Бензин, дизель түлш хомсдож Монголд амьдрал хүндрэх төлөвтэй. Хотын автобус үнэ нэмнэ гэж айлгах боллоо. Засгийн газар ядаж хорь хоногийн шатахууны нөөцтөй болох гээд тархиа гашилган, нийслэл хот болон Дархан-Уул, Говьсүмбэрт 60 мянган тонны багтаамтай агуулах барихаар болж байна. Хоёр удаа хусагдахаа шахсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт харин өглөө бүхэн шатахууны талаар өөр, өөр юм яриад байдаг болчихож. Өчигдөрхөн уул уурхай, газар тариалангийн ажилд шатахууны хомсдол нөлөөлөхгүй гэж байснаа өнөөдөр “Уул уурхай, газар тариалангийн салбар хүнд байдалд орох шинжтэй” гэж байна. Маргааш цаадах чинь аягүй бол шатахуун “будаа” болсон, “Одоо өнгөрсөн шүү, монголчуудаа, амь амиа бодоорой” гэх нь л дээ. Салбар хариуцсан сайдын амыг л хүмүүс хараад сууж байгаа. Оросууд манайд хангалттай нөөцлөх шатахуун өгөх санаа бага байх шиг байна. Тэд манайхныг нутгийн маань гүнээс, бүр холоос ирж шатахуунаа авбал ав гэсэн бололтой. Дээр нь импортын татвараа нэмчихлээ. Оросын төвийн бүсээс шатахуун тээвэрлэхэд үнэ нэмэхээс өөр аргагүй гэж байна. Манай дотоодын үйлдвэрлэлийн суурь үнэ ийнхүү өсөх ажээ.
Сэтгүүлч Х.Тулга
Zinbaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )