Эрхэм зочид, хатагтай, ноёд оо,
Халуун дотноор хүлээн авч байгаад их баярлалаа. Намайг урьсан АНУ-д төгсөгчдийн холбоо(MASA)-ны гишүүд та бүхэнд баярлалаа. Төгсөгчдийн холбооны шинэ жилийн баярт 3 дахь удаагаа оролцож, үг хэлж байгаадаа туйлын баяртай байна. Энэхүү сайхан тохиолоор та бүхэнтэй уулзахад үргэлж таатай байдаг билээ.
2018 оныг эргэн харахад, энэ жил АНУ болон Монгол Улсын харилцааны хувьд онцгой нэгэн жил болж өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, Дэд ерөнхийлөгч Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Помпео нартай ихээхэн ач холбогдол бүхий уулзалтуудыг хийлээ.
Эдгээр уулзалтаар хоёр талын харилцааг шинэ өндөрлөгт хүргэхүйц хэд хэдэн хамтарсан гэрээ, хэлэлцээрүүд хийгдлээ. Үүнд,
Юуны түрүүнд, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаа нь боловсрол, мэргэжлийн солилцоог өргөжүүлж, ялангуяа 2019 оныг АНУ-Монголын Залуучуудын жил болгон зарлаж, залуучуудын манлайлалд онцгой анхаарах замаар иргэд хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлнэ.
Хоёрдугаарт, АНУ-Монголын Эдийн засгийн харилцааны замын зураг нь худалдаа, хөрөнгө оруулалт, хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт, шударга, харилцан ашигтай эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар хоёр орныг улам ойр нягт болгоход тусална.
Гуравдугаарт, Мянганы Сорилтын Корпорацтай байгуулсан шинэ компакт гэрээний дагуу Улаанбаатар хотын цэвэр, эрүүл усан хангамжийн эх үүсвэрийг хөгжүүлэхэд 350 сая ам.долларыг зориулна. Энэ нь зээл биш, ямарваа нэгэн өрийн дарамт болохгүй, буцалтгүй тусламж гэдгийг тэмдэглэх нь чухал юм. Харин тавигдах ганц шаардлага нь төслийн менежмент хариуцлагатай, ил тод, авилгаас ангид байх ёстой. Уг төсөл нь Монгол Улсын төлөө, монголчуудын өөрсдийнх нь боловсруулж, хэрэгжүүлэх төсөл юм.
Үнэнийг хэлэхэд, цэвэр усны хангамжийн асуудал нь эдийн засгийн потенциал болоод нийгмийн эрүүл мэндэд нөлөө үзүүлэх боломжтойг монгол мэргэжилтнүүд олж харж, тодорхойлсон билээ. Монгол Улсын ирээдүйд оруулж буй энэхүү хөрөнгө оруулалт нь АНУ-аас энэ жил Азийн бүс нутагт үзүүлж буй хамгийн том бөгөөд цорын ганц хөгжлийн тусламж болж байгаа нь АНУ-ын засаг захиргаанаас Энэтхэг-Номхон далайн бүсэд баримталж буй стратегийн хувьд Монгол Улс ямар чухал байр суурь эзэлж байгааг харуулж байна.
АНУ нь Номхон далайн бүсийн улс байсаар ирсэн, байх ч болно. Тиймээс энэ стратеги нь энэхүү чухал бүс нутаг, улс орны хувьд бидний баримтлах тууштай бодлогыг дахин бататгаж, мөн өргөжүүлж байгаа юм.
Чөлөөт, шударга худалдаа, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлт, оролцоог хангасан сайн засаглал, хүний эрхийг дэмжих замаар бид том, жижгээс үл хамааран эрх чөлөөтэй, бие даасан, аюулгүй байдлаа хангасан, энх амгалан улс үндэстнүүдийн нэгдлийг харахыг эрмэлзэнэ.
Энэхүү алсын харааны хувьд Монгол Улс ардчилал, нээлттэй зах зээл зэрэг суурь зарчим, үнэт зүйлсээрээ бидэнтэй ижил учраас нэн чухал түнш юм. Нээлттэй байдалд хүрэх зам нь хэдийгээр донсолгоотой ч энх тайван, хөгжил цэцэглэлтэнд хүргэнэ гэдгийг Монгол Улсын түүх бусад хөгжиж буй ардчилсан орнуудад харуулдаг. Мөн итгэж болох анд нөхөр, гуравдагч хөрш дэргэд чинь байгаа шүү гэдгийг харуулж байна.
Эдийн засгийн хөгжил бол бидний нөхөрлөлийн ихээхэн чухал хэсэг билээ. Монгол Улс ард иргэдийнхээ дуу хоолойг төр засагтаа хүргэх талаар зоригтой алхам хийсэн тэр цагаас эхлэн АНУ 600 гаруй сая ам.долларын тусламж дэмжлэгийг үзүүлээд байгаадаа бахархалтай байдаг.
Гэхдээ ганц үүгээр тогтохгүй. Бидний нөхөрлөлийн амин чухал зүйл бол та бүхэн, АНУ-д төгсөгчдийн холбооны гишүүд юм. Та нар хоёр ард түмний хооронд гүүр болж, найз нөхдийн холбоо тогтоож, орон нутагтаа сайн дурын үйлс бүтээж, дараачийн үедээ зааж сургахад цаг зав, хүчин чармайлтаа зориулж байдаг.
Америкийн дипломат ажилтны хувиар би өмнө нь хэзээ ч ийм үнэнч тууштай, чадварлаг, эрч хүчтэй хүмүүсийг харж байгаагүй.
2018 он АНУ-д төгсөгчдийн холбооны хувьд амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Манай Элчин сайдын яам та бүхэнтэй хамтран анх удаа хөдөө орон нутагт байгаа төгсөгчдөд хандсан хөтөлбөр хэрэгжүүлсэндээ баяртай байна.
Аймаг, орон нутгийн залуустай уулзаж, боловсролын боломжуудыг хэрхэн бүрэн дүүрэн ашиглах талаар ярилцлаа. Төгсөгчдийн холбоо болон ЭСЯ-ны хамтарсан багууд ерөнхий боловсролын 35 сургууль, хүүхэд, залуучуудын байгууллагын 750 сурагчтай уулзаж, хэвлэл мэдээллээр дамжуулан хэдэн мянган хүүхдэд мэдээлэл хүргэлээ. Баяр хүргэе, МАSА!
MASA эерэг өөрчлөлтийг авчрах сайн санаа, санаачлагын эх ундарга, жижигхэн боловч хүчирхэг, цаашид улам өсөх ирээдүйтэй хөдөлгөх хүч байсаар ирлээ.
Төрийн Департаментын Төгсөгчидтэй ажиллах инновацийн санд энэ жил Ази-Номхон далайн бүсээс өрсөлдсөн төслийн саналуудын бараг 10 хувь нь энэ өрөөнд байгаа хүмүүсээс ирсэн байна.
Энэ жилийн өрсөлдөөнд шалгарч, ялсан төсөл нь Улаанбаатар хотын ахлах сургуулийн сурагч 180 охинд STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн боловсрол олгоход зориулан шинжлэх ухааны клубууд байгуулж, сургагч багш нарыг бэлдэх юм.
Миний хувьд та нартай хамт тэмдэглэх сүүлчийн шинэ жилийн баяр байж болох энэ өдөр, энэ мөчид урт хугацааны, үр дүнтэй энэхүү харилцаа, хамтын ажиллагаагаараа ихээхэн бахархаж байна. Та бүхнийг амжилтанд хүрэхэд бидний зүгээс өчүүхэн бага ч болов нэмэр болсондоо бахархалтай байна.
Манай хоёр аугаа үндэстний хүчирхэг оюуныг нэгтгэхэд хамтдаа зүтгэж байгаадаа бахархаж байна. Мөн Монголын авьяаслаг шинэ залуу үеийг хөгжүүлж, тэдний урам зоригийг бадраахын төлөө цаашид ч хамтран ажиллана гэдгээрээ бахархаж байна.
2018 онд амжилт бүтээлээр дүүрэн байсанд нь баяр хүргэе. Шинэ жилийн мэнд хүргэе, MASA!
Эх сурвалж: mn.usembassy.gov
Сэтгэгдэл ( 0 )