Умард Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Ён Хо өнөөдөр Монгол Улсад айлчилж байна. Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан нэг хоногийн хугацаатай албан айлчлал хийж байгаа нь энэ юм. 1948 оны аравдугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож, 1951 онд Элчин сайдын яамдаа нээж байснаас хойш хоёр улсын худалдааны эргэлт 2.1 сая ам.долларт хүрчээ.
Манай улсад айлчилж буй Ри Ён Хо нь 2016 оны тавдугаар сарын 13-нд Гадаад харилцааны сайдаар томилогджээ. Энэ хооронд Өмнөдийн Ерөнхийлөгч, Умард Солонгосын удирдагчдын уулзалт, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп болон Умардын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт зохион байгуулж, цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхгүй, илүү ардчилсан замналаар замнах мессежийг дэлхий дахинд хүргээд буй. Умард Солонгосын гадаад бодлогыг илүү наашлуулсан Ри Ён Хо гэж чухам хэн бэ?
Умард Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Ён Хо нь 1956 онд Пхеньян хотноо төржээ. Түүний аав болох Ри Мён Жэ нь Умард Солонгосын мэдээллийн төв агентлагийн даргаар ажиллаж байсан Ким Ир Синийн ойрын хүрээллийн хүн байжээ. Умардын элитүүд сурдаг Намсаны дээд сургуулийг төгссөн тэрээр Пхеньяны гадаад хэлний дээд сургуулийг дүүргэн, унаган англи хэлтэй болжээ.
Тэрээр 1978 онд Умард Солонгосын гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд дараа жил нь буюу 1979 онд Зимбабвед суух Элчин сайдын яаманд ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон дөрвөн жил ажиллажээ. 1985-1988 онд Шведийн вант улсад суух Элчин сайдын яамны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж хоёр орны диплома харилцааг шинэ шатанд гаргажээ. Шведийн элчин сайдын яамны ажлаа өгсний дараа Олон улсын байгууллагуудын хорооны даргаар томилогдсон нь анхны томоохон томилгоо нь байсан юм.
Дипломатчийн ур чадвар, харилцааны нарийн тактикыг гаргууд эзэмшсэн хүн гэдгийг нь 1990-ээд онд АНУ-тай хийсэн хэд, хэдэн хэлэлцээ баталсан байна. Гадаад харилцааны салбарт түүний гаргасан ур чадварыг Америкийн хэвлэлүүд “чадвартай хэлэлцээрч” гэж нэрлэж байв.
1995 онд АНУ-д суух Ерөнхий консул болсон тэрээр Умард Солонгосын гадаад бодлого, үзэл баримтлалыг АНУ-ын өндөр албан тушаалтнуудад танилцуулах, АНУ-ыг Умард Солонгосын талаар зөв мэдээллээр хангах, харилцааг зөөлрүүлэх талаар хэд, хэдэн удаа уулзалт зохион байгуулж байлаа. АНУ-ын консулын газрын ажлаа өгсний дараа Их Британид суух элчин сайдаар 2003-2007 оны хооронд ажиллаж байсан гэдэг.
Түүнийг Гадаад харилцааны яамны дэд сайдаар 2010 оны есдүгээр сарын 30-ны өдөр томилов. Томилогдоод удаагүй байхдаа 2009 онд эхлүүлсэн Умард Солонгосын талаарх зургаан талт яриа хэлэлцээрт оройлон манлайлах болсон байна. Улмаар 2011 онд болсон зургаан талт яриа хэлэлцээгээр цөмийн зэвсэглэлийг үе шаттайгаар бууруулах бодлогоо танилцуулсан юм. Энэ уулзалтын дараахан Бали аралд Өмнөдийн талтай цөмийн зэвсэглэлээр үл хөөцөлдөх, үе шаттайгаар бууруулах бодлогоо ч мөн танилцуулсан нь хоёр талын харилцаанд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Ри Ён Хо нь 2010 онд төв хорооны байнгын бус гишүүнээр сонгогдсон бөгөөд 13 дахь удаагийн АИХ-ын дэд даргаар ажиллах болсон байна. 2016 оны тавдугаар сарын 9-нд гадаад харилцааны сайдаар томилж, БНАСАУ-ын намын төв хорооны байнгын гишүүнээр сонгосон юм. Тэрээр 2017 оны наймдугаар сараас эхлэн Өмнөд Солонгос, Хятад, ОХУ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, Солонгосын хойгийн энх тайван байдлыг сахин хамгаалах талаар хэд, хэдэн удаа мэдэгдэл гаргав. Улмаар АНУ болон Японтой хоёр талын уулзалт зохион байгуулж, тасалдаад байсан зургаан талт хэлэлцээг сэргээсэн үйл явдал болсон юм. Улмаар 2017 оны наймдугаар сард Умард Солонгос цөмийн зэвсэглэлийн талаар хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн гэдгээ зарласан нь содон тохиолдлын нэг байсан юм.
2018 оны хоёрдугаар сард Пёнчан хотноо болсон өвлийн олимпд хоёр улс нэгдсэн туган дор нээлт болон хаалтын ёслолд оролцуулах шийдвэр гаргахад гол зуучлагч нь тэр байв. Түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч болон Умард Солонгосын удирдагчдын уулзалтыг зохион байгуулахад Ри Ён Хо мөн адил өндөр үүрэг гүйцэтгэсэн юм.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
ХОЙД СОЛОНГОСТ СУУХ ЭЛЧИН САЙД ХУРЦ-Д УЛС ТӨРЧДЫН ТӨМСГИЙГ АТГАЧИХСАН НУУЦ МАТЕРИАЛУУД ИХ БАЙГАА ДАА.ТЭР МАТЕРИАЛЫГ ОЛЖ ИРСЭН ХҮНД ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨН ШАГНАЛТАЙ ГЭВЭЛ ОЛООД ИРЭХ ХҮН БГАА БОЛ УУ.ТЭГВЭЛ Ч МАНАН БУДАА
heldegeer amind olziitei
hoer solongosiig tz-aar holboh n mongoliin geopolitikt ashigtai mongol amerikad doromjluulsanch chimeegui baih n bogdiin heldegeer olziitei