Энэ жилийн “ВАНСЭМБЭРҮҮ” экспогийн шилдэг оролцогчид АНУ-д туршлага судална

2018 оны 11 сарын 15

Bансэмбэрүүг аз жаргалын бэлгэдэл, тэнгэрийн цэцэг хэмээдэг. Хосоор ургадаг энэхүү ховор цэцгийн нэрээр нэрлэгдсэн “Вансэмбэрүү” экспог  үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүнийг нь олон нийтэд сурталчлах болон бүтээлч хөдөлмөр, экспортыг хөгжүүлэх зорилгоор санаачилж, гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй хоёр бүсгүйн нэг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Шижирбаатарын Анхмаатай ярилцлаа.

НИЙСЛЭЛ ТӨДИЙГҮЙ УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭН ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛ АЖИЛГҮЙДЭЛ ЮМ. “ВАНСЭМБЭРҮҮ” ЭКСПО  ТОГТВОРТОЙ АЖИЛТАЙ, ТОГТМОЛ ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

- Юуны өмнө Та “Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдааг яагаад зохион байгуулах болсон, хэрхэн зохион байгуулагддаг талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн дийлэнх нь судалгаа багатай бизнесээ эхлүүлдэг бөгөөд  хөрөнгө оруулалт татах, хүний нөөц төлөвлөлт,  борлуулалт, маркетинг гээд тэдэнд шийдэх асуудлууд олон тулгардаг. Аливаа зүйлийг эхлүүлнэ гэдэг бол хүнээс маш их хичээн зүтгэл, ур чадвар, хүч хөдөлмөр шаарддаг. Яг л ийм эхлэлийн үед дэмжлэг хамгийн чухал юм.

Тиймээс тэдэнд тулгамдаж буй олон асуудлуудыг шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх, хамтдаа шийдэл олох зорилгоор УИХ-ын гишүүн А.Ундраатай хамтран “Вансэмбэрүү” экспог 2016 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэхүү экспод эхний жил 32, хоёр дахь жил 50 гаруй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд оролцсон юм. Энэ жил “Вансэмбэрүү-2018” экспод оролцохоор 80 гаруй байгууллага бүртгүүлсэн бөгөөд оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийн тоо жил ирэх тутам нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс энэхүү байдлыг харгалзан үзэж зай талбайгаа томруулан, МҮОНРТ-ийн үзэсгэлэнгийн танхим /MNB event hall/-д зохион байгуулахаар боллоо.  

Нийслэл төдийгүй улсын хэмжээнд нэн тулгамдаж буй ажилгүйдлийг багасгах нь олон асуудлыг шийдвэрлэх “түлхүүр” болох юм. Жижиг дунд үйлдвэр хөгжсөнөөр тогтвортой ажилтай, тогтмол орлоготой иргэд бий болно. Тус үзэсгэлэн худалдааг импортыг орлох бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд мөн бизнес эрхлэгчдийг дэмжиж ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудыг оролцуулан энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Экспод оролцогчдын дунд “Шинэ санаа – Шилдэг бүтээл” уралдаан зарлаж, шилдэг бүтээгдэхүүний эздийг өндөр хөгжилтэй улсад туршлага судлах, бизнес аяллын эрхээр урамшуулдаг уламжлалтай.

Энэ жилийн шилдэг оролцогчид АНУ-ыг зорин бизнесийн шинэ санаа, шилдэг технологийг судлахаас гадна түншлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжоор хангагдах юм.

-“Шинэ санаа – Шилдэг бүтээл” уралдааны өмнөх жилүүдийн ялагчид хэн байв? Мянга сонсохоор нэг үз гэдэг. Экспод оролцож, өндөр хөгжилтэй оронд туршлага судалсан нь тэдний үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр болсон байх.

Анхны үзэсгэлэн худалдаанд гутлын үйлдвэрлэл, арьсан урлалын чиглэлээр бизнес эрхэлдэг “Хас гутал” ХХК болон “Эм Ар Эс Би” ХХК-ийн бүтээгдэхүүнүүд шалгарсан. Тэднийг арьс ширний чиглэлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг  Итали улсын Милан хотноо зохион байгуулагдсан арьс, ширэн бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн яармагт оролцуулсан. Уралдаанд шалгарсан бизнес эрхлэгчид маань бүтээгдэхүүнийхээ загвар, дизайныг сайжруулж, технологио шинэчилж, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах тал дээр туршлагатай болсон тухайгаа хэлж байсан юм. Борлуулалт нь ч мөн нэмэгдсэн гэдгийг хэлэхэд баяртай байна.

Харин “Вансэмбэрүү-2017” үзэсгэлэн худалдаанд оролцсон “Spirit of Nature” ХХК нь савангийн цуглуулгаараа шилдэг бүтээгдэхүүний эзэн болж, Япон улсын Токио хотноо болсон туршлага судлах бизнес аялалд оролцсон бөгөөд өндөр хөгжилтэй улсын бизнес эрхлэгчдээс туршлага хуримтлуулж, өөрсдийн бизнестээ нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.

ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ҮЕЭР ОРОЛЦОГЧДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ, ХҮНИЙ НӨӨЦ, БОРЛУУЛАЛТЫН ТАЛААР МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХҮҮД МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ

-Энэ жилийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар болон уралдаанд тавигдах шаардлагын талаар тодруулж хэлбэл...

- Жил ирэх тутам оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд нэмэгдэж байна. Тиймээс энэ жил бид худалдаа, үйлчилгээ зохион байгуулах талбайн хэмжээгээ томруулсан учраас бүртгүүлсэн бүх иргэд, байгууллагуудыг оролцуулахыг зорьж байгаа. Аж ахуйн нэгжүүдээс ямар нэгэн төлбөр хураамж авахгүй бөгөөд хоёр өдрийн туршид бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах бүхий л боломжоор ханган ажиллах юм.

Бид экспортлох боломжтой бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжихийг чухалчилж, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг шалгаруулахаар төлөвлөөд байна. Энэ удаагийн “Вансэмбэрүү” экспогийн гол онцлог нь Монгол Улсад суугаа элчин сайдын яамдуудаас холбогдох албаны хүмүүсийг урьж оролцуулан үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулах явдал юм.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэглээнд шууд нэвтрүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлж чадахуйц байгууллагуудтай холбож өгөх талаар анхаарч ажиллана.  Нэмж хэлэхэд инновацилаг, байгаль орчинд ээлтэй, олноор нь үйлдвэрлэх боломжтой эсэхийг гол шалгуур үзүүлэлтээ болгож байгаа юм. Мөн экспод оролцсон байгууллагуудыг  Улаанбаатар инновацийн төвтэй хамтран ажиллах боломжоор хангана.

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар нь инновацийн хамтын ажиллагааг бий болгох, үйлдвэрлэлийн салбарт инновацийг нэвтрүүлэх, шинэ санаа, инновацид суурилсан гарааны бизнесийг хөгжүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих зорилго бүхий Улаанбаатар инновацийн төвийг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Улаанбаатар Инновацийн Төв  нь инновацийн салбарын төрийн бодлогыг хөрсөнд нь буулгаж буй  бодит ажлын нэг жишээ юм.

Дэлхийн томоохон хотуудад байдаг энэхүү төв байгуулагдсанаар Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын инновацийн экосистем урагшлах  том алхам болж байна.

Улаанбаатар инновацийн төв нь өндөр технологи, инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн олон улсад өрсөлдөх чадвар бүхий өндөр технологийн гарааны компаниудыг бойжуулан хөгжүүлэх, мэдлэг шингэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг бий болгох, мэргэшсэн ур чадвартай хүний нөөцийг хөгжүүлэх, нийслэлийн тулгамдаж буй асуудлыг инновацийн шийдлээр шийдвэрлэх болон инновацийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Цаашлаад тус төвийн дэд төвүүдийг Улаанбаатар хотын дэд төв болох Сэлбэ, Баянхошуунд үүсгэн байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр Шинжлэх ухаан, технологи, инновацийг нийслэлд төдийгүй Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, амьдралын чанар, үндэстний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндсэн хүчин зүйл болгох анхны бодит томоохон ажлын эхлэл юм.

Үйлдвэрлэл, бараа үйлчилгээндээ инноваци нэвтрүүлнэ гэдэг бол томоохон давуу тал бөгөөд бид үндэсний үйлдвэрлэлээ дэлхийн брэнд болгоё гэвэл ноос ноолуур арьс, ширэн бүтээгдэхүүнээр хязгаарлаж болохгүй. Шинэлэг санаа, шилдэг технологийг бараа үйлчилгээндээ нэвтрүүлж, дэлхийн хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнүүдийг экспортлох нь эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах болно.   

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогчийн хувьд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр юу хийж байна вэ?

 “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлох” суурь судалгааг нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны 244,369 өрх буюу нийт өрхийн 70,0 гаруй хувийг хамруулан хийлээ.  Судалгааны үр дүнд тулгуурлан нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний талаар 4 үндсэн чиглэлийн хүрээнд 11 үйл ажиллагаа бүхий стратеги төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа.

Тухайлбал нийслэлийн хэмжээнд энэ оны 3 дугаар улирлын байдлаар 13474 иргэнд ажил мэргэжлийн зөвлөгөө өгсөн бөгөөд нийт бүртгүүлсэн иргэдийн 76,0 хувь нь ажилд орсон байна.

Мөн “Нэг өрх - Нэг ажлын байр” дэд хөтөлбөр, “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр” зэрэг нийт 7 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар өсөж, ажилгүйдлийн түвшин 1.5 пунктээр буурсан эерэг үзүүлэлттэй байгаа юм.   

- Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай олон жил ярилаа. Харин та бүхэн  ярих биш хийж эхэлжээ. Ихэнх үзэсгэлэн худалдаанд оролцоход чамгүй төлбөр төлж орж байгаа харагддаг. Гэтэл хоёр өдрийн турш төлбөр хураамжгүйгээр бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, харилцан туршлага хуримтлуулах нь үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесийн цар хүрээгээ тэлэх боломж олгож байгаа гэж бодож байна. “Вансэмбэрүү” экспод оролцогчдын хүлээлт өндөр байгаа бололтой. Энэ хүлээлтийг хангахад бэлэн үү?  

-Өмнөх жилүүдийнхээс өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Үйлдвэрлэгчид маань тэр бүр сургалтад сууж, бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээллийг мэргэжлийн зөвлөхүүдээс авч чаддаггүй. Иймээс бид борлуулалт, хүний нөөц, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн гурван асуудалд шийдэл болох зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаануудыг энэ үеэр зохион байгуулах болно.

Эхний хоёр жилд бид зөвхөн бүтээгдэхүүний борлуулалтад төвлөрч байсан бол энэ удаа асуудлын гүн рүү орж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран шийдэл хайх болно.

Үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд хамгийн чухал зүйл бол “бизнесийн том зураг”-аа харж сурах явдал юм.  Ямар төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцэх вэ? “Та аль зүг рүү хэр хурдацтай явах вэ? яаж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх вэ? гээд олон асуултуудад хариулт авах боломжтой.

-Тулгамдсан гол асуудлууд руу онилж байгаа юм байна. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид мэдээж уул уурхайн салбар шиг хөрөнгө оруулалт, ашгийн хэмжээ том тоогоор ярихгүй учир экспортыг бай болгон харж байгаа болов уу?

-Экспортод гаргахын тухайд нэг жилийн дотор шийдэгдэх асуудал биш. Өргөн хүрээнд урт хугацааны нарийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх шаардлага бий болдог. Тиймээс “Вансэмбэрүү” бол суурийг нь тавьж байгаа хэрэг. Гарааны бизнес эрхлэх нь богино хугацаанд их хэмжээний ашиг өгөхгүй ч урт хугацаанд оршин тогтнож, шавхагдашгүй баялагийг бүтээн, иргэдийг ажлын байраар хангаж, эдийн засагт дэм болж байгаа юм.

Үндэсний бүтээгдэхүүний  үйлд­вэрлэл өргөжихийн зэрэгцээ иргэдийн дунд үндэсний үйлдвэрийн б­а­раа бүтээгдэхүүнийг худалдаж авах, хэрэглэх сонирхол улам бүр нэмэгдэж байгаа юм.  Цаашлаад “Монгол брэнд”-ийг дэлхийд гаргахад үзэсгэлэн маань тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

-Таныг харахад үндэсний хувцас, бараа бүтээгдэхүүн их хэрэглэдэг харагдлаа. Таны хэрэглээнд нийцэж байна уу?

-Бид эх оронч үзэл гэж ярихаас илүү үйлдлээрээ харуулж чаддаг, өөрийн баримталдаг зарчимтай байх ёстой гэж бодож явдаг. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, бараа бүтээгдэхүүнээс худалдан авч, хэрэглэхийг зорьдог. Миний хувьд сав, баглаа боодлын гоё сайхан нь биш, хэрэглэхэд тохиромжтой байдал, эдэлгээний чанар чухал. Хамгийн гол нь үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэх нь сэтгэлзүйн хувьд таатай мэдрэмж төрүүлдэг шүү. Миний хувьд уламжлал, шинэчлэлийг хослуулсан бүтээгдэхүүнүүд илүү таалагддаг.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн алхам бол мэдээж худалдан авалтыг нэмэгдүүлэх юм.  

Улс орныхоо эдийн засгийг үндэсний үйлдвэрлэлээрээ босгож чадсан Швейцар улсын жишээг дурдвал: Тэд дотоодын бүтээгдэхүүн нь импортын бүтээгдэхүүнээс 10%-р илүү үнэтэй байсан ч худалдан авахад бэлэн байдаг. Монголчууд бидэнд ийм хандлага хэрэгтэй байгаа юм. Өдөр тутмын хүнс, хэрэглээ, хувцас гээд л жижиг зүйлээс эхлээд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэж дадах нь эх орныхоо хөгжлийн төлөө хийж байгаа үнэ цэнэтэй алхам гэж ойлгон, үүгээрээ бахархдаг болох нь чухал гэж боддог. Миний хувьд эх орондоо тарьсан, үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээндээ ч үндэсний үйлдвэрлэлийг сонгон хэрэглэж байгаа. Эх оронч сэтгэлгээ сонголтоос эхэлдэг болов уу гэж боддог шүү. Иймээс “Вансэмбэрүү” экспод жил бүр хүрэлцэн ирж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна.

-Танд баярлалаа.  “Вансэмбэрүү” экспогийн үйл ажиллагаанд амжилт хүсье.   

Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.64.106) 2018 оны 11 сарын 15

Ene huuhen gaigui ajil hiigeed bgaa shuu.Ene zaluuchuudaa l sain demjih heregtei de

0  |  0
Top