Дизайнер Д.Отгонжаргал: Би ажлаа ЖАРГАЖ хийдэг

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

 Орчин цагийн загварын чиг хандлагыг тусгаж, гар аргаар нарийвчлан чимэглэсэн, дахин давтагдашгүй цор ганц хувь урладаг онцгой гоёлын даашинз бүтээгч, Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалтай  их ажлынх нь дундуур хэсэг хөөрөлдсөнөө танд сонирхуулъя. Тэрбээр “O Couture” fashion high шоугаа тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн тухайд “WONDERLAND FASHION SHOW-2019” нэртэйгээр танд хүргэх гэж байна.


 

WONDERLAND FASHION SHOW-2019”-ын онцлогийн талаар ярилцлагаа эхлүүлье?

-Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрйн мэнд хүргэе. ”O Couture“ шоу тав дахь жилдээ WONDERLAND FASHION SHOW-2019” нэртэйгээр арванхоёрдугаар сарын 1-нд үзэгчдийн мэлмийг баясгахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Гоо сайхан ертөнцийг аварна гэдэгчлэн би эмэгтэйчүүдэд хандсан сайн сайхан мессеж өгөхийг их хүсдэг. Тийм болохоор эмэгтэй хүний гоо сайхныг дандаа магтан дуулсан, бүсгүй хүний гоо сайхныг тодотгосон бүтээлүүд урлах дуртай. Тэгээд жил болгон загварын шоугаа зохион байгуулахдаа  ямар сэдвээр хийх вэ, ямар утга агуулгатай байх вэ гэдэг дээр эрэл хайгуул, судалгаа хийж боловсруулдаг. Энэ жилийн шоуны онцлог гэвэл хамгийн энгийнээр ойлгох юм бол эмэгтэй хүн болгоны дотор бага насаа дурсан санагалзсан, сахилгагүй дүр төрх байнга нуугдаж байдаг, харин охидуудад сайхан бүсгүй болно гэсэн далдхан мөрөөдөл оршиж байдаг. Энэ хоёрын доторх хоорондоо уялдсан утга санааг илэрхийлэхийг зорьсон. Манай нэг шоуны үг байдаг, эмэгтэй хүн болгоны дотор бяцхан гүнж нуугдаж байдаг, бяцхан гүнжүүдийн дотор жинхэнэ эмэгтэй хүн болох гоо сайхан хүсэл эрмэлзэж байдаг гээд. Өчигдөр манайх шоундаа зориулж шторк болон постерийн зураг авалтуудаа хийсэн л дээ. “Wonderland” зурганд бага нас, залуу нас, идэр насны бүсгүйчүүдийн гурван үеийн төлөөллийн гоо үзэсгэлэнг харуулахыг зорьсон байгаа.

-Бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна. Нэг даашинз урлахад удаан хугацаа зарцуулдаг байх?

-Бэлтгэл ажил 70 хувьтай хангагдаад явж байна. Би ажлаа жаргаж хийдэг. Тэр ч утгаараа загварын шоу хийхдээ үргэлж догдлол дүүрэн, сэтгэлээс эрч хүч ундраад байдаг. Яг үнэндээ бид бэлтгэл ажилдаа ороод удаагүй байна. Гэхдээ ачаалалтай байгаа учраас сүүлийн 10 хоног унтахгүй ч байж мэднэ /инээв/. Хичнээн их ажиллаж ядарсан ч гэсэн бид нар эргээд зохион байгуулсан загварын шоунаасаа цэнэг авч чаддаг. Нөгөө талаар итгэл, сэтгэл, гар нийлсэн хамт олон гэдэг ажил урам зоригтой урагшлахын үндэс бөгөөд энэ хэдгүй бол би хэн ч биш дээ. Саяхан манайх бас нэг шинэ коллекцио танилцуулсан. Ер нь сар бүр коллекц танилцуулж байх зорилго тавьсан. 

 

-Энэ жилийн тухайд хэдэн бүтээл дэлгэгдэх вэ?

 -Загваруудын тухайд 70 бүтээл дэлгэгдэнэ. Бүгд нарийн гар ажиллагаатай учраас сайн хамт олны хүчинд ажил амжилттай урагшилж байна. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэж шингэсэн гайхалтай бүтээлийг толилуулна.

-Таны загварт дуртай хүмүүс ямар нэгэн сюрприз хүлээгээд байдаг шиг санагддаг?

-Ерөнхийдөө “Wonderland” нэрнээсээ авахуулаад өнгө аяс нь ойлгомжтой байгаа биз. Бид үлгэрийн ертөнцөд зочилсон мэт романтик өнгө аястай загвар, романтик орчин бүрдүүлэхийг зорьж байна. Загварын шоунд очсон хүн  яг л үлгэрийн ертөнцөд очсон мэт тэр сайхан мэдрэмж авах хэмжээний орчин бүрдүүлнэ. Тиймээс, загварууд үдшийн, гоёлын, романтик стилийн цэцэг навч давамгайлсан, хэлбэрээр тоглосон, харахад гүнжийн ч юм шиг загварууд олныг гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

 

-Загвар зохион бүтээгчид янз бүрийн нөхцөл байдалд санаа төрдөг гэж сонсож байсан л даа. Таны хувьд?

-Салбар маань маш хурдан хөгжиж байгаа учраас бид байнга өөрсдийгөө хөгжүүлж, бүтээл туурвих санаагаа олох ёстой байдаг. Зогсож болохгүй. Бараг сүүлдээ унтаж болохоо байсан. Бид дэлхийн хэмжээгээр аваад үзвэл, тэд дөрвөн улиралд загварын шоу хийж, коллекцио танилцуулдаг бол манайд тэр бүхний хажуугаар олон баяр нэмэгддэг. Жишээ нь, шинэ жил, хонхны баяр, наадам, цагаан сар гэх мэт. Бид нарын хувьд байнга өөрийгөө цэнэглэж, гоё санаа, эрэл хайгуул хийхгүй болохоор зогсонги байдалд хүргэх талтай. Манай салбар хурдацтай хөгжиж байгаа болохоор хэн бусдаас илүү загвар гаргаж, хэн нь хурдан коллекцио танилцуулж чадсан нь илүү үр дүнд хүрнэ. Ерөнхийдөө санаагаа, дэлхийд ямар чиг хандлага ноёрхож байна гэдгийг харна, мөн монголчууд юу хэрэглэж байна, бусадтай давхцахгүйн тулд юу хийх ёстой гэхчлэн маш их судалгаа хийдэг.

 

-"O Couture" брэнд байгуулагдаад хэдэн жил болж байгаа билээ. Одоо бол та бүхнийг маш амжилттай загварын салоны нэг гэж үйлчлүүлэгчид тань үнэлдэг болж?

-2014 онд бидний атгасан гар шиг таван хүн хүсэл зорилго нэгдэж "O Couture" брэндээ үүсгэн байгуулж байлаа. Яг энэ жилийн шоу шиг 70 хувцастай загварын шоуг сарын дотор л хийж дуусгасан. Ингээд бодоод үзэхэд, таван жилийн дотор маш их өөрчлөлт, ахиц дэвшил гарсан байна.Тухайн үед намайг мэддэг найз нөхөд маань л манайхыг зорьж ирдэг, цөөхөн хүрээний үйлчлүүлэгчтэй байсан бол одоо бүтээлийг минь үнэлээд ирдэг салбар бүрийн үйлчлүүлэгчтэй болсон байна. Үүнийг маш том ахиц гэж харж байгаа. Эхний хоёр жилдээ манай урлан хасах бланстай ажилладаг байлаа. Би цалингаа тавиад 200, 300 мянган төгрөгийн л ашиг, үлдэгдэлтэй гардаг. Гэхдээ түүндээ баярлаад л, яг л ийм байх ёстой юм шиг санаж байсан. Бүтээгдэхүүнээ сайн, чанартай хийгээд байх юм бол хүмүүс өөрсдөө хүрээд ирдэг. Түүнээс мөнгө хөөцөлдөөд ч юм уу, бизнес хөөцөлдөөд хийсэн бол арай өөр байх байсан байх. Миний баримталдаг зарчим байдаг л даа. Аливааг чин сэтгэлээсээ хийх дуртай. Захиалга авахдаа ч гэсэн олон тоогоор хийдэггүй. Нэг өдөр захиалга авлаа гэхэд маргааш нь гарна гэсэн ойлголт надад байхгүй. Би олон зүйлд сатаарч, өмнөх ажилдаа тавьсан анхаарлаа сулруулахгүй гэж боддог учраас цөөн захиалга авдаг. Түүнийгээ чанартай гүйцэтгэж ажилладаг.

-Та Азийн шилдэг дизайнер болж чадсан. Тэр ч утгаараа дэлхийд гарахад бид ойртож байна гэж харж байгаа?

-Манай баг хамт олон гадаад зах зээлээ өргөжүүлье гэсэн маш том зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд дотоод гэхээсээ илүүтэй “O Couture” брэндтэй хамтран ажиллах санал гадны орнуудаас их ирдэг болсон. Гэхдээ эхний ээлжинд бид Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн сайн дизайнер, сайн брэнд  байх ёстой. Ингэж чадвал гадны зах зээл рүү нэвтрэхэд төвөггүй юм болов уу, гадны улсууд өөрсдөө саналаа тавиад хүрээд ирдэг л дээ. Өвөрмонголын зах зээлд “Cabi” брэнд дэлгүүрээ нээж, загварын шоугаа толилуулсан. Энэ бол дөнгөж эхлэл,  илүү их зүйл хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Цаашлаад Шинжинь, Хонконгт загварын шоугаа хийнэ гэсэн төлөвлөгөө орсон байна.

 

-Олон урлан нээгдэж, өөрсдийн брэндээ бий болгосоор байна.  “O Couture” брэнд чухам юугаараа тэднээс ялгаатай гэж та товчоор тодорхойлох вэ? 

-Тэрийг бол хүмүүс надаас асуулгүйгээр миний бүтээлээс хараад мэддэг болчихсон байна. 1999 онд “Урлах эрдэм” дээд сургуульд элсэж орсноосоо хойш амьдралынхаа 13 жилийг тэнд өнгөрүүлсэн байна. Яагаад гэхээр оюутан болоод, төгсөөд сургуульдаа багшаар үлдэж, загварын хүмүүстэй ажиллаж, загварын тогоондоо чанагдаж өдийг хүрсэн. Ихэнх загвар зохион бүтээгчид костюм ч юм уу, гадуур хувцсаараа дагнаад явчихдаг л даа. Би харин хамгийн нарийн ажиллагаа ихтэй, Couture ажиллагааг сонирхож дагнаж явсаар өдийг хүрчихлээ. Энэ ажиллагаа маань өөрөө цаг хугацаа их ордог, хүнд тэсвэр тэвчээр өгдөг гэж бид боддог. Одоо хүмүүс тодорхой хэмжээгээр миний бүтээлийг хараад “Отгонжаргалын даашинз” байна шүү дээ гэж мэддэг болсон нь давуу тал гэж бодож байгаа. Энэ бол миний өдий хүртэл хичээж зорьсон зүйлийн маань үр дүн юм болов уу гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны загварын шоунд амжилт хүсье!

-Баярлалаа

 

 


 

Д.Цэцэг

WWW.ZINDAA.MN

Top