АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нарын халдашгүй дархан эрхийг УИХ-аас түдгэлзүүлээгүй байхад түүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэж, цагдан хорих шийдвэр гаргасныг зарим хүмүүс хууль зөрчсөн хэрэг хэмээн үзэж, нэлээдгүй маргаан үүсгээд байгаа билээ.
Гэтэл ийм байдлаар маргаан дагуулж байгаа анхан шатны шүүхийн шийдвэрийг уржигдар хоёр дахь шатны шүүхээс хэвээр баталсан нь дээрх хэргийг улам ярвигтай болгосон. Тиймээс нэр бүхий хуульч, УИХ-ын гишүүдээс Ч.Сангарагчаа нарыг гурван шатны шуух буруутай гэж үзвэл энэ хэргийг хэрхэх вэ гэдэг асуултад хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь: Энэ хэрэг хуулийн хүрээнд л шийдвэрлэгдэж байна
-АТГ-ын дарга, дэд дарга нарыг УИХ-аас томилдог нь энэ хүнийг халдашгүй дархан эрхтэй болгодог юм биш. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Тиймээс энэ хэрэг хуулийн хүрээнд л шийдвэрлэгдэж байгаа байх.
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу: УИХ чимээгүй байгаа нь хамгийн хачирхалтай байна
-Монголд хууль хэрэгждэггүйн жишээ энд харагдаж байна. Хууль хэрэгжүүлэгч байгууллага нь ингээд дураараа шийдвэрлээд байх юм. УИХ чимээгүй байгаа нь хамгийн их сонин байна. Өөрийнх нь томилсон хүнд хууль бусаар ял оноож байхад яагаад дуугүй байгаад байгаа юм бэ.
Хуульч С.Нарангэрэл: Төрийн эрх дарх бүхий албан тушаалтнууд хамгаалалтгүй боллоо гэдгийг харууллаа
-Ч.Сангарагчаа нарын эрхийг УИХ-аас түдгэлзүүлээгүй байхад шүүхээс ял оноож, энэ шийдвэрийг нь хоёр дахь шатны шүүх хүчинтэйд тооцсон. Тэгэхээр энэ шүүхийн шийдвэр Монгол Улсад халдашгүй, эрх дарх бүхий төрийн дээд албан тушаалтнууд хамгаалалтгүй боллоо гэдгийг харуулж байна.
Энэ хэрэгг улсын яллагчаар ажилласан Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Е.Сагсай: Ч.Сангарагчаа нарыг ялтан болсон гэж үзэж болно
-Нийслэлийн шүүхийн шийдвэр нэн даруй шийдэгдэх ёстой. Хоёр шатны шүүхээс Ч.Сангарагчаа нарыг гэм буруутай хэмээн үзлээ. Энэ бол хараат бус шүүхийн шийдвэр. Тиймээс Ч.Сангарагчаа нарыг ялтан болсон гэж үзэж болно.
Эх сурвалж: Нийгмийн толь
Сэтгэгдэл ( 0 )