Улс орны хөгжилд чөдөр тушаа болж байгаа хүмүүстэй хариуцлага тооцно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар говийн бүтээн байгуулалтын нэгдсэн бодлогын талаар хэлэлцсэн юм. Уг хуралдаанаар Өмнөговь аймагт хийж байгаа бүтээн байгуулалтын ажил улс орны хөгжилтэй салшгүй холбоотой учир нэгдсэн бодлогоор ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэг болгов. Ялангуяа, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд тус тусдаа хатуу хучилттай зам тавих бус, хөрөнгө, хүчээ нэгтгэн нэг зам барих нь зүйтэй. Үүнийг Засгийн газар нэгдсэн бодлогоор зангидах ёстой гэж тэрээр онцлон анхаарууллаа.

Эрчим хүч, дэд бүтэц, хот байгуулалт зэрэг салбарт эхний ээлжинд хийх шаардлагатай ажлын болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж 14 хоногийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн ахласан ажлын хэсэгт даалгасан байна. Энэ дагуу ажлын хэсэг "Өмнийн говийн хөгжлийн стратеги төлөвлөгөө" болон Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг түргэтгэж, дэд бүтэц, хот байгуулалтыг цогц байдлаар шийдвэрлэх, Мандалговь-Даланзадгадын 163 км, Даланзадгад-Таван толгой-Оюу толгойн 251 км хатуу хучилттай замын ажлыг түргэтгэх, “Гурвансайхан" онгоцны буудлыг өргөтгөхийг судалж шийдвэрлэх, Таван толгой-Даланзадгадын 110 квт-ын цахилгааны шугамын угсралтын ажлыг түргэтгэхэд анхаарах юм. Түүнчлэн Өмнөговь аймагт хувийн эрх ашиг, сонирхлын үүднээс ажилд ханддаг, мэдээлэл буруу, хуулийг өөрөөр ойлгодог зэргээс шалтгаалан зөрчил гарч байгаа бол ойрын үед арилгах, орон нутгийн "Таван Толгой" компанийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, шаардлагатай бол бүтэц, зохион байгуулалт, менежментийг нь өөрчлөх, их бүтээн байгуулалтын ажилд энэ компанийг оролцуулахыг Ерөнхий сайд С.Батболд аймгийн удирдлагад үүрэг, чиглэл болгов.

Говийн бүсэд өрнөж байгаа их бүтээн байгуулалтын ажлын хүрээнд усны шугам татах гэхэд лиценз эзэмшигч нь зөвшөөрөхгүй байна хэмээн Ханбогд, Цогтцэций сумын удирдлага газар чөлөөлөхгүй хэдэн сар болж байгаад Засгийн газрын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа.

Улс орны хөгжилд чөдөр тушаа болж байгаа хүмүүстэй хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахад болохгүй гэх газаргүй тухай ч хуралдааны үеэр хөндөгдөв. Газрын асуудлыг энэ сарын 28-ны дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ гэдгээ аймгийн Засаг дарга Б.Бадраа сайд нарт амласан байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top