Талхны үнэ нэмэгдсэн дуулиан намжаад удаагүй байтал автобус компаниуд дизелийн түлш хомсдсонтой холбоотой үйлчилгээнийхээ үнийг нэмэх болсноо өчигдөр мэдэгдлээ. Бүтэн нугалж нэмэх тухай ч тэд хэлж байгаа юм. Нийслэлийн удирдлагууд бараг зөвшөөрсөн хэмээн сенсаацалж байсан ч нидэр дээрээ тийм биш юм. Хотын даргын зөвлөлийн хурал өчигдөр болж, ерөнхий менежер Ч.Бат нийтийн тээврийн үнийн талаар тайлбар өглөө. Тэрбээр "Үнэ нэмэх тухай санал ирүүлсэн ч бид хүлээж аваагүй. Гэхдээ түлш хязгаарласан учраас автобусны гаралтыг 30 хувиар бууруулсан талаар Нийтийн тээврийн газраас мэдэгдсэн" гэлээ. Бид энэ үеэр Нийслэлийн нийтийн тээврийн газрын орлогч дарга Ч.Энхсайханаас зарит зүйлийг тодруулсан юм.
-Автобусны үнийг нэмнэ гэж яриад байгаа. Үнэхээр нэмэх шаардлагатай юмуу. Танай байгууллага ямар байр суурьтай байна вэ?
-Үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан. Эхний ээлжинд үйлчилгээгээ яаж тасалдуулахгүй байх вэ гэдэгт анхаарч байна. Компаниуд болохоор одоохон үнээ нэмээд 500 төгрөгөөр үйлчилмээр байна гэсэн шаардлага тавиад байгаа. Бид зургадугаар сар гартал хойшлуул гэсэн.
-Автобус саатаад байна. Өглөө ажлаасаа хоцорлоо гэж иргэд хэлж байсан?
-Гаралтын тоог нь багасгасан болохоор саатахаас өөр аргагүй. Дизелийн түлш хязгаарласан учраас үйлчилгээгээ тасалдуулахгүй хэд хоног явахыг бодолгүй яах вэ. Ямар нэгэн байдлаар үйлчилгээгээ тасалдуулахгүй юмсан л гэж хичээж байна. Зам засварын ажил эхэлсэн. Их, дээд, дунд сургууль, цэцэрлэг амарлаа. Иймээс гаралтыг бууруулсан ч нэг их асуудал байхгүй. Гэхдээ иргэдийн зүгээс гомдол санал гаргахыг үгүйсгэхгүй.
-Түлшний хангалтын асуудлаар холбогдох газартай нь ярьсан уу?
-Энэ талаар тодорхой яриа өрнүүлээгүй. Компаниуд өөрсдөө ярьж байгаа байх. Түлшний нөөц хэр байгааг би мэдэхгүй.
Б.Даваасүрэн: Өдөрт 100 автобус гардгаас 80 нь явж байгаа
"Автобус-1” компанийн орлогч дарга Б.Даваасүрэнтэй холбогдож үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулсан юм.
-Танайхаас хэдэн автобус үйлчилгээнд гарахаас хэд нь явж байна вэ?
-Манай компани 11 чиглэлд 100 автобус үйлчилгээнд явуулдаг байснаа 80 болгосон. Түлшний хомсдол ингэхээс өөр аргагүйд хүргээд байна.
-"Автобус-1" компани өдөрт хэдэн литр түлш хэрэглэдэг вэ?
-Янз бүр. Ер нь 7000-9000 литр түлш хэрэглэдэг. Сардаа 250 гаруй тонныг зарцуулна даа. Манай компани "Сод Монгол"-той гэрээтэй. Тиймээс одоохондоо арай түлшээр суучихаагүй байгаа. Гэвч ойрын гурав хоногт эвгүйдэх шинжтэй. Гэрээтэй болохоор "Сод Монгол" манай компанид өгч байгаа. Шатахууны хомсдлоос болж Нийтийн тээврийн газар бодлогоор автобусны гаралтыг цөөрүүлсэн.
П.Дэлгэрнаран: Сард 160 тонн түлш шатааж байна
"Автобус-3" компанийн захирал П.Дэлгэрнарантай холбогдлоо.
-Танайх хэдэн чиглэлд хэчнээн автобус гаргаад байна вэ?
-Манайхаас73 автобус үйлчилгээнд гардаг. Түүнээс өнөөдөр 56 нь явж байна. Бид "Бэлх-Вокзал", "Бэлх-Мишээл", ”Улиастай-Сүхбаатарын талбай", "Хужирбулан-Сүхбаатарын талбай", "III, IV хороолол-Халдварт" зэрэг долоон чиглэлд тоог нь тэнцүүлээд явуулж байгаа. Өдөрт таван тонн дизелийн түлш хэрэглэдэг. Сард 160 гаруй тонныг шатаана даа.
-Автобусны үнэ нэмэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна уу?
-Эрэлт багасахаар хомсдолд ордог учраас бидэнд хүнд байна. Тиймээс бид нэмүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч одоохондоо хүлээж бай гэж удирдах газраас зөвлөсөн.
Хойд хөршөөс хараат шатахууны хэрэглээ ийн монголчуудын хэрэгцээг хязгаарлаж эхэллээ. Шатахууны хэрэглээ хязгаарласныг далимдуулан чоно борооноор гэдэг шиг нийтийн тээврийнхэн үнээ нэмэхээр зэхэж байна. Ард түмний эрх ашиг тэдэнд хамаагүй бололтой. Зөвхөн бизнесийнхэн л ямагт давуу эрх эдэлдэг тогтолцоог халах цаг иржээ. Зах зээл гэдэг дуртай үнээ хэлдэг давилуун зан дорой нэгнийг нь сөхрүүлж дууслаа. Бид хэцүүдлээ, үнээ нэмэхээс өөр аргагүй нь хэмээн сүржигнэж, хямдруулах болохоор хөдөлж өгдөггүй хачин зуршил тогтоод удлаа. Гурил, цахилгааны үнэ хямдруулвал талхны үнийг нэмсэн шигээ буулгаж, шатахууны үнэ буувал дагаад хямдруулж чаддаг билүү.
Шатахууны үнэ нэмэгдэхэд тулбал Эрдэс баялаг, эрчим хүчний яам гэх том газар ямар ч арга хэмжээ авдаггүй. Уул уурхайгаас өөр асуудал хамаагүй мэтээр загнадаг нь харамсалтай.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )