Машин тэрэг нь багталцахаа байж нийслэлийнхэн бидний амьдралд замын түгжрэл гэдэг үг бүр байнгын хэрэглээ, хэлц үг болсоор удлаа. Соц нийгмийн үед ингэж их машинтай болно гэж тооцоогүйгээс хийсэн нарийн замуудыг засах, шинэтгэх, өргөжүүлэх тоолонгоор зам хаагдан бөөн түгжрээ үүсч тэр тоолонгоор иргэд бухимдана. Манайхан хэзээнээс чанартай, ганган юманд дуртай хойно. Өөрсдөө хоолгүй хонож байгаад ч хамаагүй булган шуб авч өмсчихөөд автобусанд суугаад явж байгаа монгол эмэгтэйчүүдийг гадныхан гайхдаг шиг унаа тэрэг авахдаа хүртэл болж өгвөл жийп авч унадаг гэхэд нэг их буруудахгүй болов уу. Нэлээн хэдэн жилийн өмнө их хурлын гишүүн эксель унавал онигоо гэж байсан бол одоо энгийн иргэн эксель унавал онигоонд орно гэж боддог болсон бололтой. Уг нь машин тэрэг, гар утас зэрэг чинь гангараа биш хэрэглээ юм шүү дээ. Манай нийслэлд анх хөл тавьсан европын нэг нөхөр нүд нь орой дээрээ гарах шахам гайхжээ. Үйлчилж яваа орчуулагч нь яав ийв хэмээн асуухад өнөөх эр /манайхны ярьдгаар/ "Монголчууд хот дотроо жийп унаж тэнэгтдэг байна ш дээ” гэсэн ухааны юм хэлсэн гэдэг. Манайхан хэзээнээс хөдөө хээр Оросын УАЗ-469 машиныг гүйцэх унаа байхгүй гэцгээдэг. Харин одоо УАЗ-аа халж хот хөдөөгүй "Жийп"-ийг шүтэх болжээ. Монголын хөдөө нутагт "жийп" шиг сайн унаа байхгүй тул аргагүй биз. Өнөөдөр нийслэлд таван алхмын газар "жийп" унаж байгаа хүн олон. Аравхан мянган хүн амтай аймгийн төвд "жийп"-ээр өглөө ажилдаа явж байна гээд бод доо. Өнөөдөр манай улс нефтийн хомсдолд орж эхэллээ. Зуун км-т 20-50 литр шатахуун зарцуулдаг "жийп"-ээр хотын бөглөрөлд түгжигдчихээд зогсож байгааг юу гэж ойлгох билээ. Манайхаас бусад улсуудад тэр тусмаа хотод жийп унах нь улам бүр цөөрч байгаа. Баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаагүй гэдэг ч бензин шатахуун, дизель түлш нь ховордчихоод байгаа өнөө үед манайхан ч бусдын жишгийг дагавал зүгээрсэн.
Б.Эрдэнэ
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )