Энэ долоо хоногт АПЕК-ийн түүхэнд анх удаа Ази, Номхон далайн 21 улс орны удирдагчид нэгдмэл байр сууринд хүрч, хамтарсан тунхаг бичиг гаргаж чадсангүй. Энэ нь БНХАУ, АНУ-ын хооронд худалдааны болон бусад асуудлаар хагарал үүссэнтэй холбоотой.
Анх удаа Папу Шинэ Гвиней улсад болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс нарын хэлсэн үг АПЕК-ийн улс орнуудыг хуваагдахад хүргэв. Пенс жижиг улс орнуудыг Хятад улсын "Бүс ба Зам" дэд бүтцийн хөтөлбөрт хууртахгүй байхыг анхааруулж, АНУ харин түнш орнуудаа “Өрийн далайд живүүлж, тусгаар тогтнолд нь заналхийлдэггүй” гэж өөрсдийгөө тодотгоод, АНУ-тай хамтран ажиллахыг уриалав. Хятадын удирдагч Ши Жиньпин хэлсэн үгэндээ "Бүс ба Зам" санаачилга бол ямар нэгэн “занга” биш, “далд зорилго” агуулаагүй хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр, “Эхлээд Америк” гэсэн худалдааны протекционист буюу хамгаалах бодлогыг буруушаасан байна.
Энэхүү дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар оролцоогүй юм.
Мягмар гарагт /2018.11.20/ энэхүү уулзалтын аюулгүй байдлыг хангаж ажилласан цагдаа болон бусад ажилтнууд Папуа Шинэ Гвинейн парламентын ордон руу дайран орж, ажлын хөлсөө нэхэж, эсэргүүцлээ илэрхийлсэн хэрэг гарсан билээ.
Энэ долоо хоногт сар гаруй хугацаанд үргэлжилж буй Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн хэрэгтэй холбоотой асуудал дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсан хэвээр байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчийн үхлээс өөрийн холбоотон болох Саудын Арабтай харилцах харилцааг илүү чухалчлав. Хашоггийн аллагыг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү захиалсан гэсэн АНУ-ын Тагнуулын төв газраас гаргасан дүгнэлт болон Конгрессын шаардлагын эсрэг зөрж ийнхүү мэдэгдлээ.
Сэтгүүлчийн аллагатай холбогдуулан Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүд ханхүү Мухаммед Сальманг хаан ширээг залгамжлах эрхгүй хэмээн үзэж буй талаар Ройтерс агентлаг эх сурвалжийг дурдан мэдээлэв. Гэхдээ 82 настай хаан Сальман амьд байгаа цагт тэд ханхүүг хаан ширээнд суухад нь саад болж чадахгүй юм.
Аймшигт хэрэгтэй холбогдуулан Франц улс Саудын Арабын 18 иргэнд Франц улсад зорчих эрхийг хязгаарлалаа. Үүнээс гадна Дани, Герман зэрэг улс Саудын Арабт зэвсэг нийлүүлэх гэрээгээ цуцалсан юм.
Олон улсын цагдаагийн агентлаг буюу Интерполын даргаар БНСУ-ын иргэн Ким Жон Ян сонгогджээ. Тэрбээр энэ байгууллагыг хоёр жилийн хугацаанд тэргүүлэх юм.
Ким Жон Янтай ОХУ-ын иргэн Александр Прокопчук өрсөлдсөн. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг гол өрсөлдөгчөөр нэрлэж байсан хэдий ч АНУ-ын зүгээс ОХУ-ын иргэнийг Интерполын даргаар сонгохын эсрэг байр суурьтай байв.
Кремлийн зүгээс АНУ-ыг Интерполын тэргүүний сонгуульд шахалт, нөлөө үзүүлсэн хэмээн буруутгасан билээ.
Британийн Хүүхдийн төлөө сангийн судалгаагаар, гурав гаруй жилийн өмнөөс хурцадсан Йемений дайны улмаас таваас доош насны 85 мянган хүүхэд харангадаж эсвэл өвчний улмаас хорвоог орхижээ.
НҮБ болон бусад хүмүүнлэгийн байгууллагуудын тусламжийг нэвтрүүлдэг гол боомт болох Ходейдах боомт хотод нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор ийнхүү хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн гэж үзэж байна.
Зуун мянган хүний амийг авч одсон Йемений дайн тус улсын 14 сая иргэнийг харангадаж үхэх аюулын ирмэгт авчирсан гэж НҮБ-ын илтгэлд дурджээ.
АНУ-ын Калифорни мужид ойн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 83 болж нэмэгджээ. “The Associated Press” агентлагийн мэдээлснээр цогцоснуудыг ДНК-гийн шинжилгээний тусламжтайгаар таньж байгаа аж.
Калифорни мужид онц байдал зарлаад байгаа билээ. Ойн түймрийн улмаас 7600 гаруй байшин шатжээ. 1276 хүн ор сураггүй болсон байна.
Dolce & Gabbana компанийн Шанхайн загварын шоунд зориулсан сурталчилгааны дүрс бичлэгээс болж шуугиан дэгдэж, Хятадын томоохон цахим худалдаа эрхлэгчид Италийн Dolce & Gabbana брэндийн барааг худалдаанаас эргүүлэн татлаа.
Сурталчилгааны дүрс бичлэг олны дургүйцлийг хүргэсэн бөгөөд загварын шоуг хүртэл цуцлахад хүргэсэн байна.
Үүнээс гадна Хятадын хэд хэдэн томоохон бизнес эрхлэгчид тус брэндтэй харилцаагаа тасалсан бол Хятадын алдартнууд, загварын агентлагууд тус шоунд оролцохоос татгалзжээ.
Үүнтэй холбогдуулан Dolce&Gabbana компани албан ёсоор уучлал гуйсан билээ.
Хойд болон Өмнөд Солонгос цэргийн бүс дэх авто замаа холболоо. Сөүл, Пхеньян хоёр 12 метрийн өргөнтэй хайрган замыг цэрэггүй бүсэд холбох талаар өмнө нь тохиролцоонд хүрсэн билээ.
Хамгийн ширүүн тулаан болж байсан бүсэд Хойд болон Өмнөдийг холбосон зам нээсэн нь түүхэн ач холбогдолтой. Замыг холбосноор талуудад хуучин дайны шархыг аниулж, амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг эрэн хайх хамтарсан ажиллагааг эрчимжүүлэх боломжийг нээж байна гэж БНСУ-ын батлан хамгаалах яамнаас гаргасан хэвлэлийн мэдээнд дурджээ.
Хоёр Солонгосын эрх баригчид төмөр замыг холбох ажлын нээлтийн ёслолыг арваннэгдүгээр сарын сүүлээр юм уу, арванхоёрдугаар сарын эхээр хийхээр тохиролцжээ.
Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Мексикийн Тихуана хилийн хотод бөөгнөрсөн Төв Америкийн хэдэн зуун дүрвэгч АНУ-ын хилтэй залгаа гүүрний зүг чиглэжээ. Тэд АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хилийн хот, Мексикийн Тихуана хилийн боомт хотыг холбосон Эль-Чапаррель гүүрэнд тулж ирээд байгаа юм. Нөхцөл байдлыг АНУ-ын нисдэг тэрэгнүүд дээрээс нь ажиглаж байгаа аж.
Нэг сарын өмнө бий болсон Гондурас, Сальвадор, Гватемал зэрэг Төв Америкийн улс орны иргэдээс бүрдсэн дүрвэгсдийн цуваа нийт 4400 гаруй км замыг туулж эхнээсээ АНУ-тай хил залгаа Мексикийн Тихуана хилийн боомт хотод ийнхүү тулж ирээд байгаа юм.
АНУ-ын зүгээс дүрвэгсдийн цувааг хилээр нэвтрүүлэхгүйн үүднээс Мексиктэй залгаа хил дээр нэмэлт хүч илгээсэн бөгөөд одоогийн байдлаар хил дээр 5.9 мянган цэрэг байрлуулаад байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп шаардлагатай үед дүрвэгсдийн эсрэг хүч хэрэглэх эрхийг цэргүүдэд олгосон юм.
Энэ долоо хоногт Нью Йорк хотын захирагч асан, тэрбумтан Майкл Блумберг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуульд 1.8 тэрбум ам.доллар хандивлаж, Гүржийн Засгийн газар тус улсын 600 мянга гаруй иргэдийн банкин дахь өрийг тэглэх шийдвэр гаргаж, Канад улсын хар арьстай иргэдийн эрхийн төлөө тэмцэгч анхны эмэгтэй Виола Десмондын хөрөг бүхий босоо хэлбэртэй мөнгөн тэмдэгтийг эргэлтэд оруулж, буяны үйлс, хүнлэг сэтгэлээр олны хайр, хүндлэлийг хүлээсэн жүжигчин Киану Ривз найз бүсгүйтэй болсон зэрэг үйл явдлаар дүүрэн өнгөрлөө.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )