Дизель түлшнээс импортын татвар авахгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Импортоор оруулж ирдэг авто бензин, дизель түлшний гаалийн албан татварыг “0” хувиар тогтоон 2011 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ нь Цагаан нуур, Ярант, Боршоо, Арц суурь, Тэс, Бургастай, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх, Ульхан майхан боомтоор авто бензин, дизель түлш оруулж ирэхэд хамаатай юм. Сүхбаатар, Замын-үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирэх 90 хүртэл октантай авто бензинээс 170 мянга, 90 ба түүнээс дээш бол 230 мянган төгрөгийн татвар авах бол дизель түлшинд татвар ногдуулахгүй юм байна. Засгийн газрын 2011 оны тавдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар импортоор оруулж байгаа газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татварын хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргасан. Энэ дагуу АИ-92 бензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг 170 мянган төгрөг болгож, дизель түлшинд 210 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 10 мянган төгрөг болгон бууруулсан. 2011 оны тавдугаар сарын байдлаар дизель түлш улсын хэмжээнд 5200 тонн байгаа нь дөрөв хоногийн нөөц гэсэн үг юм. Иймээс Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг уурхайнуудаас бусад нүүрсний уурхайд дизель түлш нийлүүлэхийг 10 хоног түр зогсоох талаар газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч ахуйн нэгж, байгууллагатай хамтран зохицуулж, хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгав. Энэ нь шатахууны хомсдлын улмаас ноцтой хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ юм. Нөгөө талаар улсын нөөцөөс 2050 тонн дизель түлш гаргахыг Шадар сайд М.Энхболдод зөвшөөрч, түлшийг  одоогийн  мөрдөж байгаа  жижиглэнгийн үнээр газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжид олгох, борлуулалтын орлогоор нөөцийг нөхөн бүрдүүлэхийг сайд Д.Зоригтод даалгалаа. Нийтийн тээвэрт дизель    түлшний хэрэглээг багасгах зохицуулалтын арга хэмжээ авч хатуу хяналт тавих үүргийг ЗТБХ-ын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт өглөө. Түүнчлэн Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт нийт 60 мянган тоннын авто бензин, дизель түлшний багтаамжтай улсын нөөцийн агуулах барихад шаардагдах  хөрөнгийг “2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон “2012 оны төсвийн тухай хууль»-д тусгаж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Мөн манай улсын газрын тосны бүтээгдэхүүний 20 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 32 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгахаар тогтов. Гадаадаас газрын тосны бүтээгдэхүүн татаж авах асуудлаа яаралтай зохицуулж, шуурхай ажиллах, ажлын явцын талаар тогтмол мэдээлэл өгч байхыг Ерөнхий сайд С.Батболд холбогдох сайд агентлагийн дарга нарт санууллаа. Үүнээс гадна гал унтраах байдлаар олон жил явж ирснийг өөрчилж нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг ойрын үед эрчимтэй эхлүүлэх, энэ ажлын явцын талаар ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст үүрэг болголоо. Дэлхийн улс орнуудад нефть бүтээгдэхүүний хомсдол нүүрлэх төлөв ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд сануулсаар байна. Хойд хөршид ч байдал хүнд байгаа бөгөөд тус улсын Засгийн газар өнгөрсөн сард экспортын татвараа нэмж, гадаадад гаргах бүтээгдэхүүнийхээ хэмжээг хязгаарласан юм. “Роснефть” компани энэ сард 17 мянга орчим тонн дизель түлш нийлүүлээд байгаа нь сард дунджаар 34 мянган тонн түлш хэрэглэдэг манай улсад хүндрэл учруулж байна. Нийлүүлэлтийг

тасалдуулахгүй байх талаар салбарын яамнаас ОХУ-ын талд албан бичиг хүргүүлснээс гадна Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хойд хөршид ажилласан. Энэ дагуу “Роснефть” компани энэ сард нэмж 8000 тонн түлш олгохоо албан ёсоор мэдэгдсэн ч өнөөг хүртэл ачуулаагүй байна. Манай улс ганцхан “Роснефть” гэлгүй ОХУ-ын “ТИК-БП” компаниас тонн тутмыг нь 1250 ам.доллараар тооцон нийт 16 мянган тонн түлш  авахаар  тохиролцсон юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top