УТААТАЙ МЭДЭЭ| С.Төмөрбат: Агаарын бохирдол хотын зүүн урагш ШИЛЖИЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13
  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ олон улсын стандартаас 20 дахин их гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. Мөн таваас доош насны хүүхдүүдийн нас баралтын шалтгааны 70 хувь нь  уушигны хатгалгаа, амьсгалын замын өвчлөл гэх судалгаа бий. ZINDAA.MN  сайт салбар бүртээ утааны асуудлыг хөндсөн мэдээ нийтлэлийг бэлтгэж, утааг бууруулах гарц шийдлийг эрэлхийлэхийг зорьж буй.  Энэ хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтэс, Байгаль орчны хяналтын байцаагч С.Төмөрбаттай ярилцлаа.

-Агаарын чанарын хэлтэс байгуулагдаад удаагүй байна. Энэ хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар яриагаа эхэлье?

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтэс Засгийн газрын 43-р тогтоолын дагуу 2018 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан. Нийтдээ 14 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа.

2017-2018 онуудад агаарын чанар сайжруулах бүсэд агаар бохирдуулагч түлш ашигладаг дугуй засвар авто засварын үйлчилгээ эрхэлдэг авто угаалгын газрууд манаач харуулын байр усан халаалтын зууах ашигладаг томоохон аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Нийт давхардсан тоогоор 6210 иргэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтанд, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, дүүрэг хорооны засаг дарга хэсгийн ахлагч нар хамтран оролцсон байгаа.

Агаарын тухай хууль, мөн агаарын чанарыг сайжруулах бүсийн дэглэм түүнд мөрдөх журмын хэрэгжилтийг хангах тухай 6502 ширхэг мэдэгдэх хуудас зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн 1146 албан шаардлага хүргүүлсэн. Зөрчлийн тухай хуулиар нийт 88 сая 140 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна.

-Зөрчил гэдэгт ямар төрлийн зөрчлүүд орж байна вэ? Энэ талаар тодруулахгүй юу?

-Засгийн газрын тогтоолоор ирэх оны тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглосон журам хэрэгжиж эхэлнэ. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд дугуй, хуванцар, хог хаягдал шатаах зэргээр халаалтаа шийдэж байгаа зөрчил ихээр гарч байна.

-Агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд нийслэлийн аль хэсэг орж байна вэ?

-Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс дөрвөн хэсэгт хуваагддаг. Гурав дөрөвдүгээр бүсүүдэд орон сууцны хороолол ордог. Энэ бүсэд түүхий нүүрс түлэх, хог хаягдал шатаах,  төрөл бүрийн зуух ашиглахыг хориглосон байдаг.

Харин нэг болон хоёрдугаар бүс буюу гэр хорооллын бүсэд түүхий нүүрс түлэхийг хориглоогүй. Хамгийн гол нь ТҮЦ, дугуй засвар, авто угаалга гэх мэт газруудад дулаан гаргахын тулд хог хаягдал шатаах, хаягдал дугуй түлэх зэргийг хориглосон байдаг.

-Тэгвэл эдгээр бүсүүдэд ямар түлш хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг юм бэ?

-Эдгээр бүсүүдэд цахилгаан халаагуур, нарны эрчим хүч ашиглах эсвэл сайжруулсан түлш түлэхийг зөвшөөрсөн байдаг.

-Гэр хорооллын айл өрхүүдийн түлж буй түлшинд Агаарын чанарын албанаас хяналт тавих боломжгүй гэсэн  үг үү?

-Тийм. Ер нь бол сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийн үйлдвэрлэж байгаа түлшнүүдэд хяналтаа тавиад явж байгаа. Гол нь үйлдвэрлэл үйлчилгээ  эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд дээрх журам үйлчилж байгаа. Харин айл өрхийн түлшний хувьд хяналт тавих эрхзүйн боломж хараахан байхгүй байна.

-Дулаанаа шийдэх зөвшөөрөгдсөн аргууд хэр оновчтой гэж бодож байна вэ? Сэргээгдэх эрчим хүчийг гэхэд өндөр өртөгтэй гээд  түгээмэл ашиглагддаггүй шүү дээ?

-Хөдөө орон нутагт бол  сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээд сурчихсан байдаг. Харин нийслэл хотын хэмжээнд энэ хэрэглээ төдийлэн бага байна. Иргэдийн амьжиргааны түвшин мөн нөлөөлж байх шиг байна. Тиймээс Улаанбаатар хотын хувьд хамгийн гол баримталж байгаа зүйл нь цахилгаан халаагуур байна. Иймдээ ч шөнийн цахилгааны тарифыг хөнгөлсөн байгаа. Сүүлийн үеийн шинэ цахилгаан халаагуурын шийдлүүд гарч ирж байна. Шөнөдөө цахилгаанаа хуримтлуулж аваад өдөртөө хэрэглэж болох энэ чиглэлд илүү бодлого явж байгаа.

-Нийслэл хотод хамгийн их агаарын бохирдолтой байгаа цэг аль дүүрэгт байна вэ?

-Агаарын чанарын индекс хэмжигч суурин харуулууд тодорхой цэгүүдэд  ажиллаж байгаа. Чанарын мэдээллийг цаг бүрт мэдээлж байдаг. Өнгөрсөн жилийн хувьд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошуу орчим хамгийн их агаарын бохирдолтой байсан бол, энэ жилийн хувьд урагшаа Баянзүрх дүүрэг Бөхийн өргөө орчим, зүүн дөрвөн зам, Баянгол дүүрэг Баруун дөрвөн зам зэрэг байршилд шилжиж байна. Тэгэхээр тухайлсан цэгийг хамгийн их бохирдолтой гэж хэлэх нь хүндрэлтэй болж байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ л стандарт хэмжээнээс давсан агаарын бохирдолтой байна.

-Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэдэн хувийг үйлдвэр үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн зуух яндан гаргадаг юм бол? Тийм тооцоолол бий юу?

-Агаарын бохирдлыг үүсгэдэг нийт дөрвөн хүчин зүйл байгаа. Нийт бохирдлын 80 хувийг гэр хорооллын яндан бий болгодог. Өөрөөр хэлбэл түүхий нүүрсний хэрэглээ байгаа. Мөн гол нөлөөлж байгаа зүйл нь нам даралтын зуух байдаг. Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй байгууллага үйлчилгээний газрууд зуух бариаад галлаж халаалтаа шийддэг. Нэг уурын зууханд гэхэд л гэр хорооллын 100 айлын хэрэглэх хэмжээний нүүрс түлдэг. Тэгэхээр эхний ээлжинд энэ уурын зуухуудыг буулгах чиглэлтэй ажиллаж байна.

-Нийслэлийн хэмжээнд нийт хэдэн уурын зуух байдаг вэ? Өнгөрсөн зургаан сарын хугацаанд эдгээр зуухнуудын тоог цөөлж чадсан уу?

-Нийслэлийн хэмжээнд 188 байгууламжийн 345 уурын зуух байдаг. Нэг байгууламж дотор хоёр гурван ч зуух байх тохиолдол бий. Өнгөрсөн жил 53 зуух, энэ жил 68 халаалтын зуухыг буулгасан байна.

-Цаашдаа нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар арга хэмжээ гарц гаргалгаа байна вэ?

-Засгийн газрын 98-р тогтоол буюу Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр  2025 он хүртэл хэрэгжих энэ ажлуудыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх ажилд Агаарын чанарын хэлтэс өөрийн чиг үүргээ биелүүлж ажиллана.  Энэ хөтөлбөрт тусгагдсан гол ажлуудад халаалтын зуухуудыг буулгах , сайжруулсан түлшний хангамж хүрэлцээг сайжруулж гэр хорооллын айл өрхийг бүрэн хангах, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдэд утаа шүүгч байршуулах гэх мэт ажлууд багтаж байгаа.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
He he (203.91.115.56) 2018 оны 12 сарын 17

Erguu ork stants buruu barisan gj irvaataj bn kkk hezee hun dursendee orno doo chaavaas utaanii esreg tsahilgaan halaaltiig unegui taraaj uvul tulburgui bolgoh heregtei tegvel utaa udurtuu l alga bolno harin ter shugam ni achaalalaa daah daahgui hi yamar bdgiin boldoo

0  |  0
Зочин(64.119.16.77) 2018 оны 12 сарын 14

Амгалангийн дулааны станцыг буруу байрлалд барьсан нь тодорхой. Тэр станцын утаа шууд хотын зүүн хэсгийг бүрхэж байгаа. . Иймэрхүү станц барихад салхины голлох чиглэл йг сайтар судалж байж барих ёстой. Бхс станцын яндангийн өндөр эгээ тэр гээд тооцох зүйлс байдаг. Шүүлтүүри йг нь сайжруулах арга хэмжээ авах ёстой даруй хийгээчээ

0  |  0
Top