Сэтгүүлчдэд тун халгаатай нийгэмд бид амьдарч байгаа ажээ. Засаглалын хомсдолд орж буй улс оронд тохиолддог гол эмгэг нь сэтгүүлчдээ барьж аваад шоронд хорьдог, эсвэл үг дуугүй амийг нь хороодог үзэгдлээр хамгийн тод илэрдэг гэнэ. Оросууд ийм зовлон туулж байна. Олон ч сэтгүүлч тэнд бурхны орондоо заларчээ. Путины засаг захиргаа олигархиудынхаа энэ аллагыг бүрэн хянаж, илрүүлж чадахгүй байна. Хэдэн жилийн өмнө Африкаас нэгэн хүний цогцос олж түүнийг нас барсан сэтгүүлч яг мөн гэж тагнуул цагдаагийнхан нь мэлзээд өнгөрсөн. Манайд бас сэтгүүлчидтэй “дайн” зарлах шинжтэй. Олигархижсан засаглал хэр зэрэг амь бөхтэй байгааг харуулж буй хэрэг л дээ. Үүний нэг жишээ гэвэл сэтгүүлч До.Чулуунбаатарыг улс төрийн зорилгоор Ганц худагт хорьсон явдал ажээ. Одоо түүнийг үргэлжүүлэн хорихоор боллоо. Уг нь батлан даалтанд гаргах юм ярьцгааж байлаа, хуулийнхан. “Улаанбатар таймс” сонины хуучин байрыг хувьчилсан шийдвэрийг нь саяхан хүчингүй болгосон. Хуучин хэвлэх үйлдвэр байсан тэр навсгар байрын хувьчлалд тэр хамаатай байж болох ч зөвхөн ганцаараа хамаг асуудлыг шийдэж байгаагүй. Бүлэг бүтэн багаараа ажиллаж байсан байна. Нарийн яривал одоогийн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай ч энэ хувьчлалтай ямар нэг байдлаар холбогдох учиртай гэнэ. Тэрээр менежментийн хувьчлалын багийг бүрдүүлэх, До.Чулуунбаатарын түрүүнд нь ажиллаж байсан Саруулбуян зэрэг хүмүүстэй зүү орох зайгүй найзалж явсан хүний нэг тэр яах аргагүй мөн юм байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ард нь байгаа юу гэсэн асуултаар До.Чулуунбаатарыг мөрдөн байцаагч нь дарамтлаад байх албагүй л байж. Хэрвээ Н.Энхбаяр хэвлэх үйлдвэрийн байрын далд эзэн байсан бол Т.Бадамжунай ил эздийнх нь нэг болж таарах гээд байна. Энэ мэт олон асуудал босч ирлээ. Тэгэхээр ерөөсөө Н.Энхбаяр,Т.Бадамжунай нарыг барьж аваачаад Ганц худагт орж шалгах хэрэгтэй юм биш үү.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )