нэмэгдүүлэхийг уриалжээ. Ялангуяа, санхүүгийн зах зээл дээр үүссэн дарамтын гол шалтгааныг арилгах, урт хугацааны өсөлтийг дэмжихэд бодлогоо чиглүүлэх нь чухал. 2007-2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас гарах үйл явц удааширсан хэдий ч бодлогын дэмжлэгтэйгээр даван туулж, өсөлтөд хүрч чадсан юм.


Европын бүс, Япон, Хойд Америкт удаан хугацааны туршид явуулсан мөнгөний зөөлөн бодлого санхүүгийн эмзэг байдалд хүргэж, төрийн болон хувийн секторын өрийн хэмжээг нэмэгдүүлсэн. Хэдийгээр банкны системд шинэчлэл хийж, бэхжүүлсэн ч эрсдэл нь зохицуулалт султай банк бус санхүүгийн байгууллагууд руу шилжсэн.

Их хэмжээний гадаад худалдааны алдагдал, өндөр ханштай валютаар илэрхийлэгдэх зээлтэй хөгжиж буй эдийн засгууд хямралд илүү өртдөг бөгөөд хөгжингүй орнууд, эсрэгээрээ эдгээр зах зээлээс их хэмжээний хөрөнгийн урсгалыг татах замаар мөнгөний бодлогоо тогтворжуулдаг. Ази тивийн хувьд төлбөрийн балансын алдагдал ихтэй Энэтхэг, Индонез, Филиппин улсуудад илүү эрсдэл нүүрлэх бол их хэмжээний зээл олгосон Хятад, Өмнөд Солонгос, Тайван, Хонгконг, Сингапур мөн адил эрсдэлд орж байгаа юм.

Азид Леманы шок дахин давтагдах уу?

Өндөр эрсдэлтэй зээл олголт багасч, банк хөрөнгийн зузаатгал хийж, инфляцийн түвшин буурч байгаа нь хямрал дахин давтагдах эрсдлийг харьцангуй бууруулжээ. Гэсэн хэдий ч өрийн хэмжээг өсөх, бүтээмж буурах, болзошгүй хямралд хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн бус бодлого боловсруулагчдын чадвар зэрэг нь шинэ эрсдэлийг бий болгож байна. Дэлхийн санхүүгийн бус өр дэлхийн ДНБ-ийн 235 хувьд хүрсэн бөгөөд нийт өрийн гуравны хоёр нь зөвхөн Хятад улсад ногдож байна.

Бүтээмж буурсан нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж, цалин болон ашиг буурахад хүргэх бөгөөд энэ нь мөн л өрийн дарамтыг нэмэгдүүлэхээр байна. Бүтээмж буурснаас үүдэлтэй бодит хүүгийн уналт дараагийн хямралын эхлэл болж болзошгүй гэж шинжээчид анхаарууллаа.

Хөгжингүй эдийн засаг дахь төв банкны хүүгийн хэмжээ доогуур байгаа нь дахин хямрал болсон тохиолдолд бодлого боловсруулагчдад бодлогоо зөөлрүүлэх, мөнгөний нийлүүлэлт хийх боломжийг улам бүр хумигдуулна. Улсын өрийн хэмжээ их байгаа нь байдлыг  улам хүндрүүлж, дэлхийн хэмжээний хямрал эсвэл ноцтой эдийн засгийн уналт бий болсон тохиолдолд хөгжингүй орнуудын бодлого боловсруулагчдыг барьц алдуулна. АНУ-ын эдийн засаг ирэх жилээс эхлэн буурч эхлэхээр байгаа тул бодлого боловсруулагчдыг удаан хүлээлгэлгүй сорихоор байна.

Азийн санхүүгийн зах зээлд хэдийнэ мэдрэгдэж буй АНУ-ын өндөр хэмжээний хүү, Америк-Хятадын хооронд хурцдаж буй худалдааны дайн тэртээ тэргүй суларч буй дэлхийн, ялангуяа Азийн эдийн засгийг доош нь татах аюул учруулаад байна. Ялангуяа, эдийн засгийн хувьд идэвхтэй бүс нутагт аюулын дохио улам бүр хүчтэй "хангинаж" эхэллээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жочин(103.10.21.105) 2018 оны 10 сарын 24

Үүнийг мэдэрч жаахан зах хязгаартай төсөв батлах байтал МАНгарууд далайн ус шиг том төсөв төлөвлөөд тэрэндээ живэх вий дээ

0  |  0
Top