Өнгөрөгч долоо хоногт ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлээс эхлэлтэй Төрийн мөнгийг шамшигдуулсан асуудлууд хурц хэвээр байлаа. Учир нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлд холбогдсон асуудлаар Засгийн газрыг огцрохыг шаардсан болон УИХ-ыг тарахыг шаардсан албан бичгүүд ар араасаа гарч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны Төсөвт тавьсан хориг, түүнээс урган гарсан намын бүлгүүдийн байр суурь, хоорондын саналын зөрчилдөөн анхаарлын төвд байв.
ДАВАА: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэв
Долоо хоногийн эхний өдөр буюу даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа эртлэн нэгэн мэдэгдэл хийсэн нь УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж, албан шаардлага хүргүүлсэн явдал байв. Тэрбээр шаардлагадаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт холбогдсон Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж, хэрэгт нэр холбогдсон бүх хүнийг албан тушаалаас нь чөлөөлж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн юм. Гэхдээ энэ нь удахгүй хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг өрсөж хийсэн мэдэгдэл байсан нь дараа нь өрнөсөн үйл явдлуудаар тодорхой болсон юм. Тодруулбал үдээс хойш хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлөөр мөн УИХ-ын дарга М.Энхболд, хотын дарга С.Батболд нарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын даргын хувьд асуудлыг намын бүлгээр хэлэлцэн шийдвэрлэхээр болсон бол хотын даргын асуудлыг НИТХ-аар хэлэлцэн огцруулах эсэхээ шийдэхээр болсон юм.
МЯГМАР: Машинтай жагсагчид Ерөнхий сайдтай ойлголцолд хүрэв
УИХ дахь МАН-ын бүлгээс ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм. Ингэснээр УИХ-ын гишүүн Ч.Улаан зургаа дахь удаагаа Засгийн газрын гишүүн болох эхлэл тавигдсан. Түүнийг одоо чуулганаар баталгаажуулах ёстой.
Эл өдрийн улс төрийн үйл явдлуудаас онцгой нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх машинтай жагсаал зохион байгуулж байгаа иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзсан явдал байв. Бензин, шатахууны үнэ өсч, энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөн, иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байгаа учир төр, засаг дорвитой арга хэмжээ авахыг шаардан иргэд автомашинтай жагсаал зохион байгуулж байсан. Уулзалтын үеэр Ерөнхий сайд “Шатахууны үнийг Засгийн газар хатуу тогтоож барих боломжгүй. Харин Онцгой албан татварыг тэглэх зэргээр тодорхой зохицуулалт хийж байгаа. Цаашид газрын тос боловсруулах үйлдвэрээ аль болох богино хугацаанд ашиглалтад оруулж хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангах нь хамгийн чухал” гэсэн. Уулзалтын үр дүнд Төрийн ордонг тойрч эсэргүүцлээ илэрхийлж байсан автомашинтай жагсагчид жагсаалаа зогсоох шийдвэр гаргасан юм.
Мөн шударга ёс тогтоохын төлөө зүтгэж байгаа Ерөнхий сайдыг автомашинтай жагсаалд оролцсон иргэдийн ард байгаа 20 гаруй мянган хүн дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан юм.
ЛХАГВА: ЖДҮ-тэй нэр холбогдсон өндөр албан тушаалтан ажлаа өглөө
Лхагва гарагт уламжлал ёсоор Засгийн газар хуралдаж Шанхайд консулын газар нээх, Бээжин, Токио, Владивосток зэрэг хотуудад худалдааны төлөөлөгчийн газар нээх зэрэг асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ улс төрд өрнөсөн онцлох үйл явц нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх хэрэгт нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнууд ажлаа өгсөн явдал байв.
Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өрөөндөө дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардлаа. УИХ-ын дарга М.Энхболд “Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-ын дэргэдэх байгууллага Үндэсний аудитын газрын дарга Таны нэр холбогдсон. Тиймээс Та хариуцлага хүлээх ёстой. Би Таныг энэ албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй гэж үзээд өргөдлөө өгөхийг шаардаж байна” гэсэн. Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хамаарал бүхий компани, авсан зээлийнхээ талаар товч тайлбарлаад, иргэд олон түмний болон Таны шаардлагыг хүндэтгэж байна. Ойрын үед өргөдлөө өгөх болно гэв.
Гэхдээ УИХ-ын дарга ерөнхий аудиторт ёс зүйн хариуцлага хүлээх шаардлага тавьсан мөртлөө өөрөө ёс зүйн хариуцлага хүлээхгүй зугтаж байгааг шүүмжлэх иргэд олон байлаа.
ПҮРЭВ: Ерөнхийлөгч 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан ч бүлэг "хүлээж авахгүй" гэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн өдөр гэдгээрээ олон чухал үйл явдал өрнөсөн өдөр. Онцлох үйл явдалд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг томилох шийдвэрийг тус бүлгийн гишүүд гаргасан явдлыг нэрлэж байна. Эл шийдвэрийг өмнө нь МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргаад байсан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллана. Ингэхдээ гурван чиглэлд анхаарна. Улс төрийн амаргүй цаг үед бүлгийн даргын ажлыг хүлээн авч байна. Бид өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 65 суудал авч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн" гэв.
Эл өдрийн өөр нэгэн үйл явдал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан явдал байв. Төсөвт бүхэлд нь хориг тавина гэдэг нь 2019 оны төсвийг задалж, бүгдийг дахин хэлэлцэх байдал үүсгэсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн нийт зарлага 11.5 их наяд төгрөг, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу түүхэнд байгаагүй өндөр алдагдалтай байгааг эсэргүүцсэн юм. Мөн “гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум төгрөг хүртэл өсгөн, татвар төлөгчдийн мөнгийг УИХ-ын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилж байгааг эсэргүүцэж, төсвийг танах замаар 500 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх зорилтыг бодитойгоор шийдвэрлэхийг шаардсан юм. Гэхдээ энэ бол улс төрийн хүрээнд "гэнэтийн" үйл явдал биш байлаа. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь УИХ-ын хэд хэдэн шийдвэрт ХОРИГ тавьж, ХОРИГ тавидаг Ерөнхийлөгч хэмээгдэх болсон билээ.
Түүнчлэн МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн нэгдсэн шийдвэрт хүрсэнээ зарлаж, байнгын хороодын хуралдаануудаас ч "хүлээж авахгүй" шийдвэр гараад байгаа юм.
БААСАН: АН-ын гишүүд Засгийн газрыг огцруулахаар санал нэгдэв
МАН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хаалттай хэлэлцэж өдрийг барав.
Харин сөрөг хүчний зүгээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах саналыг дэмжих болно гэсэн мэдэгдэл хийлээ. АН-ын зүгээс У.Хүрэлсүхийн Засгийн газарт долоон удаа Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох болон Засгийн газрыг бүхэлд нь огцруулах шаардлага хүргүүлсэн байдаг аж. Энэ асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд “Хэрэв УИХ-аар У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох асуудал орж ирвэл Засгийн газарт хариуцлага хүлээлгэж хуралдаанд оролцоход бэлэн. АН-ын бүлэг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн” гэсэн юм.
Мөн ЖДҮ-ийн сангийн хөрөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниудад авсан, ашиг сонирхлын зөрчилтэй хоёр сайд энэ Засгийн газарт байгаа. Хоёр сайддаа хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улааныг дэмжих боломжгүй гэж АН-ын бүлэг үзэж байгаагаа илэрхийллээ. Гэхдээ тус бүлгийн гишүүдийн дунд ч өмнө нь сайдын албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгийг сонгон шалгаруулалтгүй олгосон гэх асуудалд нэр холбогдсон эрхэм ч мөн байгааг санах хэрэгтэй.
БЯМБА: Ерөнхий сайд нуруундаа гэмтэл авсны улмаас хуралдаанууд хойшлов
Бямба гарагт УИХ-ын чуулгаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэх учиртай байв. Мөн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох байсан.
Гэвч Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн нуруу гэмтсэн шалтгаанаар хуралдаанд суугаагүй тул АН-ын бүлгээс хэлэлцэж буй асуудлаас завсарлага авснаар товлогдсон хуралдаанууд хойшлогдсон.
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг танхимд орж ирэхийг шаардахад Шадар сайд Ө.Энхтүвшин “Ерөнхий сайд нуруундаа жижиг гэмтэл авчихаад байна. Үүнийг нь ойлгож болно биз дээ” хэмээн учирлаж байгаа харагдсан.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
МАН доторхи Сөрсөн базаа амжилттай болсон бололтой.Ард түмний болон намын эв нэгдэл нэрийн доор улс төр бизнесийн мафижсан бүлэглэлийн авилгал, хээл хахууль, улс төрийн өндөр албан тушаалтнуудын ашиг сонирхолын зөрчил, ёс зүйгүй, шударга бус байдал, өргөсөн тангарагаасаа няцсан, нэрийг нь барьж байгаа ард түмнийхээ болон эх орныхоо эрх ашгаас урвасан энэ байдлыг уучлашгүй. тэвчишгүй. Шударга ёсоор өлссөн ард түмэн чинь босоход бэлэн ”ДАРЬТАЙ ТОРХ” шиг байгааг болгоон тунгаана уу дээдэс минь
Тэгэсхийгээд нударган доогуураа өгч авалцаад чимээгүй болох биздээ хөөрхий. Авилгач албан тушаалтнууд нь улс орноо цөлмөөд, үхээнц ард иргэд нь тартагтаа тулсан амьдрал үргэлжлэх биздээ.