Дотоодын хэрүүл, улс төрийн тэмцэл ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД яаж харагдах вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

Улс төрийн баруун, зүүний магнайг 30 шахам жил ээлжлэн тэргүүлж, зарим үед МАНАН нэр зүүж хүртэл хамтарсан хоёр том хүчний дунд хэзээ дуусах нь мэдэгдэхгүй маргаан өрнөлөө. Магадгүй, энэ маргаан эрчээрээ яваад айсуй 2020 оны сонгууль хүргэчихээр ч харагдана. Ингээд нэг нэгнийхээ булайг дэлгэнэ гэвэл энэ хоёр намд хэдэн сар, жилээр маргаад үл барах бараан намтар бий. Гагцхүү энэ маргаан хоёр намын нууц мэдээллүүдийг сонгогч олонд дэлгэж эхэлж байгаа нь сайн талтай ч засаглалын тогтвортой байдалд нөлөөлж, нийгмийг бүхэлд нь “тэмцэл” нэрийн дор буруу зүгт хөдөлгөх хандлага ч ажиглагдаж байгааг нуух хэрэггүй.

Юуны өмнө улс төрийн акц өрнүүлэх боломжгүй, гараа хумхин сууж байсан сөрөг хүчний зүгээс “Эрх баригч намынхан ЖДҮ-ийг дэмжих сангаас 50 орчим гишүүд тус бүр нэг тэрбум орчмын зээл авсан” гэдгийг нийтэд дэлгэснээр гараанаас хөдөллөө. Өнөөдрийн байдлаар улстөржихөөс өөр ажилгүй сөрөг хүчин ажил хаялт зарлачихаад байгаа нь ч нийгмийг буруу зүгт өдөөн турхирч байгаагийн нэг хэлбэр. Уг нь төрийн эрх барих дээд байгууллагын танхимд иргэдийн сонголтоор орж ирсэн нөхөд гэдгээ мартах учиргүй юм сан.

Харин эрх баригч намын зүгээс өдгөө АН-ын бүлгийн даргаар ажиллаж буй Д.Эрдэнэбат гэгч нь 2014-2016 он хүртэл Аж үйлдвэрийн сайдаар ажиллахдаа ЖДҮ-ийг дэмжих сангаас олон тэрбум төгрөгийн зээлийг хууль зөрчин олгосон гэх баримтыг сөргүүлэн тавилаа. Одоо АН-ын зүгээс ямар нэгэн “сум” бэлдэж байгаа нь ойлгомжтой. Эрх баригч намд ч тэднийг онилох хангалттай “сум” байгаад эргэлзэх хэрэггүй. Гэтэл эцэстээ төрийн эрх барих дээд байгууллагыг хамтран бүрдүүлж байгаа хоёр улс төрийн хүчин нэг нэгнээ ийнхүү “буудаад” эхэлбэл юунд хүрэх вэ гэдэг асуудал үүснэ.

Сөрж байна гээд тогтворгүй байдал үүсгэх вий!!!

Монгол Улсын төрийг гучаад жил хамтрахдаа хамтарч, салахдаа салж барьсан энэ хоёр намын аль аль талд нь алдаа ч бий, оноо ч бий. Тэгэхээр МАН, АН гэх энэ хоёр улс төрийн хүчин нэг нэгнийхээ алдааг сайтар мэдэх учраас тэдний “сум” дуусахгүй. Сүүлдээ улс орны аюулгүй байдал, үндэстэнд нөлөөлөх “сум” гаргаж улайрах вий гэсэн айдас ч төрж болохоор. Төрийн тогтворгүй байдалд нөлөөлсөн акц үргэлжээд байхыг үгүй гэх газар алга.

Хэвлэл мэдээлэлд дэлгэснээр Д.Эрдэнэбат зөвхөн нэг өдөрт буюу 2015 оны зургадугаар сарын 8-ны өдөр 108 тоот тушаал үйлдэн  “Само” компанид хоёр тэрбум, “Он энд офф” компанид нэг тэрбум , “Гэтженероус” компанид  988 сая төгрөг, “Сити палас” компани  нэг тэрбум  40 сая гээд нийтдээ 5.02 тэрбум төгрөгийг хөнгөлттэй нөхцөлөөр сангийн эргэн төлөлтөөс өгсөн байна. Мөнхүү үүнээс хагас жил орчмын дараа буюу 2015 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 183 дугаар тушаал гаргаж, “ВИДҮ” компанид хоёр тэрбум төгрөгийг сангийн эргэн төлөлтийн мөнгөнөөс олгох шийдвэр гаргасан гэх бөгөөд хүү болон зээлийн эргэн төлөлтийн хугацааг тусгаагүй гэдгийг барин тавин дурьджээ.

Тодорхой нэр устай ийм мэдээлэл энгийн иргэдийн дунд байхгүй, магадгүй хэвлэл мэдээллийнхнээс ч нууцлалтай байсныг үгүйсгэхгүй. Энэ мэт мэдээллээ ил гаргадаггүй “шилэн” төртэй шүү дээ. Тэгэхээр үүнийг мэдээлэлд нэвтэрч орж чадах эрх мэдэл бүхий этгээдээс он сар, тоо баримт, нэр хаягтай нь бөөнөөр гаргаж тавина гэсэн үг. Энэ бол эрх баригч намын зүгээс сөргүүлэн тавьж байгаа сум гэж ойлгогдохоор. Нөгөө талд сөрөг хүчнээс ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гишүүдийн нэрийг дэлгэсэн болохоос энгийн иргэд үүнийг гаргаж тавиагүй. Одоо тэгэхээр тэд дундаа ямар ямар сум тавилцах вэ гэдэг өөрөө сонирхол татах төдийгүй дээр дурдсан сөрөг үйл явдал руу харьтиран орох магадлал өндөр болно гэсэн үг. Үүнээс гадна хэрүүлээр бус дэмжлэгээр урагшлах олон төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлээд буйг мартаж болохгүй. Том хөтөлбөрүүдийн хувьд бүгд гадны зээл тусламжаар явж байгаа. Бидний энэ дотоодын хэрүүл, улс төрийн тэмцэл хөрөнгө оруулагчдад яаж харагдах вэ, тэдний итгэлд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуудал ч хөндөгдөж таарна.   

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хэрэгжсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас эхлээд Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж асан Х.Баттулга гээд олон тэрбумаар нь авчихсан хэрүүл өдгөө ч намдаагүй. Алдарт “Чингис” бондын мөнгөнөөс МАН, АН хоёулаа авчихсан маргаан ч тасраагүй байна. Тэр их мөнгөөр нэг ч үйлдвэр босгоогүй байгаагаас харахад “давтагдаж” буй зээл хэлбэрийн процессоор эрх мэдэлтнүүдэд очсон байж таарна. Түүнээс иргэн Дорж 60 тэрбумаар нь мөнгө зээлчихэж чадахгүй. Одоо тэгэхээр АН-аас хөгжлийн банкаар дамжиж гарсан мөнгийг хэн нэгэнтэй холбох акц бэлдэж байж болох юм. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үеийн концессын гэрээний баримтыг АН дэлгэх байдлаар яваад байвал дуусахгүй явсаар түмэнд хаалттай байдаг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудалд тулчихвал жинхэнэ утгаараа үндэстний хэмжээний асуудал болж таарна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд мутраа хайрласан МАН-ын С.Баяр, АН-ын Ч.Сайханбилэг нар шалгагдаж байгаа гээд “Хоёр хар хэрээ нэгнийхээ харыг гайхав” гэдгийн үлгэр болох учраас “Олгой хагравч тогоондоо” гэдэг үгийг санууштай. Эцэстээ төрийн хар хайрцаг руу шургаж улайрвал яах вэ.   

Энэ мэтчилэн хоёр хүчний зөрчил бүгдийг дурдана гэвэл барагдахгүй бөгөөд төрийн тогтвортой байдал, нийгмийн аж байдалд илэрхий сөрөг нөлөөтэй энэ улс төрөө зогсоох шаардлага зүй ёсоор тулгарна. Эдийн засагт таагүй байдал үүссэн хэвээр, үүнээс гарах гэж чармайж байгаа энэ үед, олон олон бүтээн байгуулалт эхлүүлчихсэн энэ үед, олон улсын талбарт нэр нүүрээ сэргэж ядан буй энэ үед  улстөржих нь юу юунаас аюултай гэдгийг дуулгах байна.

С.БАЯР

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөрөнгө оруулна!(103.9.90.50) 2018 оны 11 сарын 14

Манайд хөрөнгө оруулагчид гэж байхгүй! хөрөнгө оруулагчид Монголын авилгалд идэгдсэн гажууд тогтолцооноос бүүр айж, учраа олохоо больчихсон байсан юм. Ашгүй ингээд нэг цэвэрлээд авбал байдал илүү ойлгомжтой болох байх. Харин ч эсрэгээрээ хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ!

0  |  0
Тэнгэрлэг эр хүн(103.10.21.105) 2018 оны 11 сарын 13

Энэ будлиан луйвар зөв чигтээ эргэж хариуцлагаа хүлээх ёстой нь хүлээвээс гадаад ертөнцөд эерэгээр харагдана.....

0  |  0
ард түмэн(59.153.115.52) 2018 оны 11 сарын 12

on

0  |  0
сониуч сонжооч(66.181.160.26) 2018 оны 11 сарын 12

Үнэхээр гадаад улстѳр эдийн засгийн орчинд очих нѳлѳѳг нь онилсон улстѳржилтийг хэн сэдээд байгааг нь энэ олон хүмүүс харахгүй байна гэж баймгүй дээ.

0  |  0
Top