“Асаякэ” Япон хэлний сургалтын төвийн захирал Т.Оюунгэрэлээс дараах зүйлийг тодрууллаа.
-Японы ”Аймэйдо Альфа” групп “Асаякэ” Япон хэлний сургалтын төвтэй хамтран 200 сая төгрөгийн тэтгэлэг зарлалаа гэсэн мэдээллийн дагуу танаас тодруулах зүйл байна. Та энэ тэтгэлгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Тиймээ, аравдугаар сарын 7-14 өдрүүдэд японд “Аймэйдо Альфа” группийн удирдлагууд Дохо Фүкүшикай, Вай Ай Си Торасуто Кибоен, Жё эйкай гэсэн японы эмнэлгийн төлөөлөгчидтэй хамт Монгол Улсад ирээд буцлаа. Айлчлалын гол зорилго нь монголоос япон руу асаргаа сувилгааны ажил хийх залуусыг бэлтгэх ажлыг хангахаар ирсэн хэрэг. Энэ хүрээнд японд асаргаа, сувилгааны ажил хийхээр сонгогдсон залуусын япон хэлний сургалтыг манай төв хариуцахаар боллоо. Тэтгэлгийн тухайд энэ гэнэтийн гайхалтай үйл явдал болсон. Айлчлалын төлөвлөгөөнд тэтгэлгийн талаар огт тусгагдаагүй байсан ч “Аймэйдо Альфа” группийн ерөнхий захирал ноён Такэши Огино манай сургалтын төвд зочилж, уулзалт хийх үеэр гэнэт 10 сая иений тэтгэлэг өгөх болсноо мэдэгдсэн. 10 сая иен монгол мөнгөөр 220 сая төгрөг юм. Энэ тэтгэлэг нь Япон улсад асаргаа, сувилгааны ажил хийхээр зорьж байгаа залуус япон хэлийг богино хугацаанд сурахад дэмжлэг болгохоор өгч байгаад хамаг учир бий. Суралцагч япон хэлэндээ шамдан суралцаж Н4 түвшний шалгалтад тэнцсэн даруйд 500 ам.доллар өгнө. Улмаар суралцагч цааш түвшнээ ахиулан Н3 түвшний шалгалтад тэнцэхээр 500 ам.доллар дээрээ нэмж 500 ам.долларыг тэтгэлэг болгож өгөх юм. Ингэхээр тухайн суралцагч нийт 1000 ам.долларын тэтгэлэг авах сайхан боломж нээгдэж байна. Ерөөсөө Японд асаргааны ажил хийх сонирхолтой залууст боломж нээгдэж байна гэсэн үг. Өөрсдөө мөнгө санхүүгийн эрэлд хатаж зовохгүй сайхан боломж юм.
-Япон хэлний Н4, НЗ түвшинд тэнцэхээс гадна өөр ямар шалгуур байгаа вэ?
-Манай төвд суралцахаас өмнө “Аймэйдо Альфа” группийн япон мэргэжилтэн багштай ярилцлага хийнэ. Энэ ярилцлага маш чухал. Учир нь ярилцлагаар тухайн хүний хүмүүжил, төлөвшил, хандлага японд асаргаа сувилгааны ажил хийхэд тэнцэх эсэхийг тодорхойлох юм. Энэ ярилцлагад тэнцсэн тохиолдолд тухайн суралцагчийн японд ажиллах нь тодорхой болж байна гэж ойлгож болно. Ярилцлагад тэнцсэн хүмүүс манай хэлний сургалтад суралцаж улмаар тэтгэлэг авах эрх нээгдэнэ. Хамгийн гол асуудал нь сургалтандаа идэвхитэй суралцаж шаардлага хангах нь зөвхөн хувь хүнээс шалтгаалах зүйл. Энд анхааруулах нэг зүйл байна. Японд асаргаа сувилгааны ажил хийх хүмүүс шивээстэй байж болохгүй. Тиймээс манай төвд хандахаасаа өмнө үүнийг анхаарах хэрэгтэй.
-“Аймэйдо Альфа” группийн талаар мэдээлэл өгнө үү. Ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?
-“Аймэйдо Альфа” групп нь японы хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компани. Хүний нөөц дундаа асаргаа сувилгааны салбарт дагнан үйл ажиллагаа явуулж байна. Тэд вьетнам, тайланд, лаос, хятад зэрэг зүүн өмнөд Азийн орнуудаас асаргаа сувилгааны ажил хийх хүмүүсээ сонгож, сургаж, бэлтгэж гэрээт байгууллагууд руугаа илгээдэг. Тэд япондоо 150 гаруй эмнэлэг, асаргаа, сувиллын газруудтай хамтран ажилладаг. Бид тус групптэй удаан хугацааны турш харилцаж, ярилцсаны дүнд тэд монголд ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тэд манай “Асаякэ” япон хэлний сургалтын төвд өөрийн япон мэргэжилтэн, багшийг илгээж япон хэл заах арга зүйг дээшлүүлэх тал дээр ажиллаж байна. Цаашдаа өөрийн мэргэжилтэн, багшийг манай сургалтын төвд байнга ажиллуулна гэдгээ Такэши Огино захирал амлаад холбогдох хүмүүстээ үүрэг өгөөд явлаа. Тийм болохоор манай “Асаякэ” япон хэлний сургалтын төв “Аймэйдо Альфа” группийн сонгосон хүмүүсийг богино хугацаанд Н4/Н3 түвшинд бэлдэх боломжтой болж байгаа нь сайн хэрэг.
-Японд асаргаа сувилгааны ажил ямар цалинтай байдаг вэ?
-Японд асаргаа сувилгааны ажил хийхэд гар дээр 130 000 иений цалин авдаг. Монгол мөнгөөр энэ нь 2,600,000 төгрөг юм. Энэ мөнгө бол нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татвар, байрны зардлыг хассан дүн. Цалингаас гадна маш том давуу тал бий. Таван жил ажиллаад ахиад таван жил сунган ажиллаж болно. Энэ хугацаанд гэр бүлийн гишүүдээ татаж авах эрхтэй. Гэр бүлийн гишүүд нь ажил хийж, сургууль цэцэрлэгт сурах эрхтэй. Мөн асаргаа сувилгааны ажил 15 жил хийсэн бол японы байнгын оршин суугч болох эрх нээгдэнэ. Нэгэнт байнгын оршин суугч болсон тохиолдолд ахин виз авах шаардлагагүй бөгөөд японд насан туршдаа амьдрах эрхтэй болж байгаа юм. Энэ бол японд асаргаа сувилгааны ажил хийхийн хамгийн том давуу тал гэдгийг онцолмоор байна.
С.Баяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
5жил ажлаад дахиад 5жил ажиллахдаа гэр булээ татна гэдэг нь баталгаатай юу
Маш боломжийн юм бна. Насны хязгаар. Тэгээд яаж бүртгүүлэх вэ