УЛС ТӨРИЙН ТОЙМ: Ерөнхий сайд төрийн их ЦЭВЭРЛЭГЭЭ эхэлснийг мэдэгдэж, УИХ-ын дарга ЯРИЛЦЛАГА өглөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 25

     УИХ-ын нэр бүхий 27 гишүүн өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьснаар эхэлсэн долоо хоног шувтарч байна. Өнгөрч байгаа энэ долоо хоногт улс төрийн үйл явдал өрнүүн байлаа. Засгийн газар нь унах, эс унахын заагт байгаа эгзэгтэй үед хийсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдэл одоо ч олон нийтийн анхаарлын төвд байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тойрсон асуудал ч намжсангүй. Улс төрийн жижиг нам, эвслүүд ч Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг парламент хүлээн авахаас татгалзсан нь дөрөв дэх удаагийн үйлдэл боллоо. УИХ-ын дарга М.Энхболдыг хууль зөрчсөн хэмээн үзсэн парламентын 32 гишүүн чуулганы хуралдаанаа орхин гарч, "ангийн дарга"-аа огцрохыг шаардлаа. Зарим албан тушаалтанд улс төрийн хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө гээд өнгөрч байгаа энэ долоо хоногт улс төрийн үйл явдал их байлаа. Долоо хоногийн төгсгөлд буюу өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд МҮОНТ-д ярилцлага өгсөн нь мөн олон нийтийн анхаарлыг татаад байна. Ингээд энэ долоо хоногт болж өнгөрсөн улс төрийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.      


  -МАН-ЫН ДАРГЫН ХУВЬД НАМАА, ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНИЙ ХУВЬД ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭХЭЭ МЭДЭГДЭВ- 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт /2018.11.23/ мэдээлэл хийлээ. Тэрбээр МАНАН бүлэглэлтэй хатуу тэмцэхээ илэрхийлж, УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаал, эрх мэдлээс нь чөлөөлөхөө дахин мэдэгдлээ. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон нөхдөд улс төрийн хариуцлага хүлээлгэж, хуулийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдвол намын хариуцлага тооцохоо ч давхар санууллаа. Тэрбээр МАН-ын даргын хувьд намаа, Засгийн газрын тэргүүний хувьд төрөө цэвэрлэхээ мэдэгдсэн нь өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа.

Хамгийн гол нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллийнхээ үеэр хэд, хэдэн анхаарал татсан сэдвийг хөндөж, байр сууриа илэрхийлсэн явдал юм. Тэрбээр хоёр жилийн турш олон нийтийн анхаарлын төвд байгаа 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг тодотгосон нь анхаарал татлаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа өг гэж шаардаж, огцор гэж хэлсэн. Та бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон хүн. Би өнөөдөр нэг зүйлийг албан ёсоор хэлье. Тэр 60 тэрбумын бичлэг гэдэг чинь үнэн шүү. Тэр яриаг М.Энхболд хийсэн нь үнэн. Тэр бол эвлүүлэг биш. Монголын төрийн албан тушаалыг хууль бусаар зарж, олох гэсэн энэхүү оролдлогыг тэр хийсэн үү, хийсэн. Ярьсан уу, ярьсан. Хэрэгжүүлсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна.Үүнийхээ төлөө УИХ-ын дарга огцрох ёстой" хэмээн хэлсэн билээ. 

Харин сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудалд ч байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Зээл авсан хүмүүст хариуцлага тооцож байна. Төрийн албанд ажиллаж байсан зарим нөхдийг чөлөөлсөн. Цаашид ажлаас нь чөлөөлөх хүмүүс ч бий. Тэднийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Хүнийг бас хэлмэгдүүлж болохгүй. Гэм буруутай нь тогтоогдвол дахин хариуцлага тооцно. Монгол Улсын Засгийн газар 27 санд шалгалт оруулчихсан байгаа. Эхнээсээ идэж, уусан асуудлууд илэрч байна. Эхлээд сайн шалгах ёстой. Хэн буруутайг нь эхлээд тогтоох ёстой" гэх тайлбарыг өгсөн юм.  

Тэгвэл төрд шургалсан гэгддэг МАНАН бүлэглэлийн талаар ам нээсэн хоёр дахь Ерөнхий сайд боллоо. Учир нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс өмнө Н.Алтанхуяг Засгийн газрыг тэргүүлж байхдаа "МАНАН бүлэглэлтэй тэмцэх болно" гэдгээ мэдэгдсэн байдаг. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАНАН бүлэглэл төрд шургалсан гэдгийг тодотгож, тэдний үр сад нь хүртэл төрийн албанд ажиллаж байгааг мэдэгдсэн юм. Тиймээс МАН-ын даргын хувьд МАНАН бүлэглэлийг төрөөс зайлуулж, хатуу тэмцэх болно гэдэг байр суурийг илэрхийлсэн нь одоо ч улс төрийн халуун сэдэв хэвээр байна.

-ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ АЛБАН БИЧИГТ НАМЫНХ НЬ 27 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ-


Улс төрийн хариуцлага хүлээж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Д.Хаянхярваа Засгийн газрыг унагахаар 27 гишүүний гарын үсгийг цуглуулж, УИХ-ын дарга М.Энхболдод өнгөрсөн даваа гарагт /2018.11.19/ өргөн барьсан нь онцлох үйл явдлын нэг байлаа. Албан тушаалаасаа огцорсон хариугаа Засгийн газрыг унагах албан бичгээр барьсан түүний саналыг сөрөг хүчин болох УИХ дахь АН-ын бүлгийн есөн гишүүн дэмжихээ илэрхийлэв. Түүнчлэн парламентад МАХН-ыг төлөөлж суугаа ганц гишүүн болох О.Баасанхүү ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах байр суурьтай байгаагаа мэдэгдсэн юм.

-ПАРЛАМЕНТЫН 32 ГИШҮҮН УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫГ ОГЦРОХЫГ ШААРДЛАА-


УИХ-ын нэр бүхий 32 гишүүн "ангийн дарга"-аа албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардаж, чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарсан нь урд өмнө нь гарч байгаагаа улс төрийн онцлох үйл явдал боллоо. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг хууль зөрчиж байна хэмээн үзэж, албан тушаалаа хүлээлгэж өгөхөөс нааш чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэд энэхүү тэмцлээ "бойкот" гэж тодотгосон бөгөөд УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа хүлээлгэж өгтөл үргэлжлүүлнэ гэдгээ өнгөрсөн пүрэв гарагт /2018.11.22/ хийсэн мэдээллийнхээ үеэр хэллээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан "УИХ-ын 40 гишүүн уулзсан. Хариуцлагыг УИХ-ын даргад хариуцлага тооцохоос эхэлье гэдэг дээр шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, 60 тэрбумын бүлэглэл, “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардаж авсан бүлэглэл, концессчид, үргэлж хууль бус үйлдэл хийдэг УИХ-ын даргад хариуцлага тооцохгүйгээр Монголын төр цэвэрлэгдэхгүй юм байна. Тиймээс МАНАН-гийн бүлэглэлтэй хамтарч тэмцэе гэж УИХ-ын 40 гаруй гишүүн шийдвэр гаргасан юм. МАНАН-гийн гол толгойлогч нь УИХ-ын дарга М.Энхболд гэж хүн" гэх тайлбарыг өгсөн билээ.

-ЖДҮ-ТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ НӨХДИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ-


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тойрсон асуудал энэ долоо хоногт ч улс төрийн гол сэдвийн нэг байлаа. АТГ-аас зээл авсан хэрэгт холбогдсон бүх хүнд хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа билээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тухайлбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өөрийн хамаарал бүхий "Хос Эрхэс" компаниараа дамжуулж, 500 сая төгрөгийн зээл, "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан "Баяр плант ХААБ" ХХК, Капиталфактори", "Эм Эм Жи капитал" зэрэг аж ахуйн нэгжээрээ дамжуулж 3.3 тэрбум төгрөгийн зээл, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн "Дархан мах" компаниараа дамжуулж 450 сая төгрөгийн зээл, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа "Их Улс" компаниараа дамжуулж, 680 сая төгрөгийн зээл авсан болох нь илчлэгдэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэднийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН ХОРИГТ "ҮГҮЙ" ГЭЖ ХЭЛЛЭЭ-


Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дөрөв дэх удаагаа хориг тавьжээ. Гэвч парламент бүгдийг нь хүлээж авахаас татгалзлаа. Хамгийн сүүлд л гэхэд Монгол Улсын 2019 оны төсөвт хэсэгчилсэн хориг тавьсан билээ. Харин Ерөнхийлөгчийн хоригийг өнгөрсөн баасан гарагийн /2018.11.23/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх хүлээж авахаас татгалзсан юм. Үүнээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг болон холбогдох байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2019 оны төсөвт хэсэгчилж тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг хүлээж авах шаардлаггүй гэж үзсэн билээ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа хүлээж авснаас хойш парламентын үйл ажиллагаа болон Засгийн газрын томилгоотой холбоотой дөрвөн асуудалд дөрвөн удаа хориг тавьсан ч бүгдийг нь УИХ хүлээж авахаас татгалзаад байна. 

-ПАРЛАМЕНТЫН ГАНЦ БИЕ ДААГЧ С.ЖАВХЛАН ХЭНИЙГ НЬ Ч ДЭМЖИХГҮЙ- 


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн Засгийн газрыг огцруулах албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байна. Засгийн газрыг огцруулах хийгээд хамгаалах гишүүдийн саналын "кноп"-ын харьцаа тэнцэж, бие даагч С.Жавхлан гишүүн аль талд санал өгөхөөс асуудал шийдэгдэж мэдэхээр байгаа юм. Тэгвэл С.Жавхлан гишүүний хувьд Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд аль нэг талыг дэмжихгүй. Тухайн үед шийдвэрээ гаргана гэдгээ мэдэгдсэн нь улс төрийн онцлох үйл явдлын нэг байлаа.

-ХОТЫН ДАРГА С.БАТБОЛДЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ АСУУДЛЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭНЭ-


МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын дарга С.Батболдыг утаа, замын түгжрэлтэй тэмцэж чадаагүй зэрэг үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх саналыг НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлээд байгаа билээ. Хотын даргыг улс төрийн хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж, тэр хэрээр шаардаж, шахаж байгаа юм. Харин Хотын дарга С.Батболд "Миний ажлыг Ерөнхий сайд биш, ард түмэн дүгнэнэ" гэх тайлбарыг өгсөн билээ.

Өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар НИТХ-ын хуралдаанд оролцох ёстой 45 төлөөлөгчөөс 43 нь оролцсон юм. Хуралдааны үеэр НИТХ дахь АН-ын бүлгээс “Ерөнхий сайдаас хотын даргыг огцруулах тодорхой хуулийн үндэслэл бүхий саналыг НИТХ-д оруулсан. Ерөнхий сайд хотын даргыг огцруулах тухай саналыг тавьж байгаа асуудал нь нийслэлийн засаг захиргааны түүхэнд анх удаа болж байна. Хуулийн дагуу зөв явахгүй бол маш ноцтой зүйл болно. Иймд ээлжит бус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцох хүртэл АН бүлэг завсарлага авч байна” гэдгийг хэлсэн.

Дараа нь НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун ч мөн бүлгийн нэгтгэсэн шийдвэрээ танилцуулж, ирэх оны төсөв хэлэлцэх гэж байгаа тул 14 хоногийн завсарлага авах санал тавьсан юм. Дээрх хүсэлтүүдэд үндэслэн НИТХ-ын  дарга С.Амарсайхан Хотын даргыг огцруулах асуудлыг ирэх мягмар гарагийн /2018.11.27/ 14.00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэх шийдвэрийг гаргаад байна.

-УЛС ТӨРИЙН ЖИЖИГ НАМ, ЭВСЭЛ ЗАСГИЙГ ОГЦРУУЛАХЫН ЭСРЭГ БАЙР СУУРЬТАЙ БАЙНА-


МАХН-ын зарим гишүүд  өнгөрсөн пүрэв гарагт /2018.11.22/  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед Засгийн газрыг огцруулах шаардлага байхгүй гэж тэд  үзэж байгагаа мэдэгдсэн билээ. Түүнчлэн ЖДҮ-ийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг өөрийн хамаарал бүхий компанидаа авсан төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох асуудал ярьж эхлэхээд өөдөөс нь Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж байна гэж дүгнэсэн юм. "60 тэрбумын асуудалд нэр холбогдсон ч өнөөдрийг хүртэл УИХ-ын даргаар ажиллаж байгаа М.Энхболд Засгийн газрыг огцруулах биш, өөрөө ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Төрийн албыг үнэлж, наймаалсан байх магадлалтай ноцтой хэрэгт нэр холбогдсон хүн Засгийн газраас шударга ёс нэхэх нь зүй бус" гэж МАХН-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн билээ. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж, Иргэний зориг ногоон намаас мэдэгдэл гаргасан байдаг.

-УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД МҮОНРТ-Д ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ-


Ерөнхий сайд У.Хүрэлсүх баасан гарагт Төрийн ордонд сэтгүүлчдийг цуглуулан мэдэгдэл хийсэн бол бямба гараг буюу өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд МҮОНРТ-д ярилцлага өглөө. Тэрбээр "Би газар олгож байсан ч зарж байгаагүй, Засгийн газар УИХ-ыг бойкотлох эрхгүй, энэ бол хууль зөрчсөн үйлдэл, би төрийн өндөр албан тушаалд шигдэж суудаг зан байхгүй, харин хариуцлагатай үед ажлаа өгөх нь зугтааж байгаа хэрэг гэж бодож байна, "Эрдэнэт", Оюутолгой, Төмөр замын 700 тэрбумын асуудал, АСЕМ, ЖДҮ-г шалгах ёстой" гэх зэргээр өнөө цагт өрнөөд байгаа асуудлуудаар өөрийн байр сууриа илэрхийлэв. Харин олон нийтийн зүгээс хэвлэл мэдээллийхнийг цуглуулж, олон сэтгүүлчидтай ярилцахгүй ганцхан телевизэд ярилцлага өгсөнд шүүмжлэлтэй хандаж байлаа.

Ирэх долоо хоногт У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх, УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх эсэх, НИТХ-ын Тэргүүлэгчид Хотын дарга С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх, Монгол Улсын 2019 оны Төсвийг гацаанаас гаргах гээд олон чухал үйл явдал улс төрийн халуун тогоонд өрнөхөөр хүлээгдэж байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
songogch(64.119.17.124) 2018 оны 11 сарын 27

Javhlan gishuun zugeer zailval taarna. Chamd Enkhbold yu gej hair zarlaad chi shiidverleh ued ingej novshirch bgaan? Yamarch hereggui amitan bsan bnshd.

0  |  0
Зочин(43.242.243.152) 2018 оны 11 сарын 26

ЭНХБОЛДЫН ОРОНД ХЭНИЙГ ТАВИХ ЮМ . ТЭГЖ ЯРИВАЛ ЭНЭ ХҮН БАЙХГҮЙ БОЛ МАН БАЙХГҮЙ . ЭНИЙГ ЭСРЭГ ХҮЧИН НЬ САЙН МЭДЭЖ ЦОХИЛТОО ХИЙЖ БАЙНА . ТЭГЭХЭД МАНГАРУУД ЭСРЭГ ТАЛД НЬ ОРЧИХСОН ЮУГААЧ МЭДЭХГҮЙ ЦОХИЖ ЯВНА . АН ЗАСГИЙГ ОЛИГТОЙ АВААД ЯВСАН БОЛ МАН НЭРТЭЙ БҮГД ГАРАХГҮЙ БАЙСАН ЮМ .

0  |  0
zochin(66.181.177.17) 2018 оны 11 сарын 26

ene huuk geh hun zasgaa tseverlej chadahgui baij tur tseverlene gechihjee. ireh songuulid ene nam buleg baiguulah hemjeenii suudal avch chadah bolov uu .ner hundgui nam.

0  |  0
Монгол хүн(59.153.114.52) 2018 оны 11 сарын 26

Энхболд та одоо болоо юум биш үү таньтай таньгүй цаадуул чинь ажилаа хийгээд намаа цэвэрлээд таний гар хөл болсон АТГ ШҮҮХ ПРОКУРОРЫН БАЙГУУЛГЫГ солчихно та зүгээр л байраа тавиад өгчих

0  |  0
mongol huu(139.5.216.28) 2018 оны 11 сарын 26

ichehgui hudal yrih ymaa muu hujaagiin shees

0  |  0
Бат(202.9.42.162) 2018 оны 11 сарын 26

Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

0  |  0
зочин(103.57.94.34) 2018 оны 11 сарын 26

СОНГОГЧИД ӨӨРСДӨӨ СОНГОЛТОО ХИЙЧИХЭЭД ОДОО ҮСЭЭ ЗУЛГААГААД СУУЖ БАЙНА. ЭНХБОЛД БОЛ 30 ЖИЛ ЗӨВХӨН ӨӨРТӨӨ ӨӨРЧЛӨЛТ ГАРГАСАН БОЛОХООС УЛС ӨӨДЛӨӨГҮЙГ ХҮН БҮХЭН МЭДНЭ. ХҮРЭЛСҮХ БОЛ ҮНЭХЭЭР ЧАДАМЖГҮЙ, ҮНЭХЭЭР ЖУЛДАЖ БАЙНА. ХАРИН ЭНЭ ИДЭЭ БЭЭРИЙГ ХАРЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ОЛЗУУРХУУШТАЙ. ИХ ХУРАЛ ТАР, ЗАСАГ ОГЦОР. ТӨРӨӨР ТОГЛОЖ ХАНАСАН БОЛ ЗАЙЛЦГАА. ДАРАА ДАРААГИЙН ТӨРД ЗҮТГЭГЧ НАРТ СУРГАМЖ БОЛОГ.

0  |  0
хн(59.153.112.172) 2018 оны 11 сарын 25

хүн бүхэн л ѳѳр ѳѳрийн ѳнцгѳѳр харж байгаа юм байна миний бодлоор энхболд чнэмээргүй бизд ээ ер нь эрлийзүүд мѳнгѳѳ тѳлѳѳд сэлэнгээс олноороо эрдэнэбатын засагт

0  |  0
иргэн(202.9.43.221) 2018 оны 11 сарын 25

ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИХГҮЙ.АРД ТҮМНИЙ НЭРИЙГ БҮҮ БАРЬ.АРД ТҮМЭН АМАР ТАЙВАНГ ЭРХЭМЛЭНЭ.АЖЛАА ХИЙХГҮЙ УИХ ЫГ БОЙКОТЛООД БГАА ГИШҮҮД ХУУЛЬ ЗӨРЧИЖ БНА.АРД ТҮМНЭЭС СОНГОГДЧИХООД АЛБАН ТУШААЛТАЙ ТЭМЦЭЭД БХ ЮМ.АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ.

0  |  0
bat(103.229.121.244) 2018 оны 11 сарын 25

hyrelsyh battulga elbeg nariin oo tsaas

0  |  0
Zochin(64.119.26.222) 2018 оны 11 сарын 25

HURELSUHIIG ARD TUMEN DEMJIJ BAIGAA SHUU AMJILT HUSIE

0  |  0
Зочин(66.181.160.89) 2018 оны 11 сарын 25

Дээрээсээ л цэвэршиж эхлэх хэрэгтэй ш дээ

0  |  0
Зочин(64.119.25.3) 2018 оны 11 сарын 25

Хүрэлсүх гэж нэг хоосон сүржигнэсэн, ярихаас хийж чаддаггүй новш. Жилийн өмнө ярьж байсанаа жилийн дараа ярьж байдаг хоосон яригч. Зайлаач новш минь

0  |  0
Hoxod(103.26.193.254) 2018 оны 11 сарын 25

Тийм ээ Миеогийн ширэн нүүрийг харж залхалаа. Болохгүй зүйл болгонд холбоотой шиг Энэ ард түмэн, багын найз гээд хүмүүс худлаа яриагүй шиг, өөрөө огцорчихооч, түтгэлзээд л шалгуулчихгүй юу!!. ЕСайд арайл өөр харагдаад байгаа юм даа Ард түмэн ч дэмжиж б-на. У.Хүрэлсүхэд амжилт амжилт!!!

0  |  0
нямка(103.212.119.202) 2018 оны 11 сарын 25

дамбийжаагийн хойт дүр хүрэлсүх, ренчиногийн хойт дүр оюунэрдэнэ гэгч хэнтийн 2 хогийн шаарууд зайлцгаа, монголчуудыг хагаралдуулахаа больцгоо

0  |  0
нямка(103.212.119.202) 2018 оны 11 сарын 25

дамбийжаагийн хойт дүр хүрэлсүх, ренчиногийн хойт дүр оюунэрдэнэ гэгч хэнтийн 2 хогийн шаарууд зайлцгаа, монголчуудыг хагаралдуулахаа больцгоо

0  |  0
иргэн(202.179.24.193) 2018 оны 11 сарын 25

Миеэ Огцороо энэ олон жил Төрд зүтгэсэн нэр зүүж Өндөр Албан тушаалууд ч хашилаа тэглээ гээд Сайн зүйл хийсэн юмгүй болж бүтэхгүй зүйлтэй Нэр холбогдож ирлээ одоо Хангалттай одоо Төрөөс холдож хийсэн Нүгэл гэм байдаг юм бол Шалгуулдаг газар нь Шалгуулж учраа олох хэрэгтэй Жирийн иргэд олон түмэн Өөрт чинь олон жил Итгэл хүлээлгэж Сонгосон боловч даана ч тэднийхээ Итгэл сэтгэлийг алдсан байна

0  |  0
Зочин(66.181.181.231) 2018 оны 11 сарын 25

Маш сайн

0  |  0
зочин(122.201.21.106) 2018 оны 11 сарын 25

Улс төрийн жижиг нам гэж 26 намыг хэлээд байна. МАХН буюу Энхбаярын нам УИХ-д ганц суудалтай боловч Баасанхүү гэж бөөн будилаан. МАХН-аасаа хөөгдөсөн эсэхийг мэдэхгүй. Бусад 25 нам нь сонгуулийн үеэр нэр дэвшинэ. Бусад үед УИХ тар, ЗГ огцор гэхээс өөр юмгүй. УИХ-д суудал горьдсон улсууд. 3 сая хүний тал хувь хүүхэд залуус гээд бодоход 1,5 сая хүнд 28 нам хэрэгтэй юм уу?

0  |  0
Top