Уул уурхайн зах зээлд тэргүүлэгч Рио Тинто компани уртын тээвэртээ дэлхийд анх удаагаа машинистгүй галт тэрэг ашиглаж эхэллээ. Хиймэл оюун ухаанд суурилсан, жолоодлогын системийг алсаас хянах боломжтой уг галт тэрэг тээвэрлэлтийн нөхцөл, цаг уурын нөхцөлтэй уялдан жолоодлогоо өөрөө хянадаг аж. Машинистгүй галт тэргийг “АutoHall” төслийн нэгж хөгжүүлсэн байна.
Рио Тинто компани өнгөрсөн долоодугаар сараас эхлэн “АutoHall” төслийн хүрээнд Баруун Австрали дахь төмөр замын сүлжээнд машинистгүй галт тэрэг нэвтрүүлэх ажил эхэлжээ. Нийтдээ энэ төсөлд 940 сая австрали доллар зарцуулсан байна. Эхний ээлжид Баруун Австралид орших төмрийн хүдрийн Пилбара уурхайн тээвэрлэлтэд машинистгүй галт тэрэг үйлчилгээнд нэвтрэх юм. Одоогоор машинистгүй галт тэрэг төсөлд 200 зүтгүүр холбогдож, 1700 гаруй км төмөр замын сүлжээгээр 16 уурхайд тээвэрлэлт явуулах юм байна. Цаашид тус компани Австрали дахь бүх уурхайн тээврийг ийм технологид шилжүүлэхээр зорьж буй аж.
”Цаг хугацаа хэмнэсэн, аюулгүй тээвэрлэлтийг төмөр замд шинэ тутам нэвтрүүлсэн AutoHall компанийнханд талархаж байна. Мэдээж хэрэг энэ төсөл хэрэгжүүлэхэд амаргүй байх нь ойлгомжтой. Гэхдээ бид энэ төслийг 2019 ондоо багтааж улам шинэчлэх болно“ гэж Рио Тинто компанийн Төмрийн хүдрийн салбарын төмөр зам, далайн тээвэр хариуцсан захирал Иван Велла ярьжээ.
Машинистгүй галт тэрэгний тээвэрлэлт, үйлчилгээнд нэгдсэн удирдлагын төв хяналт тавих юм байна. Үйлчилгээний хяналтыг тусгай программ хангамж, хяналтын камерын тусламжтайгаар тавих ажээ. Одоогоор нэгдсэн удирдлагын төвд хэчнээн хүн ажиллаж байгаа нь тодорхойгүй байна.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )