Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт болоод төрийн жинхэнэ алба хаагчдын түвшин тогтоох суурь судалгаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтыг зохион байгуулж байна.
Үзлэг шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгүүд НОБГ, аймгуудын ОБГ-уудад ажиллаж, хуваарийн дагуу үзлэг шалгалтыг явуулж байгаа юм.
Тухайлбал, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт ажилласан бол ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, үзлэг шалгалтыг зохион байгуулаад байна.
Мөн ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай, Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажилласан бол Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Дорнод аймагт ажиллаад байна.
Шалгалтаар тухайн газар, хэлтэс, анги, байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж байгаа юм.
Түүнчлэн “Төрийн албаны тухай” (шинэчилсэн найруулга) хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан удирдамжийн дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газар,хэлтэс, анги, байгууллагуудын алба хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтыг зохион байгуулж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )