ТӨСӨВ 2019: Урлаг соёл, өв дурсгалаа мартсан УЛС

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

Аливаа үндэстний дархлаа, оршин байхын утга учир нь хэл соёл, түүх дурсгал, утга зохиол гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Түүнээс өндөр гоё барилга, өргөн сайхан хөгжил огт биш юм. Дэлхий дээр өв соёл, эх хэлээ устгаад мөхсөн улс цөөнгүй байгааг судлаачид тогтоосон нь бий.

Тодотговол, XVI дугаар зууны үед дэлхий дээр 14000 орчим хэл байсан бөгөөд сүүлийн 400 жилд 7000 орчим хэл мөхөж алга болсон судалгааг эрдэмтэд дэлгэн тавьжээ. Үүний ард талд том жижиг 7000 орчим үндэстэн байна гэсэн үг. Энэ нь дэлхий нийтэд даяаршлын давалгаа хүчтэй шуурч байгааг илтгэсэн хэрэг.

Хамгийн ойрын жишээ татахад анх Өмнөд Манжуураас мандаж, 1644-1661 онд Бүх хятад орныг эзлэн, 1636-1757 онд хүчирхэг мандсан Монгол Улсыг байлдан дагуулж байсан манж гүрний хэл соёлыг устгасан учраас тэд мөхсөн гэж үздэг.

Энэ бүгдийг яагаад дурдаад байна вэ гэвэл гуравхан сая хүн амтай аугаа их түүхтэй Монгол Улсын төр хэл соёл, түүх дурсгал, утга зохиолдоо зарцуулах хөрөнгө, хандуулах анхаарлаа жилээс жилд хумисаар ирсэнд хамаг учир бий. Яг энэ мөчид айсуй 2019 оны төсвийг хэлэлцэж байна. Сонгуулийн өмнөх жилийн төсөвт хэрэгтэй хэрэггүй байшин барилга, хурган дарга нарын морилох учиртай контор зэрэг зураг төсөлгүй объектуудын нэрс хэдэн зуугаараа бий. Тодотговол, 500 барилга байгууламжаас 375 нь зураг төсөлгүй орж ирснийг албаны хүмүүс мэдээлсэн. Гэтэл 2019 оны төсөвт мэргэжлийн урлагийн байгууллагуудыг хөгжүүлэх, музей, үзмэр, биет өвийг хамгаалах чиглэлд огт хөрөнгө тусгасангүй. Эх хэлээ хамгаалж, түүний дархлаа болсон утга уран зохиолыг бол ор тас хаясан. Зах зээлийн нийгэмд шилжиж ахуй 1990 оноос бүр мөсөн орхигдсон зүйл бол уран зохиол яах аргагүй мөн.

Айсуй 2019 онд соёлын өвийн сэргээн засварлалтын төсөв буурч, энэ жил гурван сая төгрөг болсон гэдгийг мэргэжлийн байгууллагынхан мэдээллээ. Соёлын өвийг сэргээн засварлана гэдэг өөрөө нарийн мэргэжил, урт хугацаа шаардахаас гадна өндөр өртөгтэй бүтдэг гээд үзвэл гуравхан сая төгрөгөөр юу ч хийх боломжгүй.

Тухайлбал, Байгалийн түүхийн музей ашиглах боломжгүй хэмээн үүдээ барьсаар олон оныг үдлээ. Монгол Улсын хэмжээнд байх цор ганцхан байгалийн түүхийн холбогдол бүхий музейг засварлах төсөв буюу 10 гаруйхан тэрбум төгрөг байхгүй хэмээн хэдэн жилийн турш үүд хаалгыг нь барьсаар байхад төрийн албаны бүтэц өргөжиж, 10 байтугай тэрбум төгрөгөөр зардлаа өсгөсөөр байна. Мөнхүү Үндэсний урлагийн их театр гэх Монгол Улсын нүүр царай болсон мэргэжлийн урлагийн байгууллага Драмын театрын бөөрөнд багталцахгүй үйл ажиллагаа явуулж буй. Дэлхий дахинаа улс эх орноо сурталчилдаг, "Монгол Улс оршин тогтнож байгаа шүү" гэдгийг тод хэлж өгдөг мэргэжлийн урлагийн байгууллагдаа гар татаж байгаа улс яаж бат бөх орших юм бэ? Уг байгууллагын байр савны асуудлыг шийдвэрлэх нь бүү хэл төсвийг нь 520 сая төгрөгөөр танасан мэдээлэл бий.

Үүнээс гадна 70 жилийн түүхтэй Хүүхэлдэйн театр ч Драмын театрын хажууд хоргодож, мөн төсвөө тануулсан байдалтай байна. Дэлхий дахинаа хүүхэд багачуудынхаа сэтгэхүйг үндэсний үзлээр хөгжүүлэх гэж Хүүхэлдэйн театртаа асар их мөнгө зарж байгааг ч мартах учиргүй. Гэтэл дээр дурдсан байгууллагуудад тусгайлсан төсөв бүү хэл үндсэн төсвийг ч бууруулан орж ирж байгаа нь хачирхалтай. Бас нэг хачирхалтай зүйл гэвэл ирэх оны төсөвт Соёлын өвийн үндэсний төвийн барилгын цэвэр, бохир, халуун хүйтэн усны шугамын асуудлыг шийдээгүйн зэрэгцээ орон тоо, цалингийн сан дутуу суулгасан гээд бодохоор бид үнэт өв соёлдоо хэрхэн хандаж байгаагийн наад захын жишээ буюу.

Гэтэл хөдөө аймгуудад гэхэд Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Баянхонгор, Булган, Ховд, Хэнтий Төв зэрэг аймгийн музейн барилгууд ашиглах боломжгүй гэдгийг Мэргэжлийн хяналтаас дүгнэлт гаргаад хаах шийдвэр гаргасан. Тэр ч бүү хэл зарим ховор нандин зүйлсийг хадгалах боломжгүй болж, үүнээс үүдсэн ховор эд зүйлс алдагдах аюул нүүрлэжээ. Түүхийн үнэт дурсгал бүхий зүйлс алдагдсан үйлдэл цөөнгүй давтагдаж байсныг ч бид мэднэ.

Гэтэл Монгол Улсад Дэлхийн соёлын өвийн жагсаалтад 14 биет бус өв бүртгэгдэж өнөөдөр энэ үндэсний үнэт зүйлс хадгалагдах газаргүй байна. Олон шаардлагын дагуу дэлхийн соёлын өвд бүтгэгддэг учраас бид дотооддоо бус дэлхийн хэмжээний шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн эд зүйлсийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэхгүй нөхцөлд дэлхийн соёлын өвөөс хасах сануулга өгч эхэлсэн гэдгийг албаны хүмүүс хэлнэ лээ.

Зарим албаны хүмүүсийн ярьж байгаагаар бол санхүүгийн хямрал нүүрлэсэн цаг хугацаа үргэлжилж байгаа учраас зарим урлаг соёлын байгууллагын төсвийг танахаас өөр аргагүй байдал үүссэн гэнэ. Тэгвэл яагаад яам тамгын газрын зардал өсч, гишүүд тус бүр тойрогтоо хэрэггүй байшин барилга барих зураг төсөлгүй объектод мөнгө суулгаад байгаа юм бэ. Яагаад төрийн албаны данхар бүтцийн төсвийг нэмээд байгаа юм бэ гэж асуух нь хэний ч үүрэг биз ээ.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.144) 2018 оны 10 сарын 25

Мартсандаа бус юмөа угаасаа наана чинь тийм юм байдаг гэдгийг огт мэдэхгүй юмсын цугларалт биздээ.урлаг гэж юу.соёл гэж яах боловсрол ямар чухал. Түүх гэж юу вэ самар.эсвэл чулуу түүх гэж хэлнэ.

0  |  0
surnee(202.9.41.194) 2018 оны 10 сарын 25

Ov soyold mongo tawihgyu bgaa n donor ornii yawuulga hyataduudiin gar hol uls orniig ustgaj mohooj bna daa

0  |  0
Top