Нөөцийн махны үнийг өнөөдрөөс эхлэн үхэр, хонь, ямааны махны жижиглэн худалдаа тус бүрд 300 төгрөгөөр бууруулах шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан нөөцийи махны борлуулалтад хяналт тавьж ажиллах, санал дүгнэлт өгөх ажлын хэсэг гаргалаа. Ингэснээр үхрийн махыг кг-ыг нь 3000, хонины махыг 2600, ямааны махыг 2000 төгрөгөөр худалдаалах болж байна. Нийслэлийн хүн амын энэ оны хаврын хэрэгцээнд зориулсан 12 мянган тонн махыг 14 үйлдвэрт бэлтгэж энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 9 дүүрэгт 274 цэгээр үхрийн махыг 3500, хонины махыг 3000, ямааны махыг 2400 төгрөгөөр худалдаанд гаргасан юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын махны холбоо, нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй үйлдвэрүүдийн удирдлагуудын хамтарсан хурлаар махны хангамж, үнийн тухай хэлэлцэж, дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн үхрийн махыг 3300, хонины махыг 2900, ямааны махыг 2300 төгрөг болгон кг тутамд 100-200 төгрөгөөр буулгасан юм.
Өнгөрсөн хугацаанд нэгдүгээр сард 1648 тонн, хоёрдугаар сард 973,1 тонн, гуравдугаар сард 1566,2 тонн, дөрөвдүгээр сард 2174,6 тонн, тавдугаар сарын 24-ны өдрийн байдлаар 3446,48 тонн буюу нийт 9808,375 тонн нөөцийн мах борлуулсан нь нийт бэлтгэсэн махны 81,74 хувь болж байгаа аж. Одоо 2137,556 тонн махны нөөц үлдээд байгаагийн дээр нөөцийн мах бэлтгэн нийлүүлдэг махны үйлдвэрүүд илүү мах нөөцөлсөн, долдугаар сар хүртэл нийслэлийн хүн амд хангалттай хүрэлцээтэй тул махны хомсдол үүсэхгүй гэж үзэж байна. Энэ оны дөрөв, тавдугаар сарын махны үнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад дөрөвдүгээр сард 7-9 хувь, тавдугаар сард 18-22 хувиар доогуур байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )