Монголчууд бид дэлхий дахинаа туурга тусгаар улсаа тунхагласны ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Өдгөөгөөс 94 жилийн өмнөх эл өдөр монголчууд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Үндсэн хуульт бүгд найрамдах засаглалыг тогтоосон учраас бид бүх нийтээр баярлан тэмдэглэх ёстой баяруудын нэг гарцаагүй мөн.
Үүнээс өмнө бид өдгөө дэлхий дээр тун цөөхөн үлдээд байгаа хэмжээлшгүй эрхт хаант засаглалтай, эгэл ардууд татвар гувчуурын хөлд талхиулж, шашны өмнө бөхөлзсөн улс орон байв. Харин 1924 онд Богд хаан жанч халж, энэ үеэр Ардын засгаас Богд хааны хойд дүрийг тодруулахыг хориглосон түүхэн шийдвэр гаргаснаар бид дэлхийн чанад Бүгд Найрамдах Монгол Улс хэмээн тунхаглан бичсэн түүхтэй. Бид бүхний бахархан нандигнаж явах зүйл бол тусгаар тогтнол, эрх чөлөө. Эх орончдын цусаараа тунхаглаж бидэнд үлдээсэн энэ их хувь заяаг өнөөдөр монголчууд өндрөөс өндөрт өргөж явах учиртай.
Тийм дээ ч Монгол Улсын маршал Х.Чойбалсан “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нартаа үлдээв" хэмээн гэрээслэсэн биз ээ.
Асар их үнэ цэнээр олдсон эрх чөлөө, тусгаар тогтнолоо бид өнөөдөр өндөрт өргөж чадаж байна уу гэвэл алдаа оноо аль аль нь бий. Ямартай ч авьяас билэгт, төгс оюунт залуус маань олон улсын чанад, энэ дэлхийн дээвэрт ч “Монгол Улс” хэмээн тунхаглаж байгаа нь улсынхаа нэр сүрийг өндөрт өргөж, туурга тусгаар улс гэдгээ тунхагласан хэрэг гэж бодно. Тив дэлхийн долоон тэрбум хүнээс шалгарсан хүчтнүүд олимп, дэлхийн дэвжээнд хүч үзэж, бидний цөөхөн монголчууд дэлхийн хүчтнүүдийг сөхрүүлж, олимп, дэлхийн аварга болж, Монгол Улсын Төрийн дууллыг олон улсын тавцанд эгшиглүүлж байгаа нь “Бид тусгаар улс” гэдгээ тунхаглан зарлаж байгаагийн нэгэн бодит жишээ. Найман зууны тэртээ дэлхийн талыг эзэлж явсан Их Монголын үр сад өнөөдөр дэлхийг тэр чигт сөхрүүлсэн олон үйл явдал болж байна.
Дэлхийн долоон ноён оргилыг эзэлж, энэ сансарын дээвэр шүргэн, Монгол Улсынхаа далбааг мандуулсан бүсгүй “Туурга тусгаар Монгол Улсын иргэн” шүү гэдгээ л харуулж байгаа юм. Цэл залуухан дуучид маань дэлхийн суут хоолойтнуудыг сонгодог тайзан дээр тоосондоо орхиж, “Монгол Улсын” хэмээн дэлхий дахинаа зарлуулж байгаа нь бас л тусгаар тогтнолоо тунхагласаар байгаагийн нэгэн жишээ. Тэгэхээр эх орончдын цусаараа гэрээслэн үлдээсэн тэр захиасыг бид мартаагүй байна. Эх орон, ард түмнийхээ төлөө алдаа оноо дүүрэн зүтгэж дууссан Х.Чойбалсан гагцхүү “эрхэмлэж яваарай” гэж хэлсэн. Ардын засгийн сурвалжид бодит үйл явдлаа мөнхөлж үлдээсэн энэ хүний алдаа оноог өнөөдөр дэнслэх гээд яах юм, гагцхүү тэр хүн тусгаар тогтносон Монгол Улсын төлөө амь биеэ зориулж чадсан.
Урлаг спортын алдартнууд маань ийнхүү авьяас билэг хүч чадлаараа Монгол Улсаа дэлхий дахинаа тунхаглан зарлаж байхад утга зохиолын алдартнууд маань ч дэлхийн чанад улсаа дуурсгаж, ард түмэндээ “эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнол” гэсэн үгийн чанад утгыг үеийн үед зарлан тунхагласаар иржээ. Тийм дээ ч Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж найрагч нэгэнтээ,
“Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чөлөөний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би” хэмээн омогшин дуун алдаа биз ээ.
“Тусгаар тогтнол” хэмээх энэхүү алдарт шүлэг XX зууны дунд үед найрагчийн омогшлоос асгарч, өдгөө XXI зууны иргэд, Монгол Улсын ирээдүйг бүтээх залуусын зүрхэнд “эх орон, тусгаар тогтнол” хэмээн асан бадарч байгааг юу гэх вэ. Найрагчийн энэ эх оронч үзэл санаа, түүнээс ассан омогшил нь залуусын зүрхэнд гэрэлтэж байгааг гавьяа гэхгүй бол өөр юуг гавьяа гэх вэ. Үүнийг л эх оронч үзэл санаа гээд байгаа болохоос биш, аль газрын индэр дээрээс “ард түмэн минь, эх орон минь” хэмээн цээжээ дэлдэх хоосон тунхаг биш юм аа. Эх орон тусгаар тогтнолыг хоосон лоозон, хуурай цэцэрхлээр тунхаглаж болдоггүй юм. Хүний зүрх сэтгэлд хүрдэггүй юм, ирээдүй хойчид тусгаар тогтнол, эх оронч үзэл санаа суулгахаасаа илүүтэй дургүйг нь хүргэдэг юм. Худлаа дүр эсгэсэн энэ тунхаг чинь ард иргэдийн дургүйг хүргэж эвийг эвддэг жишээ олон бий. Харин,
“Эзэн сууж жаргасан их заяагаа сүсэглэж
Эх орон талынхаа ирээдүйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн итгэлийн сувд үгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би” хэмээн ард олноо эвийн хойморт цуглуулсан, ирээдүй хойчоо эх орноо түшиж, тусгаар улсын өндөр заяаг өргөн зайд түшиж явахын их бэлгэдэл болдог юм байна.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
hydlaa ylas toriin beesnyydeen byy hamgaal hen gegch gadaad hyn ta bidniig tysgaar togtnoloon delhiin daidad tynhaglaj bna gej heleeteheb?Byzar hydalchiin demiirel halyyn ni hemjeelsgyi hyrchee!!
hydlaa ylas toriin beesnyydeen byy hamgaal hen gegch gadaad hyn ta bidniig tysgaar togtnoloon delhiin daidad tynhaglaj bna gej heleeteheb?Byzar hydalchiin demiirel halyyn ni hemjeelsgyi hyrchee!!
hydlaa ylas toriin beesnyydeen byy hamgaal hen gegch gadaad hyn ta bidniig tysgaar togtnoloon delhiin daidad tynhaglaj bna gej heleeteheb?Byzar hydalchiin demiirel halyyn ni hemjeelsgyi hyrchee!!
hydlaa ylas toriin beesnyydeen byy hamgaal hen gegch gadaad hyn ta bidniig tysgaar togtnoloon delhiin daidad tynhaglaj bna gej heleeteheb?Byzar hydalchiin demiirel halyyn ni hemjeelsgyi hyrchee!!
”Дайдад” гэж ямар монгол үг байдгийг хэлж өгч туслаж болох уу, Ууганбаяр гэгч ээ?