Хичээлээ тасалбал тэтгэлэггүй болно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөгчдийн 70 гаруй хувь нь төгсөнгүүтээ ажлын байртай болдог гэсэн судалгаа байдаг. Улсын хэмжээнд мэргэжилтэй ажилтан бэлтгэх 63 сургалтын төв бий. Энд хоёр жил суралцаж төгсөхдөө мэргэжлийн үнэмлэх авахын зэрэгцээ XI ангийг төгсч бүрэн дунд боловсролын үнэмлэх авах боломжтой. Дээрээс нь тэтгэлэг авна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын идэвх сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор сар бүр нэг сурагчид 45 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Тэтгэлгийг мэргэжлийн боловсролыг анх удаа эзэмшиж байгаа суралцагчдад, сар бүрийн гурав дахь долоо хоногт бэлэн бусаар олгодог юм. Энд анх удаа мэргэжлийн боловсрол эзэмших гэж байгаа 24 хүртэлх насны охид, хөвгүүдийг элсүүлдэг. Элсэхийн тулд сурах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн эссэ бичихэд хангалттай. Мөн орон нутгаас аймаг, нийслэлд ирж суралцаж байгаа хүүхдүүдийн байр, хоолны зардлыг улсаас даадаг юм байна. Суралцагч хичээлдээ суугаагүй, сургуулиа орхисон, сурахаа зогсоосон тохиолдолд тухайн суралцагчийн тэтгэлгийг зогсоох юм. Өмнө нь эцэг эхчүүд, төгсөгчид МСҮТ-ийг барагтай бол сонирхдоггүй байсан. Энэ хандлага өөрчлөгдөх болсноор 2006 онд МСҮТ-д 23 мянга гаруй хүүхэд суралцаж байсан бол энэ хичээлийн жилд 46 мянга гаруй болж нэмэгджээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top