Намынхаа нөхдөөс заримдаа арай өөр өнгө аястай үг хэлчихдэг Д.Тэрбишдагва нэг үе ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхгүй болох шахаж баларч байлаа. Түүний МАН-д шинэчлэл хийж, үйл ажиллагааг сайжруулъя гэсний төлөө намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нь ийм том “ял” оноож байв. Тэгээд удалгүй У.Хүрэлсүх мулгуу юм хийж, хүний үг хэлэх эрх чөлөөнд халдсанаа ойлгосон уу, яасан, далан таваараа буугаад өгчихсөн “Тэрбишдагва ах аа” гээд бөхөлзөөд гүйж явсан гэнэ лээ. Тэгвэл саяхан УИХ-аар алслагдсан орон нутгийн төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай яригдаж эхлэхэд Д.Тэрбишдагва гишүүн дахиад л “болдоггүй” үгээ хэлээд авчээ. Мань хүн “Зөвхөн төрийн албан хаагчдад мөнгө өгөх нь ялгаварласан хэрэг болно. Хөдөө орон нутагт сайн инженерүүд очиж хувийн хэвшилд нь ажиллавал яах юм. Хөдөө аж ахуйн чиглэлээр сургууль төгссөн мэргэжилтнүүд очвол яахав. Тэднийг хөдөө ажиллуулахын тулд адилхан урамшуулал олгох хэрэгтэй болно биз дээ. Хотод хүн амын ачаалал их байгаа нь хөдөө амьдрал тарчиг байгаагаас болж байна. Тэнд хөгжлийн асуудлыг ярьж шийдэх хэрэгтэй. Дэд бүтцийг нь хөгжүүлье. Хаана ажлын байр байна, тэнд хүн төвлөрнө” гэсэн юм. Түүний энэ үг уг төслийг санаачлаад харайж яваа УИХ-ын 30 гишүүний толгой руу саваагаар гуядаад авах шиг болж байгаа ажээ. Одоо ч хэрэг бишдэх байх даа. Д.Тэрбишдавга намынхаа дарга нараас бас ямар “ял” сонсох бол оо.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээлийн портал
Сэтгэгдэл ( 0 )