Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

 

Галав эриний зөнч

Долоон бурхан одод залхуутайяа гялалзах
Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй
Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх
Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай
Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр
Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр
Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр
Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр
Хоёрдугаар сард л дуртай
 

Түнэр харанхуй шөнийн хүйтэнд захаа босгож
Түнэр харанхуй нь шуурганд дарагдсан их талд
Малгайгаа бүчилсэн найрагч зүг чигээ алдаж
Манан, салхи, шуурга, шөнө уулстай нөхөрлөнө
Хөлдүү салхинд хормой нь дэрвэж дотор нь халууцах
Хөөрхий найрагч их орчлонд тэнүүчлэхээр ирсэн юм
Галав эриний их зөнч, сүйрлийн дууч энэ хүнийг
Галзуу цасан шуурга улин тосож авсан юм
Дүнгэнэх тэнгэр, аварга их уулс царцах хүйтэнд
Дүнчүүр чоно улин хэмхэлцэх лугаа их шуурганд
Хүн төрөлхтний шөнийн харанхуй энэ их шуурганд
Хүйтэн орон зайг бүлээцүүлэн ганц найрагч алхана

 

Очирбатын Дашбалбар

1955 онд Сүхбаатар аймгийн Наран суманд төржээ. 1984 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. Түүний уран бүтээлийг үнэлж 1988 онд МЗЭ-ийн шагнал, 1996 онд төрийн шагнал хүртсэн. “Оддын аялгуу”, “Жаахан шарга”, “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бие биеэ хайрла, хүмүүс ээ” зэрэг 10 гаруй ном хэвлүүлжээ. Түүний “Талын хөх чоно”, “Дарьганга аялгуу”, “Тэнгэр шиг бай”, “Янжинлхамыг баясгах дуулал” зэрэг шүлгүүд нь олны дунд тархаж, талархал хүртсэн шилдэг бүтээлүүд юм. Монголын авьяаслаг, гал цогтой, үнэнч шударга үгтэй энэ найрагчийн долоо хоног эхэллээ. Наран ургах дорнын цэнхэр хязгаараас төрсөн эрхэм шүлэгчийн найргийн дээжээс хүртэнэ үү!

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top