Дэлхийн аваргын алтан дугаар 7,5 саяар зарагджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 27

"Амжилтын төлөө хамтдаа", "Түвшин сан" төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулсан сайн үйлсийн төлөө олимп, дэлхийн аваргуудын алтан дугаарыг дуудлага худалдаанд оруулах ёслол болж өнгөрлөө. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын дугаарыг дуудлагаар худалдаж 11 настай Д.Амарбаясгалан хүүг өвчнөөсөө эсэн мэнд ангижирч, дахин амьдрахад нь хандив болгосон юм. Дуудлага худалдаанд Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууганы 99002222 дугаарыг хоёр саяас эхлэн дуудсан юм. Уг дугаарыг нэгэн бизнес эрхэлдэг эмэгтэй 3.5 сая төгрөгөөр худалдан авсан. Харин гавьяат тамирчин Б.Наранбаатарын 99003333 дугаарыг мөн л хоёр саяас эхлүүлж дуудсан. Хэсэг хугацаанд уг дугаарт үнэ хэлэх хүн олдоогүй ч Н.Батболд хэмээх залуу 4.5 саяар авсан. Дараа нь олимпийн аварга Н.Түвшинбаярын дугаарыг таван саяас эхлүүлсэн боловч 50 мянган төгрөг л нэмэгдэн зарагдсан нь олныг гайхшируулж байсан. Дуудлага худалдаанд оролцогчид дэлхийн аварга Х.Цагаанбаатарын дугаарыг хамгийн ихээр сонирхож байгаа нь эхнээсээ л илт байлаа. Ийнхүү таван саяас эхлүүлсэн 99000099 алтан дугаарыг удаан хугацаанд үнэ хаялцсаны эцэст аймгийн арслан Н.Энхтайван 7.5 сая төгрөгөөр өөрийн болгож амжсан. Үүндээ ч тэрбээр нэлээд сэтгэл хангалуун байна лээ. Үүний дараа TLG-13 төрийн бус байгууллагын тэргүүн Н.Тулга нэг сая төгрөгийн хандив өргөж энэ үдэш Д.Амарбаясгалан хүүд 20 сая төгрөг цугласан юм.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top