Баян-Өлгий аймагт мансууруулах бодис, сум зэргийг оруулж ирдэг хууль бус бизнес хөгжих болжээ. Энэ талаар тус аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Г.Бахытаас тодруулсан юм.
-Танай аймгийн нутгаар дамжуулан хар тамхи зөөвөрлөх нь их байдаг гэж сонссон. Энэ талаар тодруулаач?
-Манай аймаг Казахстан, Орос, Хятад зэрэг улстай хиллэдэг. Эдгээр улс орнууд мансууруулах бодис зөөвөрлөдөг, хэрэглэдгээрээ бусад улс орнуудын анхаарлыг татдаг. Гэтэл манай аймгийн хэмжээнд мансууруулах чиглэлийн бодис илрүүлэх багаж төхөөрөмж дутмаг байна. Ингэснээр аймгийн нутгаар дамжин мансууруулах бодис зөөвөрлөж байгааг үгүйсгэхгүй. Тодруулбал, урд хөршид энэ чиглэлээр ял сонссон Байгалмаа гэх эмэгтэй манай аймагтай холбогддог хилийн боомтоор хэд хэдэн удаа мансууруулах бодис гаргаж, мөн оруулж ирсэн байдаг юм билээ. Үүнээс гадна хоёр жилийн өмнө гадны иргэнээс мансууруулж болзошгүй бодис илэрсэн. Гэвч түүнийг бид мансууруулах бодис мөн болохыг баталж чадаагүй учраас тухайн иргэнийг хил гаргасан байгаа.
-Яагаад баталж чадаагүй юм бэ. Хот руу явуулж шинжилгээ хийлгээгүй юмуу?
-Шинжилгээ хийлгэсэн. Гэвч хоёр өөр шинжилгээний хариу гарсан. Тиймээс дахиад шинжилгээнд хамруулах шаардлагатай болсон. Гэвч бидэнд дахин шинжилгээ хийлгэхэд санхүүгийн хувьд боломжгүй байсан учраас чадаагүй.
-Тэгэхээр хөдөө орон нутагт гэмт хэрэгтэй тэмцэхэд санхүүгийн хувьд хангалтгүй байдаг гэж ойлгож болох уу?
-Манай аймагт хуулийн дагуу гэмт хэрэгт тэмцэх мөнгийг олгодог. Харин мансууруулах бодисын шинжилгээ хийлгэхэд дээрх мөнгө хараахан хүрэлцэхгүй. Энэ шинжилгээг хийлгэхэд их мөнгө хэрэгтэй болдог юм билээ.
-Танай аймгийн хилээр сум их орж ирдэг гэж дуулсан?
-Манай аймгийн нутагт байдаг хар тарваганы арьс бусад улс оронд ховор эдийн тоонд ордог юм билээ. Тиймээс манай аймгийн иргэд хар тарваганы арьс хилээр гаргаад оронд нь сум ихээр оруулж ирдэг. Энэ байдал хэдийгээр хууль бус ч, нөгөө талаар сумын иргэдийн хэрэгцээ учраас хориглоод ч үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс манай аймагт улсын зөвшөөрөлтэй сум зарах цэгийн зөвшөөрөл олгох талаар холбогдох газруудаас хүссэн. Тодорхой хариу ирээгүй байна. Хэрэв сум зарах цэгтэй болчихвол энэ чиглэлээр далд бизнес эрхэлдэг иргэдийг хянахад хялбар болох юм.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 2 )
haha
Ene ch arai dendenee tegeeed sumaa hileer huuli busaar oruulj ireed huuli yoasni daguu zar gej bga hereg uu