“Анод” банкны болон долдугаар сарын нэгний хэргийн ард олигархи эрх баригчид л байгаа, гадныхан гэж юугаа яриад байна аа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 27

Сүүлийн үед тархи угаах гэдэг үг ихээхэн моодонд ороод байна. УИХ-ын гишүүд олон нийттэй харилцахдаа тэдний тархийг зад угаана. Улс төрчийн мөнгөөр хашгирдаг хэвлэл мэдээллийн байгууллагууд бас иргэдийнхээ тархийг гажтал барьж орхино. Худлыг үнэн мэтээр мянгантаа давтахад ард түмэн “туйлын үнэн”-ийг яс махандаа шингэтэл ойлгоно. Ерөнхийдөө нэг иймэрхүү адал сонин амьдрал хөвөрч байна. Америкийн нэгэн судлаач хэлсэн байна лээ. Юу вэ гэхээр “Орчин цагийн олигархижсан нийгмийн улс төрд үнэн юм гэж байхгүй. Заримдаа бүр үнэний үнэр ч үгүй болдог” гэжээ. Магадгүй шүү. Манайхны өнөөгийн байж байгаа нь яг ийм ажээ. Саяхан “Монголын мэдээ” сонин авч өгч байна аа. “Долоодугаар сарын 1, “Анод”-ын хэргийн ард гадны хүн байгаа” гээд бичиж алдаж. Олон ишт санааг үгүйсгэх аргагүй. Хүн ямар ч асуудал хөндөж болно. Гэхдээ бас баримжаа байх учиртай. Долдугаар сарын 1-ний хэргийг дэндүү жижигхэн хүрээнд авч үзэж боломгүй. Үүнийг зэвсэгт мөрдөлдөөний түүхчид, нийгэм, улс төр судлаачид онцолж хэлээд байгаа юм. Адаглаад л долдугаар сарын 1-ний хэрэг бол олон жил хуримтлагдсан нийгмийн бухимдлын тэсрэлт байсан гэдэгтэй маргах “тэнэг” судлаач олдохгүй байна. Мөн улс төрийн эрх баригч намуудын ёс зүйн доройтол дээд цэгтээ тулсны бодит илрэл нь долдугаар сарын 1 байлаа гэдгийг ямар ч “мулгуу” улс төрч ойлгох байх. Түүнчлэн хүмүүсийн бухимдлын илэрхийлэл нь хоромхон зуурт маш нарийн зохион байгуулалтанд шилжин оруулж болдог гэдгийг хүчирхийлэл, мөргөлдөөний түүх хэлээд өгдөг. Ийм үед гадаадын санхүүжилт олж авчраад мөнгөөр хахаж цацаад байх ямар ч боломж байдаггүй. Тэгээд ч долдугаар сарын 1-ний хэрэг урьдаас бэлтгэгдээгүй байсныг тухайн үйл явдлын эхлэл, өрнөл, төгсгөл гурваас харж болох байх. Энд хамгийн анхаарал татсан зүйл нь эрх баригч хүчний дэндүү арчаагүй чанар болов уу. Эрх баригчид харин ч Оросын тусгай албаны хуучин кадруудаас болон хар Пи Ар-чидтай холбоотой байсан нь телевизийн камерийн бичлэгүүдэд үлдсэн байдаг байна. МАН-ын байр шатаж байх үед манай цагдаа, тагнуулынхантай хамт хэд хэдэн орос хүн явж байжээ. Тэгэхээр МАН-ынхан гадны дэмжлэг авсан биз ээ. “Анод”-ын хувьд бол бүр тэс өөр зүйл яригдах байх. Энд банкнаас их хэмжээний зээл авсан олон хүн одоо УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа. Зарим нь бизнесээ хийгээд явж байна. “Монгол газар” компанийн Мянганбаяр алтны орд газруудаа гадаад, дотоодын банкуудад барьцаалан зээл аваад одоо түүнийгээ Засгийн газрын бондоор нөхөн барагдуулахаар томчуудтай сэмхэн тохиролцоод гүйж явна. Худлаа гэвэл Английн “Голдман сакс” банкны Монгол дахь төлөөлөгчдөөс асуугаарай. Тэд монголчууд шиг үгээ булзааруулж хөгийн зан гаргахгүй. Шулуухан юу болсныг нь хэлээд өгнө.  

Сэтгүүлч Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top