Өнгөрч байгаа энэ долоо хоног улс төрийн үйл явдал арвин байлаа. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардаж, нэр бүхий гишүүд Төрийн ордонд парламентын танхимын үүдэнд суулт хийв. Сөрөг хүчин болох АН-ын бүлэг задрах эрсдэлд хүрлээ. Учир нь, УИХ-ын гишүүн Ж.Батзандан намаасаа хөөгдөж, Л.Болд нар намаасаа гарч байгагаа мэдэгдсэн юм. Түүнчлэн АН-ын IX Их хурал Төрийн ордонд болж, долоон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнээс гадна Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тойрсон асуудал үргэлжилж, ирэх долоо хоногт МАН-ын 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол явуулах үүргийг УИХ-ын дарга өглөө. Ёс зүйн дэд хороог хуралдуулж, зээл авсан хэрэгт нэр холбогдсон гишүүд, сайд нарт хариуцлага тооцох ёстойг ч сануулсан зэрэг өнгөрч байгаа энэ долоо хоногт улс төрийн үйл явдал арвин байлаа. Ингээд энэ долоо хоногт болж өнгөрсөн улс төрийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Ц.ЦОГЗОЛМААГ ЧӨЛӨӨЛЖ, Я.СОДБААТАР ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ ӨГЛӨӨ
Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн даваа гарагт Зам тээврийн хөгжлийн /ЗТХ/ сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-ийн хөнгөлөлттэй зээлд нэр холбогдсон учраас ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн гэдгийг танилцуулав. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын /БСШУС/ сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсныг ЗГХЭГ-ын дарга мэдээлэв.
Тэрбээр "ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгсөн. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажиллаж байгаа Засгийн газраа огцруулах санал гаргасан. Тийм учраас БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлж байна. Сайд Ц.Цогзолмаа Засгийн газар кабинетын зарчмаар ажиллана, Засгийн газрын гишүүн аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална гэснийг зөрчсөн. Дараагийн сайд нарыг томилохдоо сайтар нарийвчлан судлах болно. Засгийн газрын сайд нар дор бүртээ мэдэгдэл гаргаж, асуудалгүй гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд ч мэдэгдэл гаргаж, хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ өгсөн байгаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон бусад сайдуудаа яаралтай томилуулах шаардлага Засгийн газарт үүсч байна" хэмээн онцолсон нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа.
Ж.БАТЗАНДАН НАМААСАА ХӨӨГДӨЖ, Л.БОЛД НАМАА "ГОЛОВ"
АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөж байгаагаа мэдэгдсэн билээ. Харин УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийлээ. Учир нь, Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр /2018.12.03/ хуралдаж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нарыг намынхаа дүрмийг зөрчсөн гэх улс төрийн шийдвэрт хүрч, намын дарга С.Эрдэнэд тогтоол хүргүүлсэн юм. Улмаар АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарын УИХ-д нэр дэвших эрхийг дөрвөн жилээр хязгаарлаж, сахилгын шийтгэл оноосон бол УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөх шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрээ тэд "Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд улс төрийн хариуцлага хүлээлгэх тухай АН-ын Улс төрийн зөвлөл, УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг зөрчиж, Засгийн газрыг дэмжсэн шийдвэр гаргасантай нь холбоотой" гэж тайлбарлалаа. Тэгвэл намаасаа банга хүртэж, Их хуралд нэр дэвших эрхээ хасуулаад буй Л.Болд гишүүн дөнгөж сая "Ардчилсан намын бүлгээс гарна" гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр "АН-аас Засгийн газрыг огцруулах санал гаргаагүй. Тийм саналд би гарын үсэг зураагүй. АН-ын дүрмээр бол өөрийнхөө Засгийн газрын эсрэг санал өгөхийг хориглодог. Хэрвээ Ж.Батзандан, Д.Мурат бид гурав Засгийн газрыг огцруулахаар санал өгсөн бол харин ч буруудах байсан. Би яг одоо АН-ын бүлгээс гарч байгаагаа мэдэгдэж байна. Би өнөөдөр АН-ын бүлгийг тарааж байна. Цаашид АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнд гар бие оролцоно. Харин Ардчилсан намаас гарахгүй. Энэ миний байгуулсан нам. Сонгуульд өрсөлдөх хүртэл намын гишүүн байдаг. Өрсөлдөөд сонгогдсон бол УИХ-ын гишүүн, төрийн хүн болдог" гэв.
ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЁР САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ
Ерөнхийлөгч Х.Баттулга /2018.12.03/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн зарим сайдыг үүрэгт ажлаас нь огцруулах болон үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт тус тус хариу илгээв.
“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-1/198 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.
Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэжээ.
“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Янгугийн Содбаатарыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-1/197 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.
Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэжээ.
НЭР БҮХИЙ АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО
Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн /2018.12.05/ хуралдаанаас дараах шийдвэрийг гаргаж, нэр бүхий агентлагийн дарга нарыг томиллоо. Тодруулбал, Бямбажавын Ганбатыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Б.Ганбат хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллажээ. Мөн Цогтоогийн Ганчимэгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилов. Ц.Ганчимэг багш мэргэжилтэй. МУИС, Удирдлагын академи, “Их засаг” Их сургууль төгссөн. Тэрбээр 2000-2009 онд Ховд аймгийн Хүүхэд, залуучуудын төвийн дарга, 2009-2012 онд аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016 оноос Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргаар ажилласан байна.
УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫГ ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ ӨГӨХГҮЙ БОЛ ТЭМЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭРТ ШИЛЖИНЭ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Л.Болд нар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгтөл чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэж мэдэгдээд байна. Тэд Төрийн ордонд, УИХ-ын чуулганы танхимын үүдэнд суулт хийж, Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байна. Гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-УИХ-ын таван гишүүн суулт эхлүүлж байна. Үндсэн хууль зөрчсөн тухайд УИХ-ын гишүүд бойкот хийх эрхтэй. Бид УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, 26 гишүүн нэгдэж, ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт тавьсан ч хуралдуулаагүй. Дээр нь 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол явуулаагүй. Түүхэндээ анх удаа УИХ-ын дарга өөрөө хуралдаанаа орхин гарсан. Чуулганыг өөрөө бойкотлосон. Тиймээс энэ хүн УИХ-ыг удирдах ёс зүйн чадамжгүй. Үндсэн хууль зөрчсөн. Бид огцортол нь чуулганы хуралдаанд суухгүй. Чуулганы танхимд ч тэмцлээ үргэлжлүүлнэ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Хуульд УИХ-ын даргыг хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ хүлээлгэж өгнө гэж тодорхой заасан байдаг. Хүндэтгэж үзэх шалтгаан нь иргэдийн шаардлага, хүсэлт юм. Аль ч сум, багт очсон хэлээд өгнө. Бид 14 хоног хүлээлээ, харлаа. Энэ хугацаанд тодорхой хэмжээнд төрийн ажил гацлаа. Өнөөдөр хүртэл ирээгүй гишүүдийн картыг хийж, чуулганы хуралдааныг эхлүүлсэн мэдээлэл байна. Энэ бол хуулийн том зөрчил. Энэ зөрчлийг таслан зогсоохыг шаардана. Хуульд заасан үндэслэлээр УИХ-ын даргыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардаж байна. Өнөөдрөөс дараагийн арга хэмжээнд орж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-УИХ-д тааламжаараа оролцдог ганцхан хүн бий. Тэр бол Ерөнхийлөгч. УИХ-ын даргад чуулган болон байнгын хорооны хуралдааныг өөрийнхөө таатай цагт зохион байгуулдаг, тэгээгүй үедээ зугтах эрх байхгүй л дээ. Манай дарга бол өөртөө таалагдсан үедээ хуралдаанаа хийдэг, таалагдаагүй үедээ зугтаад алга болчихдог. Ийм л байгаа. Нийтийн сонсгол болон УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдааныг ард түмний өмнөөс шударга эрх ашгийн үүднээс хийе гэхээр хийлгэдэггүй даргатай болоод удлаа. Тиймээс энэ даргыг огцруулах тэмцлийг УИХ-ын гишүүд эхлүүлсэн. Энэ тэмцлээ МАНАН-гийн эсрэг гэж томьёолж байгаа гэж ойлгож болно.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Бид ганц л зүйлийг хэлж байгаа. Хуулийн байгууллагыг хэвийн үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна. Хуулийн байгууллага улстөрчдийн гар хөлөөр хөдөлдөг баймааргүй байна. Сая болж өнгөрсөн хуралдаанаас харлаа. Хуулийн байгууллага Засгийн газрын асуудал босч ирэхээр гарч ирж, мэдээлэл хийж байна. Тэндээ шалгагдаж байгаа, шүүхээр шийдээгүй, мөрдөн байцаалтын шатанд яваа асуудлыг задалж байна. Ийм нөхцөл байдалд төрийн ажил гацах нь ойлгомжтой. Тиймээс УИХ-ын даргыг огцрохыг шаардаж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн. Энэ үйлдэлдээ улс төрийн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой. Бид УИХ-ын даргыг албан тушаалаасаа буутал чуулганы хуралдаандаа суухгүй. Тэмцлээ үргэлжлүүлэх болно.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 6 )
Энхболд оо, та ажлаа өгчих өө. Таныг суудлаасаа буувал таны үгээр хөдөлдөг АТГ-т салхи савир орж шинэчлэгдэх гээд байна. АТГ шинэчлэгдэж гэмээ нь Эрдэнэтийн 49 хувь, Тавантолгойн нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг, Чингис, Самурай бондтой холбоотой асуудлууд, АСЕМ-аар далимдуулж улсын өчнөөн тэрбум төгрөгийг зохион байгуулалттайгаар завшсан хэрэг, экс Ерөнхий сайдуудын РиоТинтогоос авлига авч тэдэнд таатай шийдвэр гаргасан байж болох олон том хэргүүд шийдэгдэх гээд байна. Таныг төрийн бөглөөс болж МАНАН бүлэглэлээ хаацайлж хамгаалаад байгаа учир тэдэнтэй холбоотой энэ хэргүүд шийдэгдэхгүй
Энхболд дарга улс орны ажлыг хөдөлгөхийн тулд өргөдлөө өгөөд буучихад юу нь болохгүй байгаа юм бэ? УИХ Засгийн газар хоёрын ажил зөвхөн өөрөөс нь болж гацаад байхад гүрийгээд суугаад байх юм. Улс орондоо тэгж л их санаа зовоод байгаа юм бол 10 минутанд өргөдөл бичлээ 20 минутын дараа гишүүд цуглалаа шинэ даргаа сонголоо тэгээд л бүх юм хэвийн үргэлжилнэ. Ингэж л харагдаад байх юм.
Zeb Cain baina. End bold zailaad egeez
AIMAR AIMSHIGTAI TOMILGOO HIIDEG YUM VE IH ZASAG YU YU GENUU :((