Дайнд яваад эргэж ирээгүй сурагчдад
Аз жаргалын гүн рүү ирж явсан юм тэд
Амандаа талын ногоо өвсны навч зуусан
Арван долоохон настай хөвгүүд хээр талаар зугаалж
Аялгуулан уншсан Пушкины шүлгэндээ өөрсдөөн уярч
Алтан шаргал үстэй хонгорхон охидод үнэн ариун дурлаж явсан юм
Гэтэл тэднийг ирж явсан замаас нь буцааж дуудсан юм хувь заяа
Үл мэдэгдэм гандсан цэрэг шнель өмсөж
Үеийн охиддоон хайртай ч гэж хэлж чадалгүй
Үүрийн цагаан туяан дундуур хөвгүүд
Үүргэвчээн үүрээд эргэж харалгүйгээр явцгаалаа
Гарч явсан хаалгаараа эргэж орж ирээгүй юм, тэд
Гавьяа алдрын хаалга руу үүрд орж
Сурагч тэд цэрэг, шүхэрч, далайч
Суу алдраа дуурсгасан дайчид болж
Хар тэнгисээс Берлин хүртэл
Хаа сайгүй баатарлаг тулалдаж
Агуу эх орноо хамгаалж амжсан юм
Амиа алдахдаа ч баатар шиг байсан юм
Он жил өнгөрч
Ондоо цаг ирэхэд
Нэг л өдөр тэдний гавьяаг нэхэж
Нэр алдры нь ч мэдэхгүй хойч үе нь
Алдар гавьяаных нь хөшөөг сүлдлэн босгоод
Арван жилийн сургуулийн хашаанд авч ирлээ
Өнөөх л арван долоотой хэвээрээ цэрэг шинельтэйгээ зогсоцгооно
Үеийнх нь охид харин жар шахсан эмгэд болж
Үрчлээтэй гараа чичрүүлсээр цэцэг өргөж
Үрэл нулимсаа бөмбөрүүллээ
Очирбатын Дашбалбар
1955 онд Сүхбаатар аймгийн Наран суманд төржээ. 1984 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. Түүний уран бүтээлийг үнэлж 1988 онд МЗЭ-ийн шагнал, 1996 онд төрийн шагнал хүртсэн. “Оддын аялгуу”, “Жаахан шарга”, “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бие биеэ хайрла, хүмүүс ээ” зэрэг 10 гаруй ном хэвлүүлжээ. Түүний “Талын хөх чоно”, “Дарьганга аялгуу”, “Тэнгэр шиг бай”, “Янжинлхамыг баясгах дуулал” зэрэг шүлгүүд нь олны дунд тархаж, талархал хүртсэн шилдэг бүтээлүүд юм. Монголын авьяаслаг, гал цогтой, үнэнч шударга үгтэй энэ найрагчийн долоо хоног эхэллээ. Наран ургах дорнын цэнхэр хязгаараас төрсөн эрхэм шүлэгчийн найргийн дээжээс хүртэнэ үү!
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )