Талхыг тасалгааны хэмд хадгалах нь хамгийн тохиромжтой

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 27

Өдөр тутмын хэрэглээ болсон талхаа зөв хадгалж, амт, үнэрийг нь алдагдуулалгүй, аль болох шинээр нь хэрэглэж сурцгаая. Танд дараах зөвлөгөө тус болно гэж найдна. Талх худалдан авахдаа үйлдвэрлэсэн хугацааг нь шалга. Учир нь энэ бүтээгдэхүүн 72 цаг болоод хуучирдаг. Талхыг тасалгааны хэмд хадгалах нь хамгийн тохиромжтой. Хэрвээ танайх талхны савгүй бол шил, паалан, шаазан ёроолтой савыг ашиглаж болно. Багахан хэмжээний элсэн чихэр, эсвэл түүхий төмс, зүсэм алимыг савны ёроолд нь дэвсвэл талх хөгцрөхгүй. Талхны савнаас хуучирч муудсан үнэр гараад байвал нимбэгний хальс, орос цуунд дүрсэн даавуу түр хугацаанд байлга. Талхны сав худалдаж авахдаа модоор хийснийг сонго. Яагаад гэвэл хуванцар сав талхны амтыг алдагдуулдаг. Талхны саванд үлдсэн үйрмэгийг ойр ойрхон цэвэрлэж, хоёр хувийн орос цууны уусмал, соодтой усаар угааж, агаар сайн оруулаарай. Хар, цагаан талхыг хамт хадгалж болохгүй. Яагаад гэвэл цагаан нь харынхаа үнэрийг өөртөө шингээдэг. Цагаан талхыг агаар нэвтрэхүйц цаасан хайрцаг, гялгар уутанд (гэхдээ дорхноо хөгцөрч болзошгүйг анхаар) хадгалж болно. Талхыг хөргөгчинд хадгалж болохгүй. Учир нь талхыг хичнээн сайн боосон ч хөргөгчний эвгүй үнэр түүнд шингэдэг. Харин -18-аас доош хэмтэй хөлдөөгчинд гурван сарын турш хадгалахад талхны  амт чанар өөрчлөгддөггүй. Талхыг удаан хадгалахын тулд зүсээд боох хэрэгтэй. Хөлдөөсөн талхыг хэрэглэхдээ шарах шүүгээнд 10 минут жигнэх буюу тагтай саванд хийн, богино долгионы зууханд халаана. Нарийн боовыг талхтай хамт хадгалж болохгүй. Учир нь нарийн боов зөөлөрч, нялцайн, амтаа алдах ба талх нь хатдаг.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top