УДБЭТ-т ирэх сард олон баярт үйл явдал тохиох аж. Зургадугаар сард Ж.Вердийн "Аида" дуурийг дахин тоглох бол "Тэнгэрийн ташуур" балетыг анх удаа тавина, дэлхийн шилдэг балетчны нэг Д.Алтанхуяг эх орондоо ирж, "Хунт нуур" балетад гоцолно, олон улсын балетын фестиваль гээд театрын уран бүгээлчид завгүй байх нь. Гэхдээ энэ сарын хамгийн гол үйл явдал нь Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын 85 насны ойд зориулсан хүндэтгэлийн уран бүтээлийн тоглолт хэмээн УДБЭТ-ын захирал, хатагтай Б.Сэргэлэн онцолж байв. Тэрбээр хэлэхдээ "Манай театрын түүхийг бүтээлцсэн бидний хайртай Д.Лувсаншарав багш маань 85 насыг зооглож байна. Тиймээс манай театрт энэ бууралдаа хүндэтгэл үзүүлж, шилдэг дууны түүврээр хүндэтгэлийн тоглолтыг хийнэ. Тоглолт ирэх сарын 11-нд манай театрт болно. Энэ тоглолтод дан манай театрынхан оролцоно. Ард түмний сайн мэддэг, маш сайхан дуунууд, багшийн бичсэн "Хар хорум", "Нүцгэн ноён", "Хан бүргэд" дуурийн хэсгээс дан залуу уран бүтээлчид дуулах юм.Д.Лувсаншарав багш манай театртай 66 жилийг хамт өнгөрүүлсэн гайхалтай хүн. Тиймээс манай театрын зүгээс энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа юм" гэв. Хүндэтгэлийн тоглолтын тасалбар ирэх сарын 1-нээсУДБЭТ-ын кассаар худалдаалж эхэлнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )