Энэ хотын захиргаа чинь Солонгос эзэнтэй болсон юмуу

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Туул голыг хамгаалах гэж том жижиггүй санаа тавьж байна. Энэ тун сайн хэрэг. 1950-иад онд Туул голоор маань том том гуалин хөвүүлж авчраад байшингаа барьдаг байлаа шүү дээ. Үүнийг сал хөвүүлэх гэж  ярьцгаадаг байсан даа. Усны түвшин нь ийм хэмжээнд байжээ. Тэгвэл одоо зарим зун урсгал нь тасардаг болсон. Бохирдлын талаар яриад ч хэрэггүй. Аймаар боллоо. Энд эрүүл саруул амьдрах баталгаа байхгүй. Тиймээс ч УИХ-ын Хүн, Хөдөө аж ахуйн байнгын хорооноос Туул голыг хамгаалах ажлын хэсэг байгуулан судалгаа хийж, бодлого тодорхойлохоор болжээ. Зөв л дөө. Арай оройтож байгаагаас биш.  Дориухан, далайцтай ажил хийх цаг аль хэдийнээ болсон. УИХ-ын гишүүн, кёкүшюүзан Д.Батбаяраар ахлуулсан тус ажлын хэсгийнхэн харийн болоод “хар элэгт” монголчуудын гараар сүйдэж буй Туул голынхоо эргээр явж үзжээ. Голын хойд эрэгт нь 60 га газар авсан Солонгосчууд гольфийн талбай байгуулахаар баахан нүх ухаж, том хашаа барин, хэнийг ч оруулахгүй хөл хорьчихсон байна гэнэ. УИХ-ын гишүүд ч тэдний хашаанд орж чадсангүй. Харин байгаль хамгаалагч Ж.Ёндонжангар гэдэг хүн тэдэнд баахан гомдол тавьж байв. Энэхүү газрыг өнгөрсөн онд хотын захиргаанаас олгосон  юм гэнэ. Солонгосын хөрөнгө оруулалттай  тус компани урьд нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутагт газар авсан боловч түүнийгээ голоод ийнхүү Туулийн эрэгт тухлаад авчээ. Хотын захирагч Г.Мөнхбаярын захирамжаар олгосон газар гэж учрыг  мэдэх хүмүүс тайлбарлаж байна. Монгол улсын хэд хэдэн хуулийг энэ компанийхан зөрчжээ. Гольфийн талбай байгуулахыг энд хууль, журмаар огт зөвшөөрөөгүй. Гэтэл хотын захирагч маань захирамжаа гаргаад л сууж байж. Солонгосын  “Tuul riyers country side” гэдэг энэ компанийн захирал нь манай нийслэл хотыг захирдаг юм биш биз дээ. Ингэж дураараа тонгочоод байгааг нь харахаар хотын захиргаа маань Солонгос эзэнтэй болсон мэт санагдаад байна.

Сэтгүүлч Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт  мэдээллийн портал  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top