ТОЙМ 2018| Дэлхий дахинаа болсон ОНЦЛОХ НАЙМАН үйл явдал

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 30
  • 2018 онд өрнөсөн онцлох үйл явдлын ТОЙМ-ыг Zindaa.mn багцлан хүргэж байна. "2018 ОНЫ ОНЦЛОХ НАЙМ" тоймыг дэлхий дахины анхаарлыг татсан үйл явдлаар үргэлжлүүлэн хүргэж буйг хүлээн авна уу!


 

 

1. Хоёр хөршид төрийн тэргүүний сонгууль болж, Ши Жиньпин БНХАУ-ыг хязгааргүй хугацаагаар, Владимир Путин ОХУ-ыг дахин зургаан жил удирдах болов 

 

2018 оны гуравдугаар сарын 17-нд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/ Ши Жиньпинийг БНХАУ-ын даргаар хязгааргүй хугацаагаар томилов. Тэрбээр БХАТИХ-ын 2970 бүх гишүүдийн дэмжлэгийг авч, Мао Зэдүнээс хойш хамгийн нөлөө бүхий, хүчирхэг удирдагч болохоо хүлээн зөвшөөрүүлэв. Түүнийг томилогдохоос өмнөхөн буюу гуравдугаар сарын 11-нд БНХАУ-ын Үндэсний Ардын Их Хурал үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар Ши Жиньпин ийнхүү хязгааргүй хугацаагаар Хятад улсыг удирдахаар болов.

64 настай Ши Жиньпин 90 сая гишүүн бүхий Хятадын коммунист намыг мөн тэргүүлэхээс гадна дэлхийд хамгийн олон цэрэг бүхий армийг командлах юм. Ши Жиньпин 2013 онд БНХАУ-ын даргын албан тушаалд сонгогдож, өөрийн байр суурийг бэхжүүлэхийн сацуу Хятад улсыг бүс нутгийн их гүрний хэмжээнд авчирсан юм. Түүний авилгын эсрэг явуулж буй тэмцэл нь нэр хүндийг нь өсгөсөн бөгөөд нөгөө талаас шинжээчид өөрийн улс төрийн өрсөлдөгчдийг зайлуулахад ашиглаж байна хэмээн үздэг билээ.


2018 оны гуравдугаар сарын 18-ний өдөр манай хойд хөрш болох ОХУ-д мөн ерөнхийлөгчийн сонгууль болж, Владимир Путин 76.69 хувийн саналаар ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдов. Түүний төлөө нийт 56.43 сая хүн саналаа өгсөн билээ. Тэрбээр гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг улсынхаа дотоод асуудлыг шийдвэрлэхэд хандуулна хэмээн амлав.

В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр анх 2000 оны гуравдугаар сард сонгогдож, 2004, 2012 онуудад дахин сонгогдож байжээ. 2008 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн санаачилгаар ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон билээ. Ингэснээр В.Путин ОХУ-ыг дахин зургаан жил удирдах юм.

Дараагийн ерөнхийлөгчийн сонгууль 2024 онд болох бөгөөд Үндсэн хуулийн дагуу тэрбээр дахин нэр дэвших эрхгүй юм. Энэхүү эрх нэг сонгууль өнжсөний дараа сэргэх бөгөөд 2030 онд тэрбээр 77 настай байх юм. 

2. АНУ, Хятадын хооронд худалдааны дайн өрнөв  

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн сонгуулийн сурталчилгааны үеэр “Хятад улсын худалдааны салбарт явуулж буй шударга бус үйл ажиллагаа, зохиогчийн эрхийг зөрчиж буй явдлыг шийдвэрлэнэ” хэмээн амалж байсанчлан энэ оны гуравдугаар сарын 22-ний Хятадын нийт 50 орчим тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 1200 төрлийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулснаар тус хоёр улсын хооронд худалдааны дайн дэгдэв. Үүний хариуд Хятадын зүгээс АНУ-аас импортолж буй 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 25-15 хувийн гаалийн татвар ногдуулав.

Хамгийн сүүлд буюу есдүгээр сарын 24-нд Трампын засаг захиргаанаас гаргасан Хятадын 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараанд 10 хувийн татвар ногдуулах тухай шийдвэр хэрэгжиж эхэлсэн бол Хятадын зүгээс хариуд нь Америкийн 60 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 5.2 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд импортын татварыг ногдуулав.

АНУ, Хятад улсын хооронд хурцдаад байсан худалдааны дайны “галыг” 90 хоног түр зогсоох тохиролцоонд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар “Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үер хүрэв. Энэ хугацаанд Трамп ирэх оны 1-нээс төлөвлөж байсан Хятадын 200 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулах импортын тарифыг нэмэгдүүлэхгүй бол Ши Жиньпин тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүн АНУ-аас худалдан авах замаар хоёр улсын хооронд үүсэн худалдааны алдагдлыг бууруулахаар тохирчээ.  Үүний дагуу Хятад улс АНУ-аас худалдааны дайн эхэлснээс хойш анх удаа шар буурцаг худалдан авсан нь үүсээд буй нөхцөл байдлыг зөөлрүүлэхэд томоохон алхам болов. 

3. Хаалттай Хойд Солонгос дэлхий дахины өмнө хаалга нээв

Улиран буй 2018 онд олон жил хаалттай байсан Хойд Солонгос дэлхий дахины өмнө хаалгаа нээж, Солонгосын дайныг албан ёсоор эцэслэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, энх тайван тогтох итгэл, найдвар төрүүлсэн үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө.


БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун анхны гадаад айлчлалаа БНХАУ-аас эхэлж, гурав болон тавдугаар саруудад хоёр ч удаа айлчлал хийв.

Дөрөвдүгээр сарын 27-ний өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар цэрэггүй бүс Панмунжонд уулзсан бөгөөд энэ нь хоёр орны тэргүүн нарын сүүлийн арван жилд хийсэн анхны дээд хэмжээний уулзалт юм. Энэ үеэр хоёр тал Солонгосын хойгийн энх тайван, хөгжил цэцэглэлт, эвлэрэн нэгдэх тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, цөмийн зэвсгээс ангижрах нэгдмэл байр сууриа нотолж, дээд хэмжээний яриа хэлэлцээг эрчимжүүлэхээр тохиролцсон билээ. Хоёр орны тэргүүн нарын хоёр дахь уулзалт 5 дугаар сард мөн Панмунжонд болсон бөгөөд есдүгээр сард Мүн Жэ Ин Пёньян хотноо айлчлал хийв. Эдгээр уулзалт, хэлэлцээрүүдийн дагуу хоёр Солонгос Панмүнжон бүсээс цэргээ гаргах, хяналтын цэгүүдийг татан буулгах, дайнд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг эрэн хайх ажлыг эхлүүлж, хоёр улсыг холбох авто замыг нээх зэрэг бодит ажлуудыг хэрэгжүүлээд байна.


2018 оны түүхэнд бичигдэх үйл явдал нь яахын аргагүй Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын уулзалт байлаа. Дэлхий нийтийн анхаарлыг татсан энэхүү дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурын Сентоза арал дээр болсон юм. АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын анхны уулзалтаар талууд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зэрэг түүхэн тохиролцоонд хүрсэн юм. 

4.  Бид уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох сүүлийн үе ба түүний үр дагаврыг мэдрэх анхны үе


Дэлхийг нэгхэн градус нэмж дулаарахаас урьдчилан сэргийлж чадвал хурдацтайгаар дулаарч буй манай гараг дээрх хүн төрөлхтөн, экосистемийн орших эсэхийг шийднэ хэмээн олон улсын эрдэмтэд сануулж байна. Хүний хүчин зүйлсээс үүдэлтэй дэлхий дулаарлыг зорилтот нэг бус, харин 0.5 градуст барьж чадвал Дэлхий хэмээн гарагийн цаг агаар, эрүүл мэнд, экосистемд ямар эерэг үзүүлэлт гарч болох талаар тэд сануулав. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар болсон байгалийн гамшгийн давтамж энэ онд үлэмж нэмэгдсэн нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн бодит үр нөлөө Дэлхий хэмээх гараг дээр  аль хэдийн ноёрхлоо тогтоон, заналхийлж буйг илтгэв.

Тухайлбал, найм болон есдүгээр сард Индонезид болсон 6.9 болон 7.5 баллын хүчтэй газар хөдлөлтүүдийн улмаас нийт 3100 гаруй хүн амиа алдаж, 300 гаруй мянган хүн орон гэргүй болов. Наймдугаар сард Энэтхэг улсад үер болж, 361 хүн амиа алдсан бол Япон улсад хэд хэдэн удаа дараалан болсон далайн хар шуурга, хөрсний гулгалтын улмаас нийт 220 хүн амиа алдав. Нигерт үерийн улмаас 200 хүн амиа алдсан бол Пакистанд тавдугаар сард үргэлжилсэн хэт халалтын улмаас 180 хүн хорвоог орхив.

5. Хакеруудын халдлага ба мэдээллийн аюулгүй байдал  

 

2018 онд дэлхийд нэр хүнд бүхий олон компаниуд кибер халдлагад өртөж, олон сая үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан ноцтой хэргүүд дэлхий нийтийг цочирдууллаа. Гуравдугаар сард Facebook-ийн 50 сая хэрэглэгчдийн мэдээллийг 2016 онд Дональд Трампын сурталчилгааны кампанид ажиллаж байсан Cambridge Analytica зөвлөх компани ашигласан тухай мэдээлэл шуугиан тарив. Хэдэн хоногийн дараа Facebook компанийг үүсгэн байгуулагч Марк Закерберг энэхүү мэдээлэл үнэн болохыг хүлээн зөвшөөрсөн бол есдүгээр сард тус компани дахин халдлагад өртөж 90 сая хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдав. Дэлхийд алдартай Marriott International зочид буудлын сүлжээ 300 гаруй сая зочдынхоо нэр, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, паспортын дугаар зэрэг хувийн мэдээллийг алдсан бол АНУ-ын спорт бараа үйлдвэрлэгч Under Armour компанийн MyFitness Pal аппликэйшний мэдээллийн сан халдлагад өртөж, 150 сая хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хакерчдын гарт алдав. Hudson’s Bay компанийн эзэмшдэг Saks and Lord & Taylor сүлжээ дэлгүүрүүд таван сая үйлчлүүлэгчдийнхээ зээлийн болон төлбөрийн картны мэдээллийг алдав. 

6. Үнэний эрэлд: сэтгүүлчдийн аюулгүй байдал  

 

2018 он сэтгүүлчдийн хувьд хамгийн халтай жил болов. Энэ онд нийт 80 сэтгүүл ажил үүргээ гүйцэтгэж яваад, амь насаа алдаж, 248 сэтгүүлч хоригдож, 60 сэтгүүлч барьцаанд байна. Саудын Арабын иргэн, Washington Post сонины тойм Жамаль Хашоггийг зэрлэг балмадаар амь насыг хөнөөсөн хэрэг дэлхий нийтийг цочирдуулж, өнөө хэр олны анхаарлын төвд байсаар. Энэ оны аравдугаар сард Истанбул дахь Саудын Арабын консулын газарт алагдсан Хашоггийг “Time“ сэтгүүл “Оны хүн”-ээр нэрлэж, түүхэндээ анх удаа нас барсан хүнийг “Оны хүн”-ээр нөхөн тодруулав. Мьянмарын үндэстний цөөнх рохижачуудын бодит байдлыг сурвалжилсныхаа төлөө Ройтерс агентлагийн хоёр сурвалжлагч Мьянмарын шүүхээс долоон жилийн ял сонсч, зургадугаар сард АНУ-ын Аннаполис хотноо Capital Gazette сэтгүүлийн сурвалжлагчид халдлагад өртөж, таван сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн зэрэг олныг цочирдуулсан гэмт хэрэг гарч, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодит арга хэмжээ авах шаардлагатай болсныг анхааруулав.  

7. Кастрогийн эрин үе төгсөв 

 

Бараг нэг жарны турш Куб улсыг удирдсан Кастрогийн эрин үе төгсөв. Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Кубын Үндэсний ассамблей Төрийн зөвлөлийн ерөнхийлөгчөөр Мигель Диас-Канелийг сонгов. Үүнээс өмнө тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Диас-Канель төрийн тэргүүнд нэр дэвшсэн цорын ганц нэр дэвшигч байсан бөгөөд түүний төлөө Үндэсний ассамблейн 605 депутатын 603 нь саналаа өгчээ.

Куб улсыг сүүлийн 12 жил удирдсан 86 настай Рауль Кастро төрийн тэргүүний албыг эрүүл мэндийн шалтгаанаар орхиж байгаа ч, Кубын коммунист намын дарга хэвээр үлдэх юм. Рауль Кастро нь өөрийн ах Фидель Кастрогийн халааг 2006 онд авсан. Ах дүү Кастро Куб улсыг 1959 оноос хойш удирдаж байсан юм.

М.Диас-Канел 1960 оны дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн, цахилгааны инженер мэргэжилтэй бөгөөд менежментийн магистр зэрэгтэй. 2003 онд Кубын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүнээр элсч, 2009 онд тус улсын Дээд боловсролын сайд, 2013 оны хоёрдугаар сард Төрийн зөвлөлийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байжээ. 

 8. Пёнчаны Өвлийн Олимп, Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн


Хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд БНСУ-ын Пёнчан хотноо хүн төрөлхтний найрамдлын бэлэг тэмдэг болсон спортын их наадам болох Өвлийн XXIII Олимп болов. Нийт 92 улсын 2,914 тамирчид спортын 15 төрөлд 102 багц медалийн төлөө өрсөлдсөн энэ удаагийн Олимпийн их наадмын нээлтийн ажиллагаанд хоёр Солонгосын тамирчид хамт Солонгосын хойгийн зураг бүхий нэг туг далбаан дор алхаж, эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд хоёр улсын нэгдсэн баг тамирчид оролцсон нь онцлог байв. Тус наадамд Эквадор, Эритрей, Косово, Малайз, Нигери, Сингапурын баг тамирчид анх удаа оролцов.

Норвегийн баг тамирчид 14 алт, 14 мөнгө, 11 хүрэл нийт 39 медаль хүртсэнээр медалийн чанар, тоогоор тэргүүлсэн бол эзэн орны баг тамирчид таван алт, найман мөнгө, дөрвөн хүрэл, нийт 17 медаль хүртэж, долдугаар байранд жагсав.


Олимпийн их наадмаас багагүй сонирхол татсан үйл явдал ОХУ-д зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд болж өнгөрөв. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус улсын 11 хотод зохион байгуулагдаж, нийт 32 орны баг өрсөлдсөн юм.

21 дэх удаагийн ДАШТ-нд Францын баг алтан медаль хүртэж, хоёр дахь удаагаа дэлхийн аварга болсон бол хоёрдугаар байрт Хорватын баг оров. ДАШТ-ийг давхардсан тоогоор 3 031 768 хүн очиж үзсэн бөгөөд нийт 169 гоол оруулсан байна. Шилдэг тоглогчоор Хорватын хөлбөмбөгчин Лука Модрич, шилдэг хаалгачаар Бельгийн Тибо Куртуа, шилдэг залуу тоглогчоор Килиан Мбапе нар тус тус тодров.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN



 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.116.177) 2018 оны 12 сарын 28

PIN GEED HORVOO BII BOLSON GEJ NOMLODOG ESUSIIN SHASHIN TATAN BUUGDAV GEJ ZARLAH ON IRNE

0  |  0
Ha ha ha(66.181.166.134) 2018 оны 12 сарын 27

Nairuulga gej avah jm alga arai ch dee!!!!!

0  |  0
Top